Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо буюу асуудлаа шийдвэрлэх боломж
Шинэ үзэгдэл
Хүсэл мөрөөдлөө зорилгоо болгосон хөдөлмөрч залуутай арваад жилийн өмнө уулзаж, ярилцсан ч саяхан мэт тодхон. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах эрхийг хангахын төлөө ажиллана хэмээн өөртөө итгэлтэй ярьж байсан, тулгуур эрхтний бэрхшээлтэй тэр залууг Ч.Ундрахбаяр гэдэг. Тэрбээр одоо Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ерөнхий сайдын орон тооны зөвлөхөөр томилогдсон анхны тохиолдол. Түүнчлэн УИХ-ын зарим гишүүний зөвлөхөөр хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг болсон. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд дэргэдээ сонсголгүй иргэдийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх ажиллуулж буй. Үүнээс гадна Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд тэргүүнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг. Ингэж хөгжлийн бэрхшээлтэй залуусыг манлайллын түвшинд гаргаснаар манай улс тэдэнд жинхэнэ утгаараа энэрэнгүй, ээлтэй орчныг бүрдүүлж чадна. Хараагүй, сонсголгүй, тэргэнцэртэй байх нь ямар болохыг нэг хоног бүү хэл, нэг цаг ч мэдрээгүй хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаална гэдэг нь нэг талаараа өрөөсгөл. Тэдэнд ээлтэй орчин бүрдүүлье гэвэл эхлээд шийдвэр гаргах түвшний оролцоог хангах нь чухал.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн манлайллыг хэрхэн дэмжих талаар ХНХЯ-ны Хүн ам хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн захирал С.Тунгалагтамираас тодруулахад “Төрийн албаны зөвлөлөөс манайд ирүүлсэн тоон мэдээллээс харахад 2021 оны байдлаар төрийн албанд хөгжлийн бэрхшээлтэй 2150 орчим хүн ажиллаж байна. Үүнээс 120 орчим нь удирдах түвшинд ажилладаг. Олон улсад зорилтот бүлгүүдийн улс төр, нийгмийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон төрлийн хатуу болон зөөлөн арга бий. Хатуу арга гэдэг нь хууль, дүрэм журамдаа тодорхой квот тогтоож, тухайн зорилтот бүлгийн иргэдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд механикаар оруулдаг. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэр гаргах явцад оролцуулж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах, санхүү, эдийн засгийн хөшүүрэг бий болгох, манлайлагч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж, бусдад үлгэр дуурайл болгох зэрэг зөөлөн арга бий. Манай улсын хувьд аль аль аргыг нь ашиглах боломжтой. Ялангуяа зөөлөн арга нь механик бус, органик учир дэмжлэг олох, хүлээн зөвшөөрөх магадлал өндөр. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг манай яам боловсруулж байна. Бүх шатны сонгуулийн тухай хуулиудад нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн тодорхой хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхаар санал оруулж байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн хуулийн төслийн хэмжээнд яригдаж буй. Нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсрол, чадавхыг дээшлүүлэхэд анхаарах зайлшгүй шаардлага бий. Сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх эрхээ эдлэх асуудлууд нөгөө л дэд бүтцийн хүртээмжтэй зайлшгүй холбогддог. Тиймээс манай яамнаас Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулж байна. Хуулийн гол зорилт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд эрх тэгш, бүрэн дүүрэн, бие даан оролцох нөхцөлийг бүрдүүлэх, аливаа саад учрахаас урьдчилан сэргийлэх, учирч буй саадыг арилгах, тэдэнд барилга байгууламж, авто зам, замын байгууламж, нийтийн тээвэр, мэдээллийн технологи, харилцаа холбоо зэрэг үйлчилгээний хүртээмжийг бүрдүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах юм. Хуулийн төслөө боловсруулаад ТББ-ууд, БХБЯ, ЗТХЯ, ЦХХХЯ, нийслэлийн ЗДТГ, түүний харьяа байгууллагуудад эхний байдлаар танилцуулж санал авсан. УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна” гэв.
