“Сайн дурын ажилтнуудаа хөгжлийн бэрхшээлийн талаар гүнзгий ойлголттой болгож бэлтгэдэг”

uploaded pictureuploaded pictureТүнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа” гэсэн үг бий. Энэ үгийг  үйл хэргээрээ үлгэрлэж яваа хамт олон бол “Бид чадна эм эн нэгдэл”-ийнхэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг урлаг соёл, сайн дурын ажлаар дамжуулан нийгмийн харилцаанд оролцуулах нь тэдний гол зорилго. Хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх орон зай их бий гэж тус байгууллагынхан үзэж, энэ чиглэлээрээ сүүлийн 10 гаруй жил ажиллажээ. Тэд тэргэнцэртэй иргэдийг чадавхжуулах, ажлын байранд бэлтгэх, нийгмийн харилцаанд саадгүй оролцуулах зорилготой олон үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллагын үйл ажиллагааг сурвалжилснаа хүргэе.

“Бид чадна эм эн нэгдэл” нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн соёл урлаг, боловсрол, хандлагыг өөрчлөх чиглэлээр нийгэмдээ үйлчилдэг төрийн бус байгууллага. “Тэргэнцэртэй мисс”, тэргэнцэртэй иргэд, мэргэжлийн загвар өмсөгчдийн хамтарсан хувцас загварын шоу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах, ажлын байранд бэлтгэх “Ажилд ортол нь түгээцгээе” цахим хөтөлбөр тэдний “бүтээл”. Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд тогтвортой ажиллуулж буй компаниудыг сурталчлах “Бид чадна” цуврал контент, их, дээд сургуулийн оюутнуудын дунд зарладаг “Бид чадна” сайн дурын ажил зэрэг төсөл, хөтөлбөрөөр нь тэднийг олон хүн таних болов уу. “Бид чадна эм эн нэгдэл”-ийн тэргүүн Б.Отгонтуяа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдсан асуудал олон байгаагийн хэрээр бидэнд хийх зүйл их бий. Тиймээс ч хууль ярьж, бичиг цаас барьж, яам, Тамгын газраар гүйхээс илүүтэй бодсоноо сайн судалж, төсөл, хөтөлбөр болгон хэрэгжүүлэх нь илүү бодитой, тустай” хэмээн ярьсан юм. 

Тус байгууллагыг Б.Отгонтуяа, Х.Батчимэг гэдэг тэргэнцэртэй хоёр бүсгүй удирддаг. Зөвлөж, орчуулга хийх, хүмүүстэй уулзаж, ярилцах зэргээр тэдэнд сайн дураараа тусалдаг залуус бас бий гэнэ. Тэдэнд тусалдаг залуус бараг бүгд Америкт сургууль төгсөгчдийн холбоо (МАСА)-ны гишүүн юм байна. 2010 онд “Бид чадна эм эн нэгдэл” ТББ-ын тэргүүн Б.Отгонтуяа Америкийн Төрийн департаментын “Олон улсын манлайлагчдын хөтөлбөр”-т оролцож ирснээс хойш МАСА-тай холбоотой ажиллах болжээ. Ташрамд дурдахад, дээрх манлайллын хөтөлбөрийн 80 жилийн ой 2020 онд тохиож, үүний хүрээнд зохион байгуулсан сонгон шалгаруулалтад Б.Отгонтуяа манай улсаас сонгогджээ. Харин тус ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, хамтран үүсгэн байгуулагч Х.Батчимэг өнгөрсөн онд Австралийн Элчин сайдын яам, “Зориг” сангаас зохион байгуулсан “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-т амжилттай оролцож, суралцсан юм байна.

Цар тахлын улмаас тэд үйл ажиллагаагаа үндсэндээ цахим хэлбэрт шилжүүлжээ. “Ковид-19” дотоодод дэгдэн, хөл хорио тогтоох үетэй зэрэгцэн тэд тасалгааны болон мандлын цэцэг тарьж, түүнийгээ бизнес болгох сургалтыг Азийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, тэргэнцэртэй 20 эмэгтэйг хамруулсан аж. Энэ жилийн тухайд өмнөх төсөлд оролцогчдоос гадна сонсголын бэрхшээлтэй, гэр хороололд амьдардаг эмэгтэйчүүдийг сургалтдаа хамруулах гэнэ. Ингэхдээ хүнсний ногоо, жимсний мод тарьж, түүнийгээ бизнес болгох чиглэлээр сургахаар төлөвлөжээ.

