Эх дэлхийгээ шинэчилье: Тогтвортой хөгжлийн зорилт ба залуучуудын манлайлал

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганы үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн залуучуудад хандаж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Эрхэмсэг хатагтай ноёд оо,

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Цог золбоот залуучууд аа,  

 

Та бүхэнд энэ өглөөний мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өнөөдөр бид нэгэн чухал асуудлыг хэлэлцэхээр энэ танхимд хуран цуглаад байна. Энэ бол тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо, манлайллыг хангах тухай асуудал юм аа.

Дэлхийн улс орнууд хөгжил дэвшлийн төлөөх хүчин чармайлтаа нэгтгэн Тогтвортой хөгжлийн зорилтыг батлан хэрэгжүүлж байна. Энэ зорилтын гадна нэг ч улс орон, улс орны дотоодод нэг ч хүн үлдэх ёсгүй билээ. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад залуучуудын оролцоо, манлайллыг хангаж, улс орны болон залуучуудын өөрсдийнх нь өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар та бүхний санаа бодлыг сонсож, арга зам, гарц олж, ажил хэрэг болгох зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа юм аа.

Монгол Улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласнаас хойш 100 шахам жил  хөгжил дэвшлийн төлөө алдаатай оноотой, амжилттай бүтээлтэй, өгсөж уруудсан зам мөрөөр өнөөдрийг хүртэл явж ирлээ. Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, эх орны бүтээн байгуулалтын он жилүүд, соён гэгээрлийн их үйлс, ардчилал шинэчлэлийн давалгаа зэрэг томоохон түүхэн үйл хэргийн манлайд манай залуучууд явсан түүхтэй. Энэ түүх бүдгэрэх ёсгүй. Залуучууд маань шинэ нийгэм, шинэ зорилтод тэмүүлж, өмнөө тулгарч буй бэрхшээл хүндрэлийг өөрсдийн хүчин чармайлт, хичээл зүтгэлээр даван туулах чадамжтай. Төрөөс тэдэнд гагцхүү хүсэл эрмэлзэл, идэвх санаачилгаа хэрэгжүүлэхэд нь туслан дэмжих үүрэгтэй. Манай залуучууд хэзээ ч халамж хүсэгч, бусдын хайр хишгийг горьдогч байгаагүй, байх ч ёсгүй. Ардын засгийн тулгар төрийг бэхжүүлэх, аж үйлдвэрийн суурийг тавьж хөгжүүлэх, атар газар эзэмших, ард олноо нийтээр нь бичиг үсэгтэн болгож, эрүүлжүүлэх, шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилтыг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг хөгжлийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд тухайн үеийн залуучууд л манлайлж байсан. Ийм бүтээлч, шинэчлэгч, хөдөлмөрч үеийнхний үр удам болсон өнөөгийн залуучууд үүнээс илүү ихийг бүтээж чадна гэдэгт эргэлзэх хүн гарахгүй биз ээ. Гагцхүү бид асуудлаа оновчтой эрэмбэлж, хүч нөөцөө зохистой хуваарилж, зохион байгуулалт, арга барил олох нь чухал байна.

Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан авч үзвэл өнөөдөр залуучуудын өмнө тулгамдаж буй хэд хэдэн  асуудал байна.

Нэгд, залуучуудын дунд ядуурал, ажилгүйдэл их байна. ҮСХ-ны судалгаагаар 2016 оны байдлаар нийт өрхийн 29.6 хувь нь, үүний дотор 30-аас доош насны тэргүүнтэй өрхийн 27,0 хувь нь, 30-39 насны тэргүүнтэй өрхийн 36,2 хувь нь ядуу байна. Ядуурлын үндсэн шалтгаан нь ажилгүйдэл болж байна. Залуучуудын ажилгүйдлийн түвшин хүн амын ажилгүйдлийн түвшингээс 50 шахам хувиар өндөр байгаа нь үүний илрэл юм.

