“Цогц үзлэгт хамруулснаар хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх боломжтой”

uploaded pictureuploaded picture                   С.Нандинцэцэг

uploaded picture                  А.Одонтуяа

uploaded picture                 П.Лхагва-Очир

uploaded picture                 Ц.Цэрэндолгор

uploaded picture               Т.Төгсбат

Дэлхий нийтэд нэг тэрбум гаруй хүн хөгжлийн ямар нэг бэрхшээлтэй амьдарч байна. Тэдний 93 сая орчим нь 15 хүртэлх насны хүүхэд гэж ДЭМБ-ын нэгэн судалгаанд дурджээ. Харин Монгол Улсад 14 000 гаруй хүүхэд хөгжлийн ямар нэг бэрхшээлтэй гэсэн тоо байдаг. Хүн ам өсөхийн хэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоо дагаад нэмэгдэх магадлалтай. Тэгвэл хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломж бидэнд бий юү. Хүүхдийг эхийн хэвлийд байх үед болон нярай, бага насанд нь зохистой арга хэмжээ авснаар хөгжлийн бэрхшээл үүсэхээс 70 хувь сэргийлэх боломжтой. Гэвч хөгжлийн хоцрогдолтой есөн сартай хүүхдүүдийн ес, 24 сартай хүүхдүүдийн дөнгөж 12 хувь нь шаардлагатай үйлчилгээг авч байна гэсэн судалгааг Хөгжлийн болон зан үйлийн хүүхдийн эмгэг судлалын олон улсын сэтгүүлд онцолжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Эрүүл мэндийн сайдын 2018 оны хамтарсан тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх зааврыг баталсан. Үүнийг өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газраас шинэчлэн баталсан билээ. Тодруулбал, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд ес, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн эрт илрүүлгийн үзлэгийг тухайн сард нь тогтмол зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгасан юм. Хүүхдийн хөгжлийг хянахдаа тодорхой насанд нь эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгт хамруулж, эрсдэлтэй нь илрүүлэн, тусламж, үйлчилгээ, хөгжлийн дэмжлэг үзүүлэх нь нэн чухал.

Бидний олонх нь хүүхдээ өвдсөн үед л эмнэлэгт хандаж, эмчийн бичиж өгсөн хэдэн эмээр “гал унтраах” төдий арга хэмжээ авдаг нь нууц биш. Өвчний цаад шалтгаан, урхаг, ирээдүйд илрэх хор нөлөөний талаар төдийлөн анхаарч үздэггүй. Хүүхдэд нь хөдөлгөөн, хэл яриа, танин мэдэхүйн анхаарал татахуйц өөрчлөлт ажиглагдсан ч яваандаа зүгээр болно гэж тайвширч явсаар цаг алдаж болзошгүйг эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулж байна. Тиймээс хүүхдээ эрүүл байсан ч өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, цогц үзлэгт хамруулах нь зүйтэй. Хөгжлийн ямар нэг хоцрогдол, бэрхшээлийг хэдийчинээ эрт илрүүлж, зөв оношилсноор тэр хэрээр үр дүн гардаг аж. Таны хүүхэд эрүүл, эсэхийг ажиглах, илрүүлэх гол хүн нь эцэг, эх, асран хамгаалагч та өөрөө юм.

Бид энэ удаа хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг илрүүлэхэд эцэг, эх, асран хамгаалагч болон эрүүл мэндийн анхан шатны байгууллагынхан ямар үүрэг оролцоотой вэ, хүүхдийн хөгжил хоцрогдож буй шинж тэмдгийг хэрхэн танин мэдэх зэрэг сэдвээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай ярилцсан юм. Хэлэлцүүлэгт Чингэлтэй дүүргийн XIX хорооны “Ундрах ирээдүй” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч П.Лхагва-Очир, Сүхбаатар дүүргийн XI хорооны “Дотнын туслагч” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Ц.Цэрэндолгор, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй аав Т.Төгсбат, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж А.Одонтуяа, С.Нандинцэцэг нар оролцлоо.