Мөн хөл хориотой үед Б.Отгонтуяа тэргэнцэртэй хүүхэд гол дүр нь болсон “Номиогийн адал явдал” хэмээх комик ном гаргасан байна. Дараагийн цувралынхаа санаа, дүрийг ч олчихож. Тэргэнцэртэй эрэгтэй хүүхэд гол дүр нь болсон зурагт номоо тун удахгүй уншигч багачуудад хүргэх бололтой. Тэрбээр хуучнаар Зах зээлийн коллежийг номын дэлгүүрийн эрхлэгч (зохион байгуулагч) мэргэжлээр төгсөж, хожим нь МУИС-ийн маркетингийн ангид суралцжээ. Б.Отгонтуяа багаасаа урлаг, утга зохиол сонирхдог байж. Гэмтсэнийхээ дараа үүсгэн байгуулж, ажиллуулж буй “Бид чадна эм эн нэгдэл” ТББ-ын үйл ажиллагаанд нь уг сонирхол нь шингэж, нөлөөлж буйд баяртай байдгаа тэрбээр ярилаа. “Урлаг бол маш хүчтэй, хүртээмжтэй” гэж ярих нь байгууллагынхаа үйл ажиллагааг урлаг, соёлын арга хэмжээгээр дамжуулан олон хүнд хүргэж, тэр хэрээр нийгэмд нөлөөлөх гэж яваагийнх нь илрэл биз ээ.

“Мисс, мисс биш гэж ялгаж байгаа ч юм шиг эвгүй сэтгэгдэл төрүүлэх вий гэж эмээж, эргэлзсэн”

Байгууллагаа үүсгэн байгуулах гээд явж байхдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан урлаг, соёлын арга хэмжээ тун ховор болдгийг анзаарснаа Б.Отгонтуяа дурссан. Үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрны тухай ойлголт ч тун хомс байж. Америкт сургууль төгсөгч монголчуудын холбооноос 2012 онд тэргэнцэртэй, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүсийн ажлын байрыг газрын зурагт тэмдэглэх цахим хуудас бүтээх төсөл хэрэгжүүлж байснаас “Бид чадна эм эн нэгдэл” ТББ-ын түүх эхлэлтэй.

2013 онд Б.Отгонтуяа уг цахим хуудсандаа мэдээллийн ажилтнаар ажиллаж байж. Тухайн үед гадаадын улс оронд зохион байгуулдаг тэргэнцэртэй иргэдийн загварын шоуг хараад Монголд хийж яагаад болохгүй гэж анх боджээ. Тэрбээр 20 хүн ч хамаагүй урьж, тэдний дунд тэмцээн, шоу зохион байгуулж, нийгмийн сүлжээгээр түгээх тухай санаагаа уран бүтээлч найздаа хэлэхэд дэмжсэн аж.  Б.Отгонтуяа “Бараг 10 орчим жилийн өмнө тэргэнцэртэй хүмүүс тийм шоунд оролцох болов уу гэдэг нь миний хувьд хамгийн чухал байсан. Гэтэл тэд маш догдолж хүлээн авсан. Энэ л надад гайхалтай итгэл өгсөн дөө. Манай монголчууд  эрт дээр үеэс маш сайхан хувцас, хэрэглэл өмсөж, зүүж ирсэн уламжлалтай. Өөрөөр хэлбэл, энэ нь соёл болчихсон, бараг цусанд нь байдаг юм болов уу гэмээр бодол хожим төрсөн л дөө. “Тэргэнцэртэй мисс” тэмцээнийг анх 2014 онд эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөр нэг холбоотой хамтран зохион байгуулсан. Тухайн үед хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт өнөөгийнхөөс тааруу байсан. Ийм байхад тэднийг мисс, мисс биш гэж дахин ялгах ч юм шиг бодогдон, эвгүй сэтгэгдэл төрүүлэх вий гэж эмээж, эргэлзсэн. Энэ тухайгаа таньдаг тэргэнцэртэй бүсгүйчүүддээ хэлж, ярилцахад “Яагаад загварын шоугаар зогсох ёстой гэж” хэмээн тэд урам өгсөн юм. Шүлэг, яруу найраг бичдэг, дуулж, хөгжимддөг, бүжиглэх гээд олон авьяас тэдэнд бий учир эргэлзэх сэтгэл дахин төрөөгүй ээ” гэлээ.