Асуудал ба ахиц
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн гол үр шимийг хүртэгч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө болон түүний гэр бүл, асран хамгаалагч нар. Тиймээс бид төсөл хэрэгжүүлэх бүхий л шатанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нээлттэй, ээлтэй хандаж, тэдний оролцоог дээд зэргээр хангахыг гол зорилгоо болгон ажиллаж байна” хэмээн С.Тунгалагтамир дарга яриандаа онцолсон. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг 700 гаруй ТББ бүртгэлтэй байдаг аж. Гэтэл тэдний 10 орчим хувь нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Тиймээс ТББ-ууд нэгдмэл байдлаар төр, засагтай хамтарч ажиллавал аль аль талдаа үр дүнтэй болохыг мэргэжилтнүүд хэлж буй. Төслийн хүрээнд тэдгээр ТББ-ын төлөөллийг бүх шатанд оролцуулж байгаа юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон иргэдэд чиглэсэн үйлчилгээ, дэмжлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Дорнод, Ховд, Дархан-Уул, Хөвсгөл, Архангай, Дундговь гэсэн зургаан аймагт хөгжлийн төв барьж буй бөгөөд энэ оны гуравдугаар улирлаас ашиглалтад оруулах аж. Өөр нэг сайн мэдээ нь эл төслийн хүрээнд Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв барих гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээлэлгүйгээс аливаа зүйлээс хоцрох, буруу ойлгох, өөрийгөө ойлгуулж чадахгүй байх зэрэг асуудал үүсэж, улмаар өөрийн байр суурь, эрх ашиг, дуу хоолойгоо илэрхийлэх боломж нь хязгаарлагддаг. Энэ талаар С.Тунгалагтамир “Нийгмийн хөгжилд гар бие оролцох, эрх ашгаа төлөөлөх боломж хязгаарлагдмал байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан хамгийн том бэрхшээлүүдийн нэг. НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай конвенц, Инчоны стратеги, Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуульд энэ талаар маш тодорхой тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тэдний улс төр, эдийн засаг, нийгэм дэх оролцоог бүрэн дүүрэн хангаснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодитой болгох алхмуудын гол суурь бүрэлддэг” хэмээв.
Шийдвэр гаргах түвшний оролцооноос ээлтэй орчин эхэлнэ
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд хараа, сонсгол болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл “Хөгжлийн бэрхшээл ба медиа контент үйлдвэрлэл” сэдэвт сургалтад саяхан оролцсон юм. Тодруулбал, энэ сарын 11-12-нд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд хэвлэл мэдээллийн контент бэлтгэн нийлүүлэх багц ажлыг хэрэгжүүлж буй ТББ-ын төлөөллүүд номын дуу сонссон билээ. Энэ үеэр дохионы хэлний хэлмэрч ажиллуулсан нь сургалтад оролцсон сонсголын бэрхшээлтэй иргэд бүрэн дүүрэн мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн юм. Сонсголгүй иргэдийн мэдээллийг дэмжих “Бүтээмж” төвийн тэргүүн Б.Нэмэхбаяр “Мэдээллийн хүртээмжийн тухай шинэлэг сургалтад анх удаа суулаа. Контент бэлдэх, мэдээллийн үнэн, эсэхийг нягтлах, цахимаар мэдээллийг хэрхэн түгээх, эх сурвалж, төрөл гээд сэтгүүл зүйн бичвэрийн тухайд гүнзгийрүүлж заасан нь маш сонирхолтой байв. Бид олон сургалтад хамрагдаж, мэдлэг, мэдээллээ сайжруулахыг хүсдэг ч дохионы хэлний хэлмэрч төдийлөн байдаггүй. Харин энэ сургалтад тийм бэрхшээл учраагүй. Бид төслийн хүрээнд видео контент, шторк, нэвтрүүлэг бэлдэх ажлыг хариуцаж байгаа. Сонсголгүй иргэдийн үндэсний холбоогоор дамжуулан дохионы хэлтэй холбоотой хоёр төрлийн шторк хийлээ. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн ажлыг сонсголгүй иргэд өөрсдөө хийж чадна гэдгийг харуулсандаа баяртай байна” гэв. Тэдний бүтээсэн контентын давуу талыг түүнээс тодруулахад “Бид дохионы хэлний хэлмэрч, “тэжээгч” орчуулагч буюу мэдээллийг дамжуулагчаас бүрдсэн дохионы хэлний хяналтын багтай гэдгээрээ давуу талтай. Дохионы хэлний хэлмэрчээр дамжуулж буй зарим бүтээлийн гүйцэтгэлийн чанар бага зэрэг хангалтгүй байдаг. Тиймээс бид сонсголгүй хүнээр өөрөөр нь мэдээллээ дохиулсан. Ингэхдээ сонсголтой дохионы хэлний хэлмэрч “тэжээгч” орчуулагч хийсэн юм. Өөрөөр хэлбэл, мэдээллийг эхлэх, түр зогсоох, дуусах зэргийг сонсголтой хэлмэрч сонсголгүйдээ дамжуулж өгсөн. Сонсголын бэрхшээлтэй хэлмэрч нүүрний хувирал, дохионы хэлний хөдөлгөөн, байрлал, биеийн хэлэмжээ маш сайн гаргаж дохидог онцлогтой” гэв. Асуудлаа хамгийн сайн мэдэж буй хүмүүс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө. Тиймээс тэдэнд хамааралтай төсөл, хөтөлбөрт ч ялгаагүй оролцуулснаар илүү үр дүнд хүрэх нь гарцаагүй.