-Та бүхэн хүүхдийнхээ хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг хэзээ, хэрхэн мэдсэн бэ. Үүнд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын оролцоо ямар байв?

А.О: -Би хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхэдтэй. Том охин зургаан нас, бага хүү хоёр нас таван сартай. Тэд минь хоёулаа төрөх үйл явцаас үүдэж хөгжлийн бэрхшээлтэй болсон. Би эрүүл ураг тээж байсан. Цаг тухай бүрт нь ургийн гажиг илрүүлэх ЭХО-д харуулж, шинжилгээ өгөхөд хүүхэд эрүүл гэдэг байлаа. Анх жирэмсний 36-37 хоногтой байхад гэнэт ургийн ус гараад эмнэлэгт очсон. Ургийн ус гарчихаад байхад намайг төрүүлэхгүй 20 гаруй цаг байлгасан. Охин минь төрөхдөө тархиндаа цус харвасныг надад хэлэлгүй эмнэлгээс гаргасныг нь би сүүлд нь мэдсэн л дээ. Гэртээ очоод охин минь хөхөө хөхөхгүй унтаад л байлаа. Хөхүүлэх гэхээр сэрэхгүй байсан учраас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д яаралтай очиход “Охин чинь тархиндаа цус харвасан байна. Жаахан оройтсон бол амиа алдах байжээ” гэж хэлсэн. Одоо охин минь тархины саажилт буюу ДЦП (Детские церебральные параличи) гэсэн оноштой. Охиндоо дэм болоосой гэж хүсэж дөрвөн жилийн дараа би хүүгээ төрүүлсэн. Харамсалтай нь, яг л ийм золгүй явдал дахин тохиолдсон. Би мөн л эрүүл ураг тээж байв. Жирэмсний 33-34 долоо хоногтойд ургийн ус гэнэт гарч, яаралтай төрөх эмнэлэгт очлоо. “Өмнө нь би охиноо хөгжлийн бэрхшээлтэй болгосон шүү. Боломжтой бол намайг Кесарево хагалгаанд оруулаад өгөөч. Ургийн ус нэлээд их гарсан” гэж эмчид анхааруулж хэлсэн. Охин минь тархины саажилттай болсон учраас дүүд нь муу зүйл тохиолдох вий гэхээс дотроо айж байлаа. Гэтэл намайг Кесарево хагалгаанд оруулахгүй эмнэлэгт дөрөв хонуулсан. Аргагүйн эрхэд надад төрөлтийг сэдээх дусал залгаж, хүчээр төрүүлсэн. Хүчтэй өвдсөндөө болоод би хэсэг хугацаанд ухаан балартсан юм билээ. Нэг сэрэхэд миний энгэр дээр цэлдийсэн хөх хүүхэд тавьсан байв. Гэтэл ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулахын эмч хүүг минь шүүрээд л аваад явчихсан. Яаралтай арга хэмжээ авсан ч хүү минь мөн л тархиндаа цус харваж, тэр нь шимэгдэхгүй байсаар усжилт үүссэн.

-Уучлаарай, тэгэхээр таны хүүд тархины саажилт үүссэн гэсэн үг үү?

-Үгүй ээ. Хүү минь тархины усжилттай. Хоёр сартайгаасаа эхлээд УГТЭ-т дөрвөн удаа тархины мэс засал хийлгэсэн. Хэдийгээр хүүхдүүд минь хөгжлийн бэрхшээлтэй ч би гэрт нь тусгаарлахыг хүсээгүй. Тиймээс “Хүслийн ордон” гэх хувийн цэцэрлэгт явуулж, нийгэмшүүлэх гэж хичээж байгаа. Энүүхэндээ гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхэд асарна гэдэг үнэхээр хэцүү.

