Н.Тогтохсүрэн: Вэб контентын хүртээмжийг сайжруулах олон улсын стандарт нэвтрүүлнэ

Манай улсад мэдээллийн хүртээмж ямар буй, үүнийг сайжруулах чиглэлд хэрхэн анхаарч байгаа зэрэг асуудлын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэнтэй ярилцлаа.

-ХХЗХ мэдээллийн хүртээмжтэй байдлыг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд мэдээллээр үйлчилдэг хуулийн этгээд нь өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах, техник, технологийн хэрэгсэл, бусадтай харьцах боломж нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан байдаг. Манай хороо 2019 оны арванхоёрдугаар сард батлагдсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд Телевизийн хөтөлбөрт тавих шаардлагыг баталсан бөгөөд үүндээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль дахь дээрх заалтыг үүрэг болгосон байдаг. Тодруулбал, “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх телевиз нь өөрийн хөтөлбөрөөр нэвтрүүлэх цаг үеийн мэдээ, мэдээллийн хөтөлбөр, хүүхдэд зориулсан болон танин мэдэхүйн нэвтрүүлэг зэргийг дохионы хэлний хэлмэрчтэй, эсхүл хадмал тайлбартай гаргах үе шаттай төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацааны хуваарийг ХХЗХ-нд ирүүлэх ба хагас жил тутамд тайлагнана” гэсэн үүргийг тэдэнд хүлээлгэсэн. Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан, Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хүрээтэй өргөн нэвтрүүлгийн болон арилжааны телевизүүд энэхүү үүргийг хүлээж байгаа. Харин бусад телевиз, тэдгээрийн бэлтгэн дамжуулдаг нэвтрүүлгийн хувьд дохионы хэлтэй, хадмал тайлбартай байх, эсэх нь нээлттэй буй.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангахтай холбоотойгоор баталсан тус шаардлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэр хэрэгжүүлж байна вэ?

-Манай газар хуулиар тогтоосон чиг үүргийнхээ хүрээнд зөвхөн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулдгийг онцолъё. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль дахь мэдээллийн хүртээмжтэй холбоотой зүйл, заалт болон  телевизүүдийн  хөтөлбөрт тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд бид өнгөрсөн оны сүүлчээр Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн 18 телевизэд энэ чиглэлийн сургалт зохион байгуулсан. Дохионы хэл, хадмал тайлбартай нэвтрүүлэг бэлтгэн хүргэх үүргийг тусгайлан тайлбарлаж, хэрэгжүүлсэн ажлынхаа тайлан, төлөвлөгөөг заасан хугацаанд тогтмол ирүүлэх чиглэл өгсөн. Одоо ч ийм шаардлага тавьж байгаа. 18 телевиз ч хөтөлбөр, нэвтрүүлгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох чиглэлд тодорхой хэмжээнд анхаарч, ахиц дэвшил гаргасаар байна. Дохионы хэл, хадмал орчуулгатай нэвтрүүлгийн эзлэх хувь энэ телевизүүдэд 0.98-7.32  хувьтай буй. Тэрчлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн болон арилжааны телевизүүдийн хөтөлбөрийг манай хороо байнга хянаж, мониторингийн судалгаа хийдэг ба хадмал тайлбар, дохионы хэлний хэлмэрчтэй нэвтрүүлгийн хувь хэмжээг тогтоож, үр дүнг нь улирал тутам тухайн байгууллагуудад хүргүүлдэг. Байгууллагынхаа цахим хуудсанд ч энэ талаарх тайлан, мэдээллийг тогтмол оруулдаг. Телевизүүдийн асуудал болгож тавьдаг нийтлэг бэрхшээл нь мэргэжлийн дохионы хэлмэрч ховор, хамтран ажиллах тал дээр санал нийлдэггүй, хэт өндөр төлбөр нэхэмжилдэг зэргийг хэлдэг.

-ХХЗХ дохионы хэл, хадмал тайлбартай нэвтрүүлгийг бүртгэж, нэгдсэн тоон мэдээлэл гаргадаг гэлээ. Үүний үр дүнгээс танилцуулахгүй юу?

