Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Эмэгтэйчүүдтэй харьцуулбал, зам тээврийн ослоор нас барсан хүний тоо 2.8 дахин их байна. Эрэгтэйчүүдэд маань анхаарал болгоомж хэзээ ч илүүдэхгүй. Амссан бол жолоо барих тухай бодохын ч хэрэггүй. Энэ статистик дахиж өсөх ёсгүй.

Эмэгтэйчүүдтэй харьцуулбал, эрэгтэй хүмүүсийн амиа хорлолт 5.8 дахин их байна. Аавуудынхаа, ах дүү нарынхаа, эрчүүдийнхээ сэтгэлийг анхаарч сонсоорой гэсэн дохио биш гэж үү. “Чулуу шиг хатуу ч уяхан сэтгэлтэй” гээд дуулдаг даа. Эр хүн уйлдаггүй гээд дотогшоо залгисан нулимс энэ таагүй үзүүлэлтийн шалтгаан юм биш биз.

Мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж, бухимдлаа зөв аргаар тайлж байх ухаанд эрчүүд минь суралцах хэрэгтэй. Энэ нь архи уухын шалтгаан болж болохгүй. Эрчүүдийнхээ өвдсөн бие, эрхтнийг оношилж эмчлэхдээ ч, хөндүүрлэсэн бодол, сэтгэлийг нь илааршуулахдаа ч бид цаг алдаад байгаа юм биш биз?

Эмэгтэй хүмүүстэй харьцуулбал, эрэгтэйчүүдийн бусдад хорлогдсон тохиолдол 4.1 дахин их байна. Осол гэмтэл, хавдар, зүрх судасны өвчлөл бас л өндөр. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дөнгөж 34 хувь нь эрэгтэйчүүд. Энэ мэт олон харьцуулалтыг хүйсийн тэгш эрхийн жинлүүр дээр жигнэж үзэхэд тэнцвэр аль хэдийнэ алдагджээ.

Дээр хэлсэнчлэн тоо “хашгирч” байгаа бол бид чихээ дарж болохгүй. Өнөөдөр үйлдэл хийж эхлэхэд урт хугацаандаа үр дүн гарна. Магадгүй 20 жилийн дараах тоон үзүүлэлтийг харахад өнөөх хазайсан жинлүүр тэнцвэрээ хадгалсан байх вий. Бид эрэгтэйчүүдийнхээ асуудалд өнөөдөр анхаарч чадсан тохиолдолд шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн наслалтын зөрүү дэлхийн дундаж хэмжээнд ойртож очих ёстой.


Дээш