Т.Т: -2008 онд хоёр ихэр охин минь төрсөн юм. Ихэр охинтой болох нь гэж эхнэр бид хоёр их баярласан ч нэг охин минь дөрвөн мөчний саажилттай болсон. Одоо 14 настай. Тухайн үед эхнэр минь төрөх гэж өвдөөд “Өргөө” амаржих газарт очсон ч хүлээж аваагүй. Тэгээд ЭХЭМҮТ-д амаржсан юм. Хоёр охин минь төрөх хугацаанаасаа өмнө мэндэлсэн. Эхний хүүхдээс гурван минутын дараа удаах охин минь мэндэлсэн ч бүтэлттэй төрсөн. Нэг охин минь 1700, нөгөө нь 1900 гр жинтэй байсан. Нярайн шарлалт нь арилахгүй гурван сар үргэлжилсэн. Анхны хүүхдүүд учраас бид ямар ч туршлагагүй, юу ч мэддэггүй байлаа. Тэр үеийг бодвол одоо эцэг, эхчүүд, эмч, ажилтнууд нярайн шарлалтыг маш сайн мэддэг, анхаардаг болжээ. Ялангуяа ихэр хүүхдийг өрхийн эмч нар илүү анхаарч, сайн хянадаг болсон байна. Бас нэг анхаармаар зүйл нь хүүхдийн товлолт вакцин. Дутуу төрсөн хүүхдийн биеийн байдлыг маш сайн хянасны дараа вакцин тарих, эсэхээ шийдэх хэрэгтэй санагдсан. Төрөлхийн бие султай хүүхдэд гэнэт вакцин хийснээс болж охин минь их цочирдсон. Уйлаад байхад нь эмч, сувилагч нар “Тайвшруулж хэрэггүй, хөхүүлж болохгүй” гээд байсан. Бие султай хүүхэд 30 гаруй минут тасралтгүй уйлахаар ямар олиг байх билээ. Охин минь хамгийн хүнд хэлбэр буюу дөрвөн мөчний саажилттай. Тэр маань одоо 70 дугаар тусгай сургуульд сурдаг. Нөгөө охин минь энгийн сургуульд сурч байна.

С.Н: -Би 2012 онд хоёр дахь хүүгээ төрүүлсэн. Жирэмсэн байх үедээ маш их ачаалалтай ажилласандаа одоо өөртөө буруу өгдөг юм. Гэхдээ хэдий их ажилтай байсан ч жирэмсний явцаа тогтмол хянуулж, шаардлагатай шинжилгээг өгч байсан. Жирэмсний хугацаанд ураг хэвийн бойжиж, ямар нэгэн гажиг илрээгүй. Хүүг минь төрсний дараа вакцин хийхэд дотогшоогоо хумираад биеэ чангалаад байсан. Тухайн үедээ хүүхдээ татаж байна гэж ойлгоогүй. Эхний хүүхэд минь эрүүл байсан учраас ямар нэг муу зүйл бодоогүй. Өлгийндөө хумираад байхаар нь “Их ууртай залуу” гээд л өхөөрддөг байв. Гэтэл хүү минь бүтэлттэй төрснийг мэдээгүй. Эмч хэлээгүй. Хүү минь төрөнгүүтээ уйлаагүй. Гэртээ гарсны дараа хүү минь татаад, яаралтай түргэн тусламжийн эмч дуудсан ч ирж үзээд “Эрүүл байна” гээд яваад өгсөн. Гэтэл явсных нь дараа дахиад татсан. Дахин түргэн тусламж дуудсанаар хүү бид хоёрыг ЭХЭМҮТ-ийн Мэдрэлийн тасагт хэвтүүлсэн. Унаж татдаг, тархины саажилттай гэсэн оноштой олон хүүхэд эмчлүүлж байлаа. Хүүгийнхээ талаар эмчээс асуухаар “Ойлгомжтой шүү дээ” л гэнэ. Яг юуг ойлгомжтой гээд байгааг тайлбарлаагүй. Гэтэл хүү минь тархины саажилттай болсон байв. Тэр үед надтай хамт эмнэлэгт хэвтэж байсан, хөдөөнөөс ирсэн нэг эмэгтэй хүүхдээ мэс засалд оруулахаар УГТЭ рүү явуулаад алдсан харамсалтай түүх бий. Тиймээс би хүүгээ гадаад улсад л эмчлүүлье гэж шийдсэн юм. Тухайн үед хувиараа бизнес эрхэлдэг байлаа. Ажлынхаа бүх тоног төхөөрөмжийг зараад, хоёр сартай хүүгээ аваад Энэтхэг улс руу явсан. Боломжтой гэсэн бүхнийг хайж, хүүхдээ эрүүл болгохын төлөө хичээсэн. Ингэж явсны үр дүн гарсан гэж боддог. Тухайн үед хүү минь өдөрт 30 удаа татдаг байсан. Энэтхэгт эмчлүүлж, таван жил тасралтгүй эм уусны хүчинд татах нь эрс багассан. Хүн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрүүлнэ гэж төрүүлдэггүй. Тиймээс хэн нэгэн эцэг, эх, эмчээс буруу хайхаас илүү тухайн хүүхдийн ирээдүйг аврах нь чухал юм.

