Сонсголгүй иргэд сонсохоос бусдыг хийж чадна

uploaded pictureuploaded pictureМонгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос Соёлын яамтай хамтарч “Олон улсын дохионы хэл болон сонсголгүй иргэдийн соёл, урлаг, уран бүтээлийг дэмжих бүтээл туурвил” төсөл хэрэгжүүлж байна. Соёлын яамнаас өнгөрсөн зун уран бүтээлчдийн дунд төслийн уралдаан зарлаж, шалгарсан зарим бүтээлд тэтгэлэг олгосон. Олон уран бүтээлч үүнд өрсөлдсөн бөгөөд шилж шалгаруулсан цөөн төслийн нэг нь Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооныхны санаачилга юм. Тус холбооны төсөл нь шаардлага хангасан, соён гэгээрүүлэх ач холбогдолтой гэж Соёлын яамнаас үзжээ. Үндэсний холбооныхон ч төслөө амжилттай хэрэгжүүлж, сонсголгүй иргэд сонсохоос бусдыг хийж, баялаг бүтээж чадахыг харуулсаар байна.

Монголын сонсголгүй иргэдийн түүхэн замналын номыг төслийн хүрээнд бүтээж, уншигчийн гарт хүргэхэд бэлэн болжээ. Сонсголгүй иргэд 1990 оноос хойш хэрхэн аж төрж, хийж бүтээж, өөрсдийгөө яаж хөгжүүлж ирсэн түүхийг энэхүү номд багтаасан байна. Мөн нийгэмд үр өгөөжтэй ажил хийсэн иргэдийн бүтээлийг оруулжээ. Номын эхийг хэвлэлтэд шилжүүлсэн бөгөөд ойрын хугацаанд уншигчдын хүртээл болгох аж. Сонсголгүй гишүүнтэй гэр бүлүүд тэднийхээ авьяас, ур чадварыг нээх, нийгэмд оролцуулах, хөгжүүлэхэд эл ном хувь нэмрээ оруулна гэж төслийн багийнхан онцолсон. Хамгийн гол нь энэ номыг бүтээснээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд зөвөөр таниулах чухал ач холбогдолтой. Мөн олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөхөд чухал хувь нэмэр оруулна гэж үзжээ.

Төслийн хүрээнд хийж буй хоёр дахь ажил нь “Олон улсын дохионы хэлээр ярьж сурцгаая” нэртэй ном. Мөн монгол дохионы хэл, англи тайлбартай харилцан ярианы гарын авлага бэлтгэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, нийт 1000 үгтэй олон улсын дохионы хэлний ном, харилцан ярианы гарын авлагыг нийтэд хүргэхээр өдгөө хэвлэлд бэлтгэж буй гэнэ. Номд багтаасан дохио, зураг, үг болгон кодтой. Гар утсандаа тухайн кодыг уншуулахад л дохионы хэлний дүрс, хөдөлгөөнийг харж болох технологийн шийдэл боловсруулж буйгаараа уг бүтээл онцлог юм билээ. Иргэн гадаад улс оронд аялж, тухайн газрын хүмүүстэй харилцахдаа энэхүү ном, гарын авлагыг ашиглах боломжтой. Тухайлбал, эдгээр бүтээл нь мэндчилгээ, аялал жуучлал, унаа тээвэр, худалдан авалт, ресторан, спорт, эмнэлэг зэрэг сэдвээс бүрдсэн бөгөөд англи хэлний хадмал бичвэр хавсаргасан тул зөвхөн монголчууд төдийгүй гадаад иргэд ч ашиглаж болох нь. Түүнчлэн Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос төслийн хүрээнд дохионы хэлний www.deaf.mn цахим хуудас ажиллуулж эхэлсэн байна. Уг цахим хуудаснаас дүрс бичлэг, зураг, үг зэргийг харж, олон улсын дохионы хэлийг бие даан сурах боломжтой.

Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо 1978 онд Дүлий иргэдийн нийгэмлэг нэртэйгээр байгуулагдаж байжээ. Тус холбоо дээр дурдсан төслийг хэрэгжүүлэхдээ сонсголгүй иргэдийн дэмжлэг, тэднийг хөгжүүлэхэд хүчин зүтгэж буй бусад холбоо, төрийн бус байгууллагатай нэгдэж, хамтдаа хөгжих боломжийг эрэлхийлсэн аж. Өөрөөр хэлбэл, сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллаж, олон хүний хүч хөдөлмөр шингэсэн хамтын бүтээлийг анх удаа бэлтгэсэн нь энэ.

Төсөл хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү, хүндрэл учруулсан асуудал нь монгол дохионы хэл байсныг уг холбооныхон хэлсэн. Учир нь Монголд үндэсний дохионы хэлний хууль байхгүй, энэ талаарх судалгааны бүтээл ч тун хомс аж. Тиймээс Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооныхон монгол дохионы хэлийг эхнээс нь нэгбүрчлэн судлахад багагүй хөдөлмөр зарцуулжээ. Мөн хэдэн мянган үгээс хамгийн хэрэгтэй, ач холбогдолтойг нь нэн тэргүүнд сонгож, номдоо оруулсан байна.