Залуучуудад хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэхээс гадна хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих чиглэлээр хэд хэдэн хөтөлбөрийг гадаад дотоодын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлснээр зохих үр дүн гарч байгаа ч асуудлын цар хүрээтэй харьцуулах юм бол хангалттай биш юм. Тиймээс залуучуудын эрч хүч, хүсэл эрмэлзэл, санал санаачилгыг улс орны өмнө тулгамдаж буй томоохон асуудлууд руу чиглүүлж, эдийн засаг, нийгмийн асуудлыг олон талаас нь цогцоор нь шийдвэрлэхэд чиглэсэн өргөн цар хүрээтэй бодлого шаардлагатай гэж үзэж байна. Залуучуудын мэдлэг чадварыг ашиглах, тэдний хүчин чармайлт, идэвхтэй оролцоог хангах зайлшгүй шаардлагатай олон салбар байна. Тухайлбал, манай улсын эдийн засгийн голлох салбар болсон мал аж ахуй байна. Залуу малчдын тоо жилээс жилд буурч, хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн эрчимжсэнээр орчин үеийн хотжилтийн сөрөг үр дагаварт бид өртсөөр байна. Тэгвэл залуучуудад нутаг орондоо уламжлалт аж ахуйгаа хоршоо, нөхөрлөл, төрийн өмчийн оролцоотой аж ахуй зэрэг шинэ зохион байгуулалт, арга технологиор эрхлэх боломж олговол залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад томоохон түлхэц болохоор байна. Түүнчлэн мал аж ахуйн байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмхий эмзэг байдлыг бууруулах үүднээс малын тэжээл тариалах, хадлан бордоо бэлтгэх, малын гаралтай түүхий эд, ашиг шимийг боловсруулж бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг үйлдвэрлэл үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд залуучуудын хүчийг төвлөрүүлэх явдал чухал байна. Иймд хөдөө аж ахуйд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас хөдөө аж ахуйд оруулах хөрөнгө, нөөцийг нэмэгдүүлэх замаар хөдөөгийн ядуурлыг бууруулахад бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх болно.  

Уул уурхай, барилгын салбар манай эдийн засагт томоохон байр суурь эзэлж байна. Улирлын чанартай, ажиллагчдад тавигдах мэргэжил, мэргэшлийн шаардлага өндөр зэргээс шалтгаалан тэнд цөөн хүн ажиллахын зэрэгцээ гадаадаас мэргэжилтэй ажилтан авах хэрэгцээ их байна. Цалин хөлсний түвшин харьцангуй өндөр энэ салбарт гадаадын мэргэжилтэй ажилчдыг монгол ажилчдаар солихын тулд залуу мэргэжилтнүүдийг өндөр хөгжилтэй орнуудад дадлагажуулах, мэргэшүүлэх сургалтад хамруулах зэрэг арга хэмжээ авч 2020 он гэхэд гадаадаас авч байгаа мэргэжилтэй ажилтны тоог 2 дахин бууруулах болно.

Манай иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд өрхийн аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхлэлт зонхилох байр суурь эзэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн энэ хэлбэр давамгайлж байгаа хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ, тээвэр, худалдаа зэрэг салбарт ажиллагчдын ажлын байрыг хамгаалах зорилгоор бичил, жижиг аж ахуй, эрхлэгчдийн санхүү, зээлийн хөнгөлөлт, урамшууллыг нэмэгдүүлэх, ялангуяа татвар, даатгалын хөнгөлөлтөд хамруулах, зээлийн нөхцөлийг сайжруулах, хугацааг уртасгах зэрэг дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэх, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдэд тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, аж ахуй эрхлэх ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг дэмжлэг туслалцааг үргэлжлүүлэн олгох бөгөөд эдгээр арга хэмжээ нь залуучуудад нээлттэй байх болно.  

Цөлжилт, орчны бохирдолтой тэмцэх, байгаль орчны доройтлыг нөхөн сэргээх зэрэг олон асуудалд залуучуудыг уриалан дуудаж, зохион байгуулалттайгаар ажиллуулах боломж бололцоо ч байна. 

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр засгийн газраас зарим арга хэмжээ авч эхлээд байна. Ирэх оны эхнээс залуу эмэгтэйчүүд үр шимийг нь хүртэх хэд хэдэн хууль хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал, 3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр, өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах болно. Эхчүүд нийгмийн даатгалд  даатгуулсан хэлбэрээс үл хамааран жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ижил хувиар тооцуулж, 3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа бол тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлээ ажил олгогч, нийгмийн даатгал, төрийн дэмжлэгтэйгээр тасралтгүй төлөх болно. Амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүд сар бүр хүүхдийн мөнгөө авахын зэрэгцээ орлого багатай өрхөд олгох хүнсний эрхийн бичигт олон хүүхэдтэй өрхийн дийлэнх нь хамрагдах боломжтой байна. Нийгмийн халамжийг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээтэй зохистой хослуулах арга хэмжээнд залуу гэр бүлүүд түлхүү хамрагдах боломжтой. Залуучууд, залуу гэр бүлийн амьжиргаанд дам нөлөөтэй ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бусад бүлэгт хамаарах нийгмийн хамгааллын арга хэмжээг би энд дурдсангүй.