Мөн тэд 2013 оноос тэргэнцэртэй иргэдийн бүжгийн хичээлийг мэргэжлийн бүжигчид, СУИС-ийн оюутнуудын тусламжтайгаар зохион байгуулах болжээ. Тэд цөөнгүй арга хэмжээний үеэр бүтээлээ толилуулж байжээ. Түүгээр зогсохгүй 2019 онд “Учрал” контемпорари бүжгийн томоохон тоглолт хийсэн байна. Тус тоглолтыг Германы уран бүтээлч Фабиан Конн Монголд ирж найруулж, тоглуулжээ. “Учрал” контемпорари бүжгийн тоглолт маань жинхэнэ орчин үеийн, амьд, сүнслэг, найруулгын хувьд хүн байхын тухай бүтээл” хэмээн Б.Отгонтуяа тодорхойлсон. Уг тоглолтыг илүү олон хүнд хүргэх төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас хойшлуулсан гэнэ.

Санаачилгыг нь хэрэгжүүлэх их хүч

Хэдийгээр тус ТББ-ынхан цөөхүүлээ ч сайн дурынхан том хүч болдог. Сайн дурынхныг сургаж, чадавхжуулж, тэднээр дамжуулан хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг зөв тийш залуурдах нь зүйтэй гэсэн санааг Б.Отгонтуяа 2015 онд бодож олсон ч хоёр жилийн дараа л төслөө албан ёсоор эхлүүлжээ. Учир нь тэд социализмын үед хүүхэд насаа өнгөрөөж, залуу байхад нь сайн дурын ажлын сураг, ойлголт Монголд байгаагүй. Тэр хэрээр тэдэнд энэ сэдэв шинэ байсан гэнэ. Гэхдээ л бодсоноо биелүүлж, бодитой ажил хэрэг болгон эхлүүлэхийг хүссэн учраас олон ч хүнтэй уулзаж, санаа оноо авсан байна. Тухайлбал, яг ийм чиглэлээр ажилладаг “Зориг” сангийнхантай уулзаж, зөвлөгөө авч явжээ. Сайн дурын ажил гэдэг нь оролцож байгаа оюутнууд, тухайн байгууллага, нийгэм гэсэн гурван тал бүхий цогц ойлголт. Өөрөөр хэлбэл, бүгд тэндээс авах зүйлээ авч чадаж байж л сайн хөтөлбөр болно гэдгийг ойлгосноо Б.Отгонтуяа яриад, “Оюутан, залуусын сайн дурын ажил хийх хүсэл эрмэлзлэлийг зөв голдиролд нь оруулж өгвөл маш их хүч болдог. Бидний зүгээс дэмжиж, сайн зохион байгуулбал нийгэмд том нөлөөлөл болж чадна” хэмээн тайлбарласан юм.

Тэд 2017-2019 оны сүүлч хүртэл 120 орчим оюутныг эл хөтөлбөртөө хамруулж, 20 орчим бичил төсөл хэрэгжүүлжээ. Төсөл бүр нь маш “хөөрхөн” санааг илэрхийлдэг, түүнээсээ оюутнууд их урам зориг авч, баярлахыг харах нь таатай байдгийг Б.Отгонтуяа хэлсэн. Тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн талууд ч туйлын баяртай хүлээн авч иржээ. Төгссөн оюутнуудынх нь олонх нь өдгөө ажлын байранд гарсан гэнэ. Тэд ажлын газар, салбартаа хөгжлийн бэрхшээлийн талаарх зөв ойлголтыг түгээх сайн нөлөөлөгчид болж байгаа гэдэгт тэд бүрэн итгэдэг нь илэрхий. Б.Отгонтуяа “Манай сайн дурынхан хүний эрхийн өндөр мэдрэмжтэй, хөгжлийн бэрхшээлийн талаар гүнзгий ойлголттой болгож төгсгөдөг” хэмээн итгэл дүүрэн хэлж байсан юм.

“Би чадна эм эн нэгдэл ТББ”-ыг зорьсон сурвалжилгын төгсгөлд Б.Отгонтуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн, тэднийг нийгмийн харилцаанд татан оролцуулах үйл ажиллагаа манайд маш сул байгааг онцолсон. Түүнчлэн тэдний бэрхшээл хүнд биш, нийгэмд байдгийг дурдлаа.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2022.02.09

Б.Номин


Дээш