Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн нэгдсэн мэдээллийн сантай болно

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureЕвропын холбооны санхүүжилттэй НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд "Хөгжлийн түнш байгууллагуудын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүдийн мэдээлэл солилцох, мэдээллийн нэгдсэн сан"-гийн  нээлт боллоо.

Ингэснээр Хөгжлийн түнш байгууллагын санхүүжилттэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцох, ил тод, нээлттэй байх боломжийг бүрдүүлэх юм. Мөн хоорондын уялдаа холбоог сайжруулах хаана ямар аймаг, дүүрэгт, хүн амын аль бүлэгт чиглэсэн  ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буйг харах боломжтой болно. 

Нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд/ Төлөөлөгчийн газрын тэргүүн Хатагтай Аксель Никэйз, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Хатагтай Илейн Конкиевич оролцов. 

Сайд А.Ариунзаяа “Манай салбарт олон улсын байгууллагуудын санхүүжилтээр олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг. Өнгөрсөн хугацаанд цөөнгүй төсөл хэрэгжсэн. Гэсэн ч аль чиглэлд, ямар зорилгоор, хэр хэмжээний санхүүжилттэй төсөл хэрэгжсэн гэдгийг нэгтгэсэн, давхардлыг тооцсон мэдээллийн архив байхгүй. 

Хэрэгжүүлж буй төслүүдийн зорилго, агуулга, үйл ажиллагаа, цар хүрээ давхцах тохиолдол гардаг. Хүн амын зөвхөн тодорхой хэсэгт чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж зарим хэсэг нь орхигдох, зарим аймагт олон төсөл давхардах, зэрэг асуудал бий. 

Энэ байдлыг цэгцлэхийн тулд олон улсын донор байгууллагуудын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжсэн болон хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн мэдээллийн нэгдсэн сан бүхий системийг бүтээж байна. 

Төслүүдийн мэдээллийг “нэг саванд” оруулж харснаар хаана, ямар давхцал байгааг олж мэднэ. Уялдаа холбоог нь сайжруулна. Алдаа дутагдлыг харьцуулж харна. Засаж залруулна. Ингэснээр тухайн төслийг илүү үр дүнтэй хэрэгжүүлнэ. Мөн төрийн байгууллагууд болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч талууд урт хугацаанд ашиглах тогтвортой цахим архивтай болж, улмаар хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх нөхцөл бүрдэж байна.

Нөгөө талаар мэдээллийн сан иргэд, олон нийтэд нээлттэй байх юм. Энэ нь тухайн төслийн санхүүжилт, үйл ажиллагаа, хэрэгжилт “шилэн” болно гэсэн үг. Эргээд олон нийтийн хяналт сайжирна” гэсэн юм. 

Энэ үеэр Хөгжлийн түнш байгууллагын санхүүжилттэйгээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

Дээш