-Эцэг, эхчүүдийн яриаг сонслоо.  Тэгвэл эрүүл мэндийн байгууллага, тэр тусмаа иргэдэд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд ямар үүрэгтэй оролцдог юм бэ?

П.Л: -Хүүхэд төрөөд өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын хяналтад ирдэг. Өрхийн эмч нар хүүхдийг төрснөөс хойш нэг сарын хугацаанд гэрт нь дөрвөн удаа очиж үзэж хянах ёстой. Бүх өрхийн эмнэлэг нярайн шарлалтыг хэмжих багажтай болсон. Тиймээс нярайн шарлалтаас үүсэх эмгэгийг эрт илрүүлэх боломжтой гэсэн үг. Мөн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд эх, хүүхдийн “ягаан” дэвтэр маш чухал. Ээж, аавууд тэр дэвтрийг сайн уншиж, танилцаж, асуумжийн дагуу хүүхдийнхээ хөгжлийн явцыг хянаж болно. Хоёр сартай хүүхэд толгойгоо даах ёстой, өлгийг нь задлахад сунайдаг зэрэг энгийн хэрнээ чухал зүйлийг манай өрхийн эмнэлгийнхэн залуу аав, ээжүүдэд сайн хэлж зөвлөдөг. Мөн бид 18 болон 36 сартай хүүхдэд эрүүл мэндийн цогц үзлэг хийж байна. Уг үзлэгээр ямар нэгэн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг илрүүлсэн тохиолдол цөөнгүй.

Ц.Ц: -Би ахмад эмчийн хувьд эдгээр эцэг, эхийн яриаг сонсоод сэтгэл эмзэглэж сууна. Сүүлийн үед жирэмсэн эхийн эрүүл мэндэд гойд анхаарах шаардлагатай болжээ. Эмэгтэйчүүд умайн тонустай хэрнээ ажиллаж явсаар төрчихдөг. Энгийнээр хэлэхэд умайн булчин агшсанаар хүүхдэд очих хүчилтөрөгч дутагддаг. Ээжүүд үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Умайгаар дамжин урагт очих цусан хангамж дутагдсаны дээр агаарын бохирдлын улмаас эхийн хэвлий дэх урагт хүчилтөрөгч их дутагдах болсон. Хөгжлийн ямар нэг хоцрогдол үүсэхэд дутуу нярай хамгийн эрсдэлтэй. Тиймээс жирэмсний хугацаагаа аль болох гүйцээж, дутуу төрөхөөс сэргийлэхэд анхаараарай. Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн бол эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний гол цөм. Төрснөөс хойших хүүхдийн хувь заяа өрхийн эмчтэй холбоотой байдаг. Манай улсад хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх ажил багагүй явагдаж байна. Өрхийн эмч нар хүүхдийг хоёр сар хүртэл гэрээр нь зургаан удаа очиж үзэх ёстой. Эх, хүүхдийн “ягаан” дэвтрийг эцэг, эхчүүд сайн уншиж судлах хэрэгтэй. Гэртээ хүүхдээ харж суугаа ээжүүдийн дунд сэтгэл гутрал их байна. Эхийн сэтгэл санаа ямар байна, хүүхдэд ямар нэг бэрхшээл ажиглагдсан уу зэрэг чухал асуулт “ягаан” дэвтэрт бий. Хүүхдийн хөгжлийг үнэлэх асуумжууд ч байдаг. Тэдгээрийг тогтмол уншиж, хүүхдээ ажиглаж, тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Хүүхдийн хөгжил тухайн дэвтэрт тэмдэглэсэнд хүрэхгүй байвал эмчид хандах хэрэгтэй.