Засгийн газар ойрын үед иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг боловсруулан батлахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хөтөлбөрт бүх салбарын оролцоог хангаж бололцоотой бүх арга хэмжээг нэгтгэн тусгах болно.

 Хоёрт, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах нь  залуучуудын хөгжил дэвшилд чухал нөлөөтэй юм аа. Монгол Улс иргэн бүртээ боловсрол эзэмшүүлэх талаар ихээхэн амжилтанд хүрсэн орон билээ. Бүх нийтээрээ бичиг үсэгтэй болж, бүх хүүхдийг 9 дүгээр ангийн боловсрол эзэмшүүлэх зорилт бүрэн хэрэгжиж, дээд боловсрол олгох болон мэргэжилтэй ажилчин бэлтгэх тогтолцоо бүрэлдэн хөгжиж байна. Гэвч сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар хангалтгүйгээс хүүхэд, залуучуудын дараагийн шатны боловсрол, мэргэжилд нөлөөлж байна. Боловсролын үйлчилгээ хот хөдөөгөөр, хотын төвийн болон захын хорооллоор ялгаатай байгааг засч, залруулахыг зорьж байна. Саяхан батлагдсан Монгол Улсын 2018 оны төсөвт 90 цэцэрлэг, 59 сургууль барих хөрөнгийг тусгасан. Үүгээрээ ирэх оны төсөв сүүлийн 30 шахам жилийн түүхэнд хамгийн сайн нийгмийн баримжаатай төсөв болж байна. Цэцэрлэг, сургуулиудыг шинээр барьж байгуулснаар гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгож, анги бүлгийн ачаалал багасч сургалтын чанар сайжирна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургалтын агуулга, сурах бичгийн чанар, багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг үе шаттай шийдвэрлэж, эмзэг бүлгийн хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэх болно.  

Их дээд сургуулиуд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын хүний нөөц, эрдэм шинжилгээ, судалгааны болон сургалтын материаллаг бааз, тоног төхөөрөмжийг орчин үеийн үйлдвэрлэл үйлчилгээний технологид нийцүүлэн шинэчлэх, хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудтай хамтран хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн болон мэргэжилтэй ажилчин бэлтгэх бодлогыг хэрэгжүүлнэ. Суралцагчдын шинжлэх ухаан, онолын мэдлэгийг сайжруулахын зэрэгцээ эзэмшсэн мэдлэгээ ажил амьдралдаа ашиглах дадал чадварт сургахад анхаарна. Энэ зорилгоор залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлнэ.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын сурч боловсрох, мэргэжил эзэмших эрхийг хангах, хүүхдүүдэд ерөнхий боловсролын сургуульд сурч байх үеэс нь мэргэжлийн баримжаа олгох чиглэлээр эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, цаашид улам боловсронгуй болгоно.   

Цаашид хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, чадварлаг мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх тогтолцоог төлөвшүүлж залуу хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломж бололцоо олгоход төрийн бодлого чиглэгдэх болно. Харин залуучууд маань сурч эзэмшсэн ажил мэргэжилдээ улам бүр шамдаж, техник технолгийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхаж, хийж бүтээх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн ажиллаж байж зохистой хөдөлмөрийн шаардлагад бүрэн нийцэх болно гэдгийг цаг ямагт санаж явах нь чухал байна аа.

            Гуравт, хөгжлийн үр шимийг эрэгтэй, эмэгтэй хүн бүр ижил тэгш хүртэх боломж нөхцлийг бүрдүүлэх нь залуучуудын хөгжлийн үндсэн зарчмуудын нэг юм аа.

            Монгол Улсын Засгийн газраас 2002 онд Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг, 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийг батлан, 2017 оноос “Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн баталж хэрэгжүүлж байна.

            Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль эрх зүйн орчин сайжирч, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд багагүй ахиц дэвшил гарч байгаа хэдий ч анхаарах асуудал цөөнгүй байна. Тухайлбал, ажил олгогчид нөхөн үржихүйн насны залуу эмэгтэйчүүд болон бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ажилд авах сонирхолгүй байх явдал түгээмэл байна. ҮСХ-ноос гаргасан мэдээллээр аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалинг хүйсээр авч үзвэл 2015 онд эмэгтэйчүүдийнх эрэгтэйчүүдийнхээс 12.5 хувиар доогуур байна. Энэ нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн уламжлалт хуваарь, нийгэм, гэр бүлд гүйцэтгэх үүрэг, хариуцлагын хэвшмэл ойлголт өөрчлөгдөөгүй байгаагийн илрэл юм.

            Сүүлийн жилүүдэд хөвгүүдийн сургууль завсардалт буурч, их дээд сургуульд суралцагчдын дотор эрэгтэйчүүдийн эзлэх хувь өсөх нааштай хандлага ажиглагдаж байгаа ч жендэрийн тэгш байдлын талаарх ойлголт, хандлагыг төлөвшүүлэх ажил, нийт хүн амд чиглэсэн гэр бүлийн боловсрол олгох сургалт хангалтгүй байгаагаас  нийгмийн болон гэр бүлийн хүчирхийлэл дорвитой буурахгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан хэрэгжиж эхлээд байна. Ийм төрлийн үйлдлийг хуулийн үйлчлэл, төрийн хүчээр таслан зогсооход хөрөнгө хүч, цаг хугацаа ихээхэн шаардагдах нь ойлгомжтой. Харин залуу хүн бүр хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, үе тэнгийн найз нөхдөө дорд үзэх, дээрэнгүй үг хэллэг, үйлдэл хэрэглэхээс зайлсхийж, өөртэйгөө тэмцэж чадвал хүчирхийллийг бууруулах, улмаар арилгахад илүү хялбар байх болно.  

Бүх нийтийн жендэрийн боловсролыг дээшлүүлэн, жендэрийн талаарх хэвшмэл ойлголтыг халах чиглэлээр гол түншлэгчид болох боловсролын, хэвлэл мэдээллийн, иргэний нийгмийн, олон улсын байгууллагууд дор бүрнээ явцуу хүрээнд, хязгаарлагдмал нөөцөөр ажиллаж байгааг өөрчилж, өргөн хүрээтэй нэгдмэл үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна.

            Тиймээс бүх салбарын бодлого, үйл ажиллагаа, төлөвлөлтөд жендэрийн тэгш байдлын өнцгөөс хандах (жендэрийн линзийг ашиглах) арга зүйг нэвтрүүлэх, эрэгтэй, эмэгтэйчүүдийн гэр бүл, нийгэмд гүйцэтгэх үүрэг оролцооны талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөх, эдийн засаг, хөдөлмөрийн хүрээнд оршиж буй жендэрээс улбаатай ялгаварлал, гадуурхлыг арилгах зорилгоор хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах талаар тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх болно.

Дөрөвт, байгаль орчны бохирдол, саарал эдийн засаг, зохисгүй хэрэглээ  залуучуудын өмнө тулгамдсан асуудал болж байна.   

Байгалийн гамшиг, цөлжилт, цэвэр усны хомсдол, байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтэд тохиож буй аюул занал манай улсыг тойрсонгүй ээ. Уул уурхайн салбарын хөгжил эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлж байгаа хэдий ч байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд үзүүлэх сөрөг нөлөө, үр дагавар нь буурахгүй байна. Түүнчлэн нийслэлд түүхий нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, үйлдвэрлэл, ахуйн хэрэглээнээс гарч байгаа хог хаягдал орчин тойрныг бохирдуулан, хүний эрүүл орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх боллоо.

Байгаль орчинд халтай үйлдвэрлэл, хэрэглээнээс татгалзах, орчноо цэвэр цэмцгэр байлгах, байгаль орчиныг хайрлан хамгаалах соёл төлөвшүүлэхэд  залуучуудын оролцоо, манлайлал чухал байна. Машины хуучин дугуй, хуванцар сав, нийлэг уут, баглаа боодол зэргийг байгальд ил задгай хаяхгүй байх, ус, эрчим хүч, түлшийг аль болох хэмнэлттэй зарцуулах, нийтийн тээврээр үйлчлүүлэх зэрэг жижиг юм шиг мөртлөө томоохон санал санаачилгыг залуучууд та нар л түүчээлж, хэрэгжүүлж чадна.