“Уг ажлыг хэрэгжүүлснээр сонсголгүй иргэд маш их урам авсан нь төслийн гол үр дүн” гэж үндэсний холбооныхон дурдсан. Тодруулбал, төсөл хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд саадгүй оролцох боломж нь тэлжээ. Түүгээр зогсохгүй сонсголгүй иргэдийн соёл урлагийн чиглэлээр гаргасан бүтээлийг нийгэмд таниулах боломж бүрдсэн байна. Мөн мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн сонсголгүй иргэд энэ төсөлд маш сайн оролцож, дүрс бичлэг хийн, эвлүүлж, хэвлэлийн эх бэлтгэж, орчин үеийн технологийн шийдэл ашиглан, дэлхийн хэмжээнд ч ашиглах боломжтой бүтээл гаргалаа.

Сонсголгүй иргэдийг хамруулсан, тив, дэлхийн хэмжээний хурал, уулзалт, зөвлөгөөн, олимпын наадам, уралдаан, тэмцээн олон улсад цөөнгүй болдог. Монгол иргэд тэдгээрт оролцохын тулд олон улсын дохионы хэл сурах зайлшгүй шаардлагатай тул ном, гарын авлага бүтээх шийдэлд хүрчээ. Түүнчлэн төслийн хүрээнд бүтээсэн ном, гарын авлагыг судалснаар олон улсын төдийгүй монгол дохионы хэлээ ч сурах боломжтойгоороо онцлог юм билээ.

Сонсголын бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцоход цөөнгүй саад бэрхшээл тулгардаг. Тиймээс тэдний олонх нь нийгмийн амьдралд төдийлөн оролцож чаддаггүй, мэдээллээс ч нэлээд хоцордог аж. Манай улсад одоогоор өргөн нэвтрүүлгийн цөөн телевиз мэдээллийн хөтөлбөрөө дохионы хэлмэрчтэй хүргэдэг. Харин үүнээс бусад хөтөлбөр болох кино, дуу хөгжим, энтертайнмент, танин мэдэхүй, боловсролын нэвтрүүлэг нь дохионы хэлмэрчгүй. Мэдээллийг хүртээмжтэй хүргэдэггүйгээс сонсголгүй иргэдэд үзэх харах зүйл хомс, хөгжих боломж нь хязгаарлагдмал.

Мэдээллийн хүртээмжээр Япон, Солонгос, Филиппин хамгийн шилдэг нь гэнэ. Жишээ нь, Филиппинд саяхан дохионы хэлний хуулиа баталжээ. Мөн Америкт мэдээллийн хүртээмж маш сайн бөгөөд дохионы хэлмэрчийн буланг дэлгэцийн дөрөвний нэг хэмжээнд байлгах стандарттай гэнэ. Манай улс ч эдгээр орны жишгээр сонсголгүй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох, мэдээлэл авах боломжийг нь нэмэгдүүлэх шаардлагатайг Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооныхон хэлсэн. Уг ажилд сонсголгүй иргэд идэвх санаачилгатай оролцож, хамтрах боломж ч бий гэдгийг тус холбооныхон энэ ташрамд уламжиллаа.

Дохионы хэл нь сонсголгүй иргэдийн эх хэл. Тиймээс дохионы хэлний толь бичиг нь сонсголгүй иргэдийн хувьд маш чухал хэрэглэгдэхүүн юм. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэгш хүртээмжтэй боловсролд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа өнөө үед энэхүү олон улсын дохионы хэлний толь бичиг сонсголгүй хүмүүст маш чухал гарын авлага болох аж. Сонсголын бэрхшээлтэй сурагчид 2017 оны гуравдугаар сард нийслэлийн 29 дүгээр сургуулийн багш нар дохионы хэл сайн мэддэггүй, зарим нь бүр огт мэдэхгүй учраас хичээл үр дүнгүй өнгөрдөг хэмээж байсан удаатай. БСШУЯ-наас тухайн үед уг асуудлыг анхаарна, судална хэмээсэн ч өнөөдрийг хүртэл багш нарыг чадавхжуулж, дохионы хэл сургасан нь үгүй. Энэ байдал нь сонсголгүй иргэд мэдээлэл олж авах эрхийг илт хязгаарладаг гэнэ. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургуулийн багш нар дохионы хэл мэдэхгүй учраас сурагчид 12 ангиа төгсөхдөө суурь мэдлэгээ ч бүрэн авч чадаагүй байдаг. Тухайлбал, 29 дүгээр тусгай сургуулийн зарим сурагч 12 дугаар ангиа төгсөхдөө унших нь битгий хэл, нэг бүтэн өгүүлбэр ч зөв бичиж чаддаггүй юм байна. 

Дохионы хэл нь гадаад хэл сурахтай адил амаргүй хөдөлмөр. Тиймээс эл асуудлыг бодлого боловсруулагчид анхаарч, ном, толь бичиг гаргахад дэмжлэг үзүүлсэнд Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос талархал илэрхийллээ. Тэгвэл үүний дараагийн алхам нь дохионы хэлийг хуульчлах гэж тус холбооныхон дурдсан юм. Учир нь дохионы хэлийг хуульчилснаар сонсголгүй иргэд сурч, боловсрох, мэдээлэлтэй болоход эерэг нөлөө үзүүлж чадна. Жишээ нь, дохионы хэлний хуультай болж, хэлмэрчдийг системтэйгээр бэлтгэдэг болчихвол өдгөө тулгарч буй олон асуудлыг шийдэх боломж бүрдэхийг сонсголын бэрхшээлтэй иргэд онцолж байлаа.

Эх сурвалж: Өнөөдөр сонин   2022.01.12

                        Д.Мягмаржаргал


Дээш