“Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал”-ын стандартыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх дадлага сургалтыг зохион байгуулж байна
Гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндай үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн хүрээнд “Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын нийтлэг шаардлага MNS 6948:2021” стандартыг 2021 онд баталсан.
Энэхүү стандартыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх дадлага сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, АНУ-ын Тусламжийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал” сургалт зохион байгуулж байна.
Сургалтыг Хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар суурин төлөөлөгч Кайно Аяако, ОБЕГ-ын Дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нар нээж, гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын асуудлын ач холбогдол, салбар дундын хамтын ажиллагаа, бэлэн байдлын ач холбогдол цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ талаар нэгдсэн мэдээлэл өглөө.
Тус сургалтаар 21 аймаг 9 дүүргийн Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төлөөлөлд 2021 онд шинээр батлагдсан дараах 12 сэдвийн хүрээнд сургана.
Үүнд:
• Гамшгийн үеийн хүүхэд хамгааллын стандартын ерөнхий танилцуулга, зарчим, нэр томъёо, бүтэц
• Бэлэн байдал ба хариу үйлчилгээ
• Гамшиг, онцгой байдлын үед дэх “Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын нийтлэг шаардлага MNS 6948:2021” стандартын хэрэглээ
• Гамшгийн үед хүүхэдтэй ажиллахдаа хэрэглэх бүлгийн ажлын арга зүй
• Гамшгийн үе дэх гэр бүлд түшиглэсэн асрамж халамжийн хувилбарт үйлчилгээ
• Гамшгийн үед нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга зүй
• Өвөлжилтийн бэлтгэл ба хүүхэд хамгаалал
• Гамшгийн үеийн хоол тэжээл, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, сайн дурынхан, олон нийт, хувийн салбарын оролцоо.
Сургалтын үр дүнд үндэсний хэмжээнд гамшиг, онцгой байдлын үед хүүхдийн эрхийг хэрхэн хангаж ажиллах талаар үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх ач холбогдолтой юм.