Б.Нэмэхбаяр вэб дизайнер мэргэжилтэй. Мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллаж буй бөгөөд цахим контент, шторк хийлгэх гэсэн хүмүүс түүнд хандах нь цөөнгүй гэнэ. Өглөө бүр Яармаг дахь гэрээсээ 15 орчим км зам туулж ажлын байрандаа ирдэг байна. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх, авах гээд аавын үүргээ ч сайн биелүүлдэг аж. Ингэж нийгмийн харилцаанд оролцоход нь сонсголгүй байдал нь бус, замын түгжрэл л бэрхшээл үүсгэж буйг тэрбээр онцолсон. Б.Нэмэхбаяр “Техник, технологи хөгжихийн хэрээр сонсголгүй иргэдэд мэдээллийн хүртээмж саадгүй хүрэх учиртай. Тухайлбал, их, дээд сургуулийн сонсголгүй оюутан багшийнхаа лекцийг дохионы хэлний хэлмэрч, эсвэл техникийн тусламжтайгаар хадмалаар үзэх, бичгийн орчуулагчтайгаар сурч болно. Хамгийн гол нь сонсголгүй хүмүүст тохирсон хүртээмжийг бий болгох нь чухал. Нийгмийн бүхий л салбар техникийн хөгжилд тулгуурлаж ажиллах боломжтой шүү дээ. Жишээ нь, би ажлынхаа заваар таксинд явдаг. Ингэхдээ “Чимэгэ” аппликэйшн ашиглан, үйлчлүүлэгчийн яриаг бичвэрт хөрвүүлээд, хүрэх газрыг нь төвөггүй ойлгодог. Энэ аппликэйшнийг ашиглан яриаг бичгийн хэл, бичгийн хэлийг ярианд хөрвүүлэх, монгол хэлийг англи руу орчуулж болдог. Харамсалтай нь, яриаг хөрвүүлэх хугацаа нь маш бага. Хугацааг нь арай урт болгочихвол сонсголгүй хүмүүст хэрэгтэй” хэмээсэн.
Б.Нэмэрбаярын адил авьяас, чадвараараа бусдыгаа манлайлж, хийж бүтээж чадахаа харуулж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэн олон. Тэдний нэг нь М.Баясгалан. Тэрбээр харааны бэрхшээлтэй бөгөөд Хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүнээр цөөнгүй жил ажилласан юм. Тэрбээр одоо “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн гүйцэтгэгч төдийгүй удирдлагын багт нь ажиллаж буй. Энэ талаар түүнээс тодруулахад “Би видео контент, телевизийн нэвтрүүлэг бэлтгэх зэрэг ажлыг хамт олныхоо тусламжтайгаар гэрээгээр гүйцэтгэж байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын орон тооны бус зөвлөхөөр ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө хийж бүтээж чадаж байна. Одоо УИХ-д төлөөлөлтэй болчихвол шийдвэр гаргах түвшинд илүү бодитоор ажиллах боломж бүрдэнэ” гэв.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төсөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хэрхэн хангаж буй талаар захирал С.Тунгалагтамир “Төслийн бүх шатанд гол үр шимийг хүртэгчдийн оролцоог хангахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, аливаа зөвлөх үйлчилгээ, худалдан авах ажиллагааны ажлын даалгавар, сонгон шалгаруулалт, хэрэгжүүлэлт, хүлээн авах комисс зэрэг бүх шатанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулж, шийдвэр хамтдаа гаргаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд манай төслийн хүрээнд өөрсдөө шийдвэр гаргагч, гэрээлэн гүйцэтгэгч, зөвлөх, хяналт тавигч гэх зэрэг бүх үүргийг гүйцэтгэж байгаа. Ингэснээр тэд тулгарч буй асуудлаа хамгийн оновчтойгоор олон нийтэд ойлгуулахын зэрэгцээ түүнээсээ өөрсдөө суралцаж хөгжиж байна” гэв.
Эх сурвалж: Өнөөдөр сонин 2022.03.31
Ч.Болортуяа