-Засгийн газар 2017 онд 321 дүгээр тогтоол гаргаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг баталсан. Эл хөтөлбөрт Монголын үндэсний болон арилжааны бусад телевизийн мэдээллийн болон танин мэдэхүйн хөтөлбөрийг дохионы, уран сайхны киног хадмал орчуулгатай болгох зорилтыг дэвшүүлсэн байдаг. ХХЗХ үүний дагуу холбогдох мэдээлэл, зөвлөмжийг үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлж, тус төрлийн нэвтрүүлгүүдийг бүртгэх болсон. Үндсэндээ энэ ажил 2018 оноос эхлэлтэй. Бид 2019 онд олон нийтийн тав, өргөн нэвтрүүлгийн 18, арилжааны 65, нийт 88 телевизийг хамруулсан судалгаа хийхэд ердөө 20 нь л ийм нэвтрүүлэг бэлтгэж, дамжуулсан байсан. Харин 2020 онд энэ тоо 52 болж өссөн. Дохионы хэлтэй нэвтрүүлгийн цагийг телевизийн нийт хөтөлбөрийнхтэй харьцуулсан үзүүлэлт 2019 онд 2.85 хувь байсан нь 2020 онд 5.7 хувь болсон. Эдгээр үзүүлэлт өсөхөд цар тахал, сонгууль зэрэг цаг үеийн хүчин зүйл нөлөөлснийг дурдах нь зүйтэй. Теле хичээл, эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэсэн мэдээлэл, зөвлөмж, сонгуулийн сурталчилгаа, сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлгийн цаг  үүнд онцгой нөлөө үзүүлсэн. Дохионы хэлтэй нэвтрүүлэг хамгийн олон бэлтгэсэн 12 телевизийг жагсаахад гурав нь олон нийтийн, бусад нь өргөн нэвтрүүлгийнх байв. 2020 оны статистикаас харахад, дохионы хэлтэй нэвтрүүлэг (33.7 сая секунд)-ийн эзлэх хувь хэмжээ хадмал тайлбартай (5.3 сая секунд )-гаас харьцангуй өндөр байна. Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд тухайн онд 53 телевиз монгол хадмал тайлбартай нэвтрүүлэг дамжуулжээ.

-Тэгвэл дохионы хэл болон хадмал тайлбартайгаар дамжуулж буй нэвтрүүлэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шаардлагад нийцэж байна уу. Хэмжээ, өнгө, байршил зэргийг нарийвчлан тогтоосон стандарт бий юү?

-Одоохондоо стандарт алга. Телевизүүд өөрсдөө хэмжээ, бүтцээ тогтоож байна.  Дохионы хэлмэрчийг дэлгэцэд хэт жижиг байршууллаа, харагдахгүй байна гэсэн шүүмжлэл гардаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс ийм гомдол мэдүүлэх нь олон. Нэгдсэн стандарт байхгүй учраас ийм асуудал үүсэх нь аргагүй. Цаашид үүнийг шийдэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийнэ.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллийн хүртээмжийг редакцын бодлогодоо тусгадаг уу?

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтийн нийтлэг эрх ашигт нийцсэн, тэнцвэртэй, бодит мэдээ, мэдээлэл олж авах иргэдийн эрхийг хүндэтгэн дээдлэх, давхар соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх чиглэлийг үндсэн үүрэг зорилгоо болгож ажилладаг шүү дээ. Тэр үүднээсээ мэдээллийн хүртээмжийг сайжруулах, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлд анхаарч, редакцын бодлогодоо үүнийг тусган хэрэгжүүлэх ёстой. Тухайн байгууллагын дотоод нөөц боломж, хүчин чадал, техникийн шийдэл, хөтөлбөрийн бодлого, төрөл зүйл зэргээс хамаараад телевиз тус бүрийн төлөвлөлт харилцан адилгүй тул эдгээрийг нэгдсэн төлөвлөлт, хуваариар зохицуулах боломжгүй. Тиймээс 2022 оноос эхлээд тухайн жилд нэвтрүүлэх дохионы хэл, хадмал тайлбартай нэвтрүүлгийн төлөвлөлт, хуваарь, үе шаттай нэмэгдүүлэх хувь хэмжээний үзүүлэлтийг байгууллага тус бүрээр гаргуулахаар болсон.

Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаагийн хувьд олон талын мэдээллийг төрөл бүрийн эх үүсвэрээс авах боломжтой байх нь бидний мэдэх эрхийг хангахад чухал үүрэгтэй. Өдгөө манай улсад Монголын үндэсний олон нийтийн телевизийн таван суваг, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг, өргөн нэвтрүүлгийн 18, арилжааны 62, аймаг, орон нутагт ажилладаг 64 телевиз дамжуулах үйлчилгээний сүлжээгээр хөтөлбөрөө нийтэд хүргэж байна. Олон талт хөтөлбөртэй буюу улс орон, дэлхий дахины цаг үеийн мэдээ, мэдээлэл, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, спорт зэрэг тал талын салбарыг хамруулсан нэвтрүүлэгтэй, Монгол Улсад хамрах хүрээтэй өргөн нэвтрүүлгийн телевизүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг онцгойлон авч үзэж, үйл ажиллагааны бодлого, төлөвлөгөөндөө тусгаасай гэж хүсдэг. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дан ганц цаг үеийн мэдээллээр хангах нь хангалтгүй. Тэд бусдын адил хөгжиж, мэдлэгээр цэнэглэгдэхийн тулд шинжлэх ухаан, соёл урлаг, таних мэдэхүйн мэдээллүүдийг ч хүлээж авч байх ёстой. Мэдээллээс мэдлэг үүсдэг. Мэдлэгтэй хүнд өөрийгөө олон талаар сорих, хөгжүүлэх, нээх боломж бүрдэж, улмаар нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах үүд хаалга нээгддэг.

-Мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон улсад өргөн ашигладаг ямар стандарт байдаг бол. Тэдгээрээс Монголд хөрвүүлэн ашиглах боломжтой нь юу байна?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11.2.4, Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогын 4.3 дахь заалтын хэрэгжилтийг хангах үүднээс ХНХЯ болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын орон тооны бус дэд зөвлөлөөс харилцаа холбооны салбарт тодорхой ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд манай хороо олон улсад баримталж буй хоёр стандарт, зөвлөмжийг орчуулан, аргачлал хэлбэрт оруулж, хэвлүүлсэн. Эдгээр нь Олон улсын цахилгааны холбооны байгууллагын Цахилгааны холбооны стандартчиллын сектороос гаргасан “IPTV системийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал”, Олон улсын вэб контентын хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал боловсруулах ажлын хэсгээс санаачилж, 3W консорциум (W3C2)-оос гаргасан “Вэб контентын хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал” юм. Хэвлүүлсэн товхимлуудаа IPTV технологи бүхий олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид болон вэб сайтуудад хүргүүлээд байна. Эдгээрийг стандарт болгож нутагшуулснаар IPTV системд суурилсан үйлчилгээ үзүүлдэг газрууд, вэб сайтууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох боломж бүрдэх юм. Тухайлбал, “Вэб контентын хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал” нь хөгжлийн бэрхшээлтэй (ялангуяа харааны) иргэдэд зориулсан функц, дизайныг хөгжүүлэх чиглэлийн мэдээллүүдийг агуулдаг.

-Үүнээс өмнө нэвтрүүлсэн, хэрэгжүүлж байсан стандарт, аргачлал бий юү?

-Байхгүй. Мэдээллийн хүртээмжтэй холбоотой хууль, эрх зүй, бодлогын баримт бичгүүд байдаг ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах нарийн зохицуулалт бүхий стандарт, дүрэм журам манай улсад хангалтгүй. Телевизүүдийн хөтөлбөрүүдийг дохионы хэлний хэлмэрч, хадмал тайлбартай болгох, вэб контентыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн шаардлагад нийцүүлэх асуудалд одооноос л нэгдсэн бодлогоор анхаарч эхэлж байна шүү дээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2022.04.08

Ж.Сувдмаа

Дээш