-Өрхийн эрүүл мэндийн төвүүд хүүхдийн эрүүл мэндийн цогц үзлэгийг хэзээнээс хийж эхлэв?

Ц.Ц: -2019 оноос эхлүүлсэн. Манай хороонд гэхэд хөгжлийн бэрхшээлтэй 44 хүүхэд бий. Тэдний олонход хэт хөдөлгөөнтөх хам шинж давамгайлж байна. Амаржих газрууд нярайг төрөнгүүт тандалт буюу скрининг шинжилгээ хийдэг болсон нь хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд ач тусаа өгч байгаа. Тухайлбал, нярайн түнхний хөгжил сул байвал 42 хоногийн дотор давхар живх өмсөхийг зөвлөдөг. 42 хоногийн дотор түнхний дутуу хөгжлийг нөхөж болдог юм. Мөн хараа, сонсголыг нь шалгаж байна. Харааны асуудал илэрвэл өртөг өндөртэй ч хамгаалах тарилга хийдэг болсон шүү дээ. Эрүүл мэндийн сайдын тушаалд нэг хүртэлх насны хүүхдийг сар бүр, 1-2 настай хүүхдийг улиралд, 3-4 настай хүүхдийг хагас жилд нэг удаа өсөлт хөгжлийн үнэлгээнд хамруулахыг заасан байдаг. Нэг хүртэлх насны хүүхдүүд товлолт вакцин хийлгэдэг учраас өрхийн эмнэлэгтээ өсөлт хөгжлөө хэмжүүлж, үнэлгээгээ хийлгэдэг. Харин үүнээс дээш насны хүүхдүүд эрүүл мэнд,  хөгжлийн үнэлгээнд хамрагдах байдал тааруу. Хэдийгээр манай иргэдийн эрүүл мэндийн боловсрол сайжирч буй ч өвдсөн хойно нь эмнэлэгт ханддаг нь түгээмэл хэвээрээ. Эцэг, эхчүүд урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийнхээ хөгжлийг үнэлүүлдэг, хоцрогдол илэрсэн тохиолдолд бага дээр нь арга хэмжээ авах нь зүйтэй.

-Өрхийн эмч нар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг илрүүлчихлээ гэж бодъё. Дараа нь хаана хандахыг зөвлөх вэ?

П.Л:- Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрсдэлтэй хүүхдүүдийг илрүүлсний дараа дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг болон тусгай мэргэжлийн төвүүдэд онош тодруулах, үнэлгээ хийлгэхийг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл, нарийн мэргэжлийн эмчид хандаж, оношоо баталгаажуулахыг зөвлөнө.

-Хүүхдийнхээ хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг арилгахын төлөө та бүхэн чадах бүхнээ хийсэн байх. Эмчилгээний ахиц, үр дүнгийн талаарх туршлагаасаа хуваалцахгүй юу?