Нийслэл хотын хүн амын өсөлт, хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөний нөлөөгөөр өргөжин тэлсэн гэр хорооллын цэвэр бохир ус, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх талаар залуучууд та бүхнээс гарсан санал санаачилгыг ажил хэрэг болгох талаар хамтран ажиллахад Засгийн газар бэлэн байна.   

Байгалийн нөөцийг зүй зохистой ашиглаж, хувь хүний болон бусад хүчин зүйлээс улбаатай сөрөг нөлөөллийг багасгасан байгаль орчинд ээлтэй бодлогыг хэрэгжүүлж, ногоон хөгжлийг, ногоон эдийн засгийг бий болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулахыг залуучууддаа уриалж байна.

 Тавд. Орон сууц залуучуудын өмнө хамгийн тулгамдсан асуудлын нэг болж байна.   

Монгол Улсын хүн амын 68,3 хувь нь хот суурин газарт, үүнээс зөвхөн Улаанбаатар хотод 46,2 хувь нь амьдарч байна. Хотжих үйл явц эрчимжих хирээр  залуучуудын өмнө тулгамдсан олон асуудал бий болж, тэдгээрийг өөрсдийнх нь  оролцоотойгоор шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Үүний нэг нь орон сууцны асуудал юм.  

Улаанбаатар хотын нийт өрхийн 36 орчим хувь нь орон сууцанд, бусад нь гэр болон бусад төрлийн сууцанд амьдарч байна. Шинээр гэрлэгсэд болон залуу гэр бүлийн дийлэнх нь орон байрны асуудлаа шийдвэрлэж чадаагүй, шийдвэрлэх санхүүгийн боломж бололцоогүй байдаг учраас айлын байр, сууц хөлслөх, эцэх эх, ах дүү, хамаатан садантайгаа нэг дор хамт амьдрах  асуудлаа шийдвэрлэж байна. Гэвч энэ нь гэр бүлийн тав тухтай орчин болж чадахгүй байгаа учир үр хүүхдийн хүмүүжил, хосуудын хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлж байна. Гэр бүл салалтын шалтгаанд орон байрын асуудал томоохон хувь эзэлж байгааг зарим судалгааны дүн харуулж байна. Тиймээс залуучуудын орон сууцны асуудлыг өөрсдийнх нь оролцоотойгоор шийдвэрлэхэд чиглэсэн бодлого зүй ёсоор үгүйлэгдэж байна. Энэ зорилгоор орон сууцны зээлийн хүүг бууруулах,  урьдчилгаа төлбөрийг багасгах буюу тэглэх, орон сууцаа түрээсийн хэлбэрээр эзэмшиж дараа нь өмчлөх боломж олгох, сууцны бусад төрөлд зээл олгох зэрэг олон хувилбарыг судлан шийдвэрлэх болно. Орон сууцны зээлийг хөдөө орон нутагт хүртээмжтэй болгох нь хот руу чиглэсэн нүүдлийг сааруулах, орон нутагтаа тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд тустай гэж үзэж байна.

Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд залуучуудын манлайлал, төр-иргэний нийгэм-хувийн хэвшлийн түншлэлийг хангах нь чухал байна.

Хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй гэсэн Тогтвортой хөгжлийн зорилтын уриан дор он залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг 2030 он гэхэд зохистой шийдвэрлэж, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй хэрэгжүүлэх боломжтой юм. Энэхүү үйл хэргийг манлайлан удирдах гол хүч нь залуучууд өөрсдөө байх болно. Монгол Улсын Засгийн газар залуучуудын асуудалд онцгой анхаарал хандуулж, бүрэлдэхүүндээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлагыг байгуулан ажиллуулж байгаа билээ. Залуучуудын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад залуучуудын хүчийг нэгтгэн манлайлах ажлыг гардан зохион байгуулах нь энэ байгууллагын үүрэг болно. Үүний зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, залуучуудын асуудлыг шийдвэрлэхэд хувийн хэвшил-иргэний нийгмийн оролцоог хангаж тэдний түншлэлийг бэхжүүлэх замаар хөрөнгө нөөцийг бүрдүүлэх, үндэсний чадавхи бэхжүүлэх, менежментийг сайжруулахад Засгийн газар дэмжлэг үзүүлэх болно.  

Аз жаргалтай амьдрал, сайн сайхан ирээдүйг өөрсдөө бүтээхийн төлөө санал санаачилгаа нэгтгэн бүтээлчээр ажиллахыг залуучууддаа уриалж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа

Дээш