А.О: -Хүүхдийн онош ямар байхаас шалтгаалж ахиц гарах нь өөр байдаг. Тухайлбал, тархины саажилт нь дөрвөн мөч болон хэсэгчилсэн саажилт, булчингийн сулрал зэргээрээ харилцан адилгүй. Хүүхдийн бие махбод өсөж төлжиж буй учраас өөрчлөгдөх, хөгжлийн хоцрогдол нь арилах боломжтой. Миний охины тухайд хоёр ой таван сар хүртлээ босож чаддаггүй, хэвтэрт байсан. Бид ихэнхдээ нэг эмнэлгээс нөгөө рүү дамжин “амьдарч” байв. Цаашид энэ чигээрээ байвал охин минь насан туршдаа хэвтрийн хүн болох нь гэж бодоод нийгэмшүүлэх, хөгжүүлэх гарц гаргалгаа хайж эхэлсэн юм. Эхлээд охинтойгоо адил оноштой хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй холбогдон, тэдний хүүхдээ хөгжүүлж, нийгэмшүүлж буй туршлагаас судлах зэргээр эрэл хайгуул хийсэн. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үнэ төлбөргүй сургадаг ганцхан 10 дугаар цэцэрлэг байдгийг мэдсэн. Зарим дүүрэгт л Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх хувийн хэвшлийн төв байдаг. Сүүлд Сонсголонд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг байгуулсан. Уг төв нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг учраас үйлчлүүлэгч ихтэй, хүүхэд бүрт хүрч ажиллах боломжгүй юм билээ. Хоёр ой зургаан сартайд нь охиноо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Хүслийн ордон” гэх хувийн цэцэрлэгт явуулдаг болсон. Одоо охин минь зургаан нас өнгөрсөн ч сургуульд орж чадаагүй, цэцэрлэгтээ л явж байгаа. Цэцэрлэгт хамрагдсанаар охины минь бие илт сайжирсан. Ганцаараа явж, гүйж, харайж чаддаг болсон. Хүний хэлсэн үгийг маш сайн ойлгодог ч илэрхийлэх чадвар нь сул. Дохио зангаагаар л санаа бодлоо илэрхийлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэхэд эцэг, эхийн уйгагүй хичээл зүтгэлээс гадна бариа, хэл, хөдөлгөөн, хөдөлмөр засалч гээд мэргэжлийн хүмүүсийн арга барил, сэргээн засах эмчилгээ чухал юм билээ. Мөн БНХАУ-д эмчлүүлсний үр дүнд охин минь хөл дээрээ боссон гэж боддог. Хүүгийн тухайд мөн л адил “Хүслийн ордон” цэцэрлэгт явж байна. Таталт болон тайвшруулах эмийг нь өгөөд цэцэрлэгт явуулдаг. Хэдийгээр би гэртээ сэргээн засах, хөдөлгөөн засах эмчилгээг өөрийнхөө хэмжээнд хийж өгч байгаа ч мэргэжлийн бариа засалчийн хэмжээнд хүрэхгүй шүү дээ. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй гээд хүүхдээ гэрт нь хорих биш, нас насанд нь тохирсон цэцэрлэг, сургуульд хамруулах нь эцэг, эх болон хүүхэд аль алинд нь тустай. Түүнчлэн өрхийн эмнэлгийнхэнтэйгээ маш сайн харилцаатай байх хэрэгтэй. Бид гурав өрхийн эмч нартайгаа нэг гэр бүл шиг дотно байдаг. Эмч нар гэрт ирж, хүүхдүүдийг минь үзэхийн зэрэгцээ утсаар байнга ярьж, анхаарал тавьдагт баярладаг.

Т.Т: -Охин минь багадаа хэл ярианы бэрхшээлтэй байсан. Сайн харилцаж, хэл заслын эмчилгээнд явуулсны эцэст ярьж чаддаг болсон. Гэвч өөрөө алхаж чадахгүй, тэргэнцэртэй явдаг. Тархины саажилт бол эдгэхгүй ч сайжрах боломжтой эмгэг. Эмийн болон хөдөлгөөн заслын эмчилгээг уйгагүй, тасралтгүй хийж байж л ахиц гардаг. Одоо булчин нь хэт чангарсан тохиолдолд л эм ууж байгаа.

С.Н:- Гадаад, дотоодод сувилал, бариа заслын эмчилгээнд сайн явуулсны эцэст хүү минь ярьж, явж чаддаг болсон. Хүү минь одоо есөн настай. Тусгай биш, ердийн сургуульд сурдаг. Гэхдээ хичээлдээ долоо хоногт хоёр өдөр л явж байна.

-Хүүхэд бүрийн онцлог өөр учраас бусадтай харьцуулах хэрэггүй гэж ярих нь бий. Тухайлбал, нэг ой хүрсэн хүүхэд хөл дээрээ сайн зогсож чадахгүй, шүд нь ургаагүй байлаа гэхэд “Яваандаа зүгээр болно” гэж тайвшрах эцэг, эх цөөнгүй. Үеийнхнээсээ хөгжлөөр бага зэрэг хоцорч байгаа нь цаашид бэрхшээл үүсэх шалтгаан болдог уу. Эсвэл энэ нь тухайн хүүхдийн биеийн хөгжлийн онцлог юм уу?

Ц.Ц: -Эх, хүүхдийн эрүүл мэндийн “ягаан” дэвтэртэйгээ сайн “ажиллах” хэрэгтэй. 10 сартайдаа хүүхэд хөлд орлоо гэж бодъё. Гэтэл энэ дэвтэрт хүүхэд нэг ой хүрч байж хөлд орно, зургаан сар хүрээд ганцаараа сууна, есөн сар хүрээд юм түшиж зогсоно гэж бичсэн байх жишээтэй. Сүүлийн үед хүүхдийн хөгжил эрт явагдах болсон. Харин тухайн сард байх ёстой хөгжлөөс хоцорч байвал эмчид хандаарай. Магадгүй хүүхэд сульдаатай байснаас булчингийн сулралтай болж болно. Өөр суурь өвчинтэй байхыг үгүйсгэхгүй. Суурь өвчин гэдэгт сульдаа, тураал, цус багадалт зэрэг ордог. Хүүхдийн эрдсийг шинжлүүлж, дутагдаж буй аминдэмийг илрүүлэх боломжтой.

-Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд эцэг, эх болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын үүрэг оролцоог хэрхэн сайжруулах ёстой вэ. Мөн хүүхдэд боловсрол олгох, нийгэмшүүлэх тал дээр төр, засгаас ямар ажил хийгээсэй гэж хүсэж байна вэ?

Ц.Ц: -Дэлхий нийтээр хүний зүрх, элэг, бөөрийг шилжүүлэн суулгаж байгаа ч тархийг эмчилж чадахгүй байна. Тиймээс эмгэг үүсэхээс нь өмнө тархийг хамгаалах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүүхэд нэг удаа татахад тархинд эргэшгүй өөрчлөлт өгдөг. Мөн эхийн хэвлийд байхдаа хүчилтөрөгчийн байнгын дутагдалд байх нь хүүхдийн тархинд эмгэг үүсгэх эрсдэлтэй. Хэдийгээр тархинд эргэшгүй өөрчлөлт орсон ч эрт оношилсноор арга хэмжээ авах боломж бий. Жишээлбэл, тархинд нь цус харвасан хүнд хөдөлгөөн, хөдөлмөр зэрэг сэргээн засах эмчилгээг уйгагүй хийсний эцэст эерэг үр дүн гардаг.

П.Л: -Гэр бүл төлөвлөлт маш чухал. Эрүүл эцэг, эхээс эрүүл хүүхэд төрнө. Хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх зорилгоор хүүхдээ 18, 36 сартайд нь эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгт заавал хамруулаарай. Мөн ахуйн осол гэмтлээс болж хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй болох нь цөөнгүй. Эцэг, эхчүүд хараа хяналтаа сайжруулж, ухаалаг гар утсаараа хүүхдээ тоглуулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Утастай их нөхөрлөснөөс хүүхдийн хараа муудах, хүзүү гилжийх, нуруу муруйх зэрэг эмгэг үүсэж байна.

А.О: -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тасралтгүй хөгжүүлж байж ахиц гардаг. Жишээ нь, хөдөлмөр заслын эмчилгээг долоо хоног завсарлахад сурсан зүйлсийг нь дахиад эхнээс нь заах шаардлагатай болдог. Хөгжлийн бэрхшээл үүсэх шалтгааны 60-80 хувь нь олдмол байдаг. Эх хэвлийдээ хөгжлийн бэрхшээлтэй ураг тээх нь маш ховор. Тээсэн тохиолдолд ЭХО-гоор илрүүлэх боломжтой үед бид амьдарч байна шүү дээ. Нэгэнт хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон бол сэргээн засах эмчилгээ л хамгийн үр дүнтэй юм билээ. Тиймээс манай улс хүүхэд хөгжүүлэх, сэргээн засах төв олноор барьж, хэл, хөдөлгөөн, хөдөлмөр засалч мэргэжилтнүүдийг бэлдээсэй гэж хүсэж байна. Хэдий болтол хөгжлийн бэрхшээлтэй иргэд гадаад улсын хандив тусламж, төсөл, хөтөлбөрөөр “амь зуух” вэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ “хөшигний ард” нуучихсан айл ч цөөнгүй бий шүү дээ.

С.Н: -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй бол тэр айл тэр чигтээ л хөгжлийн бэрхшээлтэй мэт нийгэмд ад үзэгддэг. Бүх зүйлээс тусгаарлагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хүлээн зөвшөөрдөг аавууд их цөөн байдаг юм билээ. Мэдээж хүүхдийнхээ төлөө зүтгэж яваа сайн аав цөөнгүй. Гэхдээ олонх нь шантраад, эсвэл хүлээн зөвшөөрч чадахгүй орхидог. Ээж нь хүүхдээ асраад ажил хийх боломжгүй нөхцөлд амьдардаг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийг ажлын байраар хангах тал дээр улсаас анхаараасай.

А.О: -Ээж нь л хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тээж байгаад төрүүлчихсэн мэт буруу ойлголт нийгэмд бий. Жирэмсэн байхдаа архи, тамхи хэрэглэснээс болсон гэцгээдэг. Гэтэл эрүүл хүүхэд орноос унаад л тархиндаа цус харваж, саажилт үүссэн тохиолдол байдаг. Осол гэмтэл, өвчин эмгэг зэргээс шалтгаалж хөгжлийн бэрхшээл үүсэх нь цөөнгүй. Бидний дунд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна, цаашид ч байх болно. Тиймээс тэдэнд ээлтэй орчин бүрдүүлж өгөөч гэж хүсье.

Т.Т:- Охин минь хэдий тархины саажилттай ч ийм бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг парабочигийн АШТ-ээс алтан медаль хүртэж, аварга болсон. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ч давуу тал, чадвар бий. Тэрийг нь олж илрүүлж, хөгжүүлэх нь чухал. Түүнээс биш хүүхдүүд бүгд монгол хэл, математикийн хичээлдээ сайн байх албагүй.

Ц.Ц: -Би эрүүл мэндийн байгууллагад 40 орчим жил ажилласан ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн асуудлыг ингэж илэн далангүй сонсож, ойлгож байсангүй. Өмнө нь их өнгөц ханддаг байж. Дутуу төрсөн хүүхдийг вакцинд хамруулахдаа онцгой анхаарах хэрэгтэй юм байна гэж бодож сууна. Товлолын вакцин хийлгээд тархины саажилттай болно гэж байхгүй. Гэхдээ хууч өвчнийг нь сэдрээж болно. Тиймээс цоо эрүүл хүүхдэд л вакцин хийнэ гэдгээ дахин анхаармаар юм байна. Мөн эцэг, эхчүүдэд 18, 36 сартай хүүхдээ эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулахыг зөвлөе. Өрхийн эмч нарыг сургасан, гарын авлагаар нь хангачихсан байгаа. Өвдсөн хойно нь биш, урьдчилан сэргийлж эмнэлэгт хандаарай.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2022.03.25

Ч.Болортуяа

Дээш