Амьдралын чанарыг сайжруулах зорилготой сэргээн засах үйлчилгээ

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureУлсын бүртгэлийн ерөнхий газрын зүүн урд талд цайвар ногоон өнгийн барилга бий. Өмнө нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс байсан энэ байранд Сэргээн засах үндэсний төв үйл ажиллагаа явуулж эхлээд хэдийн долоон жил өнгөрчээ. Эмчилгээ, үйлчилгээ сайтай хэмээн олон хүн уг төвийг зорьж очдог юм билээ. Цус харвасан болон гэмтлийн дараах саажилт, нуруу нугасны гэмтэл, тулгуур эрхтний бэрхшээл, үе солиулах хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх гэсэн иргэдийн хөлд дарагдсан уг эмнэлгийн өргөтгөлийн барилгыг 2014 онд ашиглалтад оруулснаар хөдөлмөр болон хөдөлгөөн заслын өрөөтэй болжээ.

Цус харвалтын хүндрэл, саажилт, нуруу нугасны гэмтэл, тархины мэс заслын дараах танин мэдэхүйн өөрчлөлтөд орсон хүмүүст хөдөлмөр заслын эмчилгээ маш чухал болохыг тус эмнэлгийн ахуйн сургалт, эмчилгээний аргазүйч Г.Чинзориг хэллээ. Өглөө сэрээд ор дэрээ хураах, гар нүүрээ угаах, хувцсаа өмсөх, үсээ самнах зэрэг өдөр тутмын үйл ажиллагаа нь алдагдсан хүмүүст хөдөлмөр засалчид бүхнийг эхнээс нь зааж сургадаг юм байна. Хувь хүний бие даах чадварыг сайжруулах нь тус төвийн үйлчилгээний гол зорилго бөгөөд хувцсаа өмсөж мэдэхээ больсон иргэн ч цөөнгүй ирдэг гэнэ. “Тулгуур эрхтний төрөлхийн болон олдмол бэрхшээлтэй, саа саажилттай, цус харвалтын дараа эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүст урт хугацааны сэргээн засах эмчилгээ шаардлагатай. Хэдийгээр манай төвд иргэд 7-10 хоног хэвтэн эмчлүүлээд гардаг ч үр дүн сайтай. Үйлчлүүлэгчид маань дахин ирэхдээ биеийн байдал нь илт сайжирсан байдаг. Бид өвчтөнд болон гэр бүлийнхэнд нь гэртээ ямар арга хэмжээ авах талаар нэгд нэгэнгүй зааж, зөвлөдөг” гэж Г.Чинзориг эмч ярсан. 

Хөдөлмөр, хөдөлгөөн, хэл засал, дулаан, цахилгаан, гэрэл нь тус төвийн үндсэн эмчилгээ аж. Харамсалтай нь, манай улсын боловсролын салбар хэл засалч бэлтгэдэггүй тул уг эмнэлэгт ийм мэргэжилтэн байдаггүй гэнэ. Тиймээс ахуйн аргазүйч нь хэл заслын эмчилгээгээ давхар хариуцдаг аж. Хэл ярианы өөрчлөлттэй хүмүүсийн залгих үйл ажиллагаа давхар алдагдсан байх нь цөөнгүй гэнэ. Тухайлбал, хоолоо зажилдаг хэрнээ залгихгүй завжиндаа хураах, шингэн зүйл уухаараа амаараа гоожуулах зэрэг бэрхшээл тулгардаг байна. Тиймээс хэрхэн зөв залгих болон өгүүлэхийн эрхтний булчингийн үйл ажиллагааг сайжруулах дасгал заадаг ажээ. 

Сүүлийн үед нойргүйдэлд орсон хүмүүс цөөнгүй хандаж буйг сэргээн засах эмч О.Гантулга онцоллоо. Нойргүйдлийн эсрэг эмчилгээ хийлгэж буй өндөр настан Д.Лхагваа “Би архаг нойргүйдэлтэй. Шөнө ганцхан цаг унтдаг. Ийм байдалтай гурван сар болоод энэ эмнэлэгт ирсэн. Зүү тавиулж, унтуулах тан ууж, дусал залгуулсны хүчинд урьд шөнө сайхан амарлаа. Өмнө нь энэ эмнэлэгт нэг удаа хэвтэж эмчлүүлсэн. Тэр үед би таягтай явдаг байв. Одоо өрөөсөн хөлийн өвдөг л бага зэрэг өвдөхөөс биш, таяг тулах шаардлагагүй болсон” гэв. Үүнээс гадна коронавирусийн дараах хүндрэлийн улмаас нойргүйдэлд автсан хүн цөөнгүй хандах болжээ. Энэ талаар О.Гантулга эмч “Ковид-19”-ийн дараах хүндрэл, синдром цөөнгүй илрэх болсон. Ийм шинж тэмдэгтэй хүмүүст уламжлалт болон сэргээн засах эмчилгээг хавсарч хийж байгаа. Гэхдээ голдуу зүү эмчилгээгээр дагнаж буй. Бид коронавирусийн дараах уушгины сэргээн засах эмчилгээг ойрын хугацаанд эхлүүлэхээр болсон” гэв.

Сэргээн засахын үндсэн эмчилгээний нэг нь хөдөлгөөн засал. Хөдөлгөөн заслын өрөөнд дасгал хийх боломжтой тоног төхөөрөмжүүд суурилуулжээ. БНСУ, ХБНГУ, Японд үйлдвэрлэсэн, орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл анхаарал татахаар харагдав. Уг өрөөнд 3-4 хүн дасгал хийж байв. Тэдний нэг болох С.Мөнхбат “Би нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж байгаад цэргийн байнгын чөлөөндөө гарсан. 2021 оны есдүгээр сард гараашдаа засвар хийж байгаад өндрөөс унаж бэртсэн юм. Аарцаг нуруугаа гэмтээж, ГССҮТ-д хоёр сар эмчлүүллээ. Нөхөн сэргээх эмчилгээ сайтай гэж сонсоод энэ төвд хандсан. Эмч, ажилтнууд нь найрсаг, эмчилгээ, үйлчилгээ сайн, хоол унд сайтай юм байна. Бумба, зүү тавиулж, цахилгаан, физик эмчилгээ хийлгээд бие сайжирлаа. Босож суух, алхах зэргээр хөдлөхдөө удаан байсан бол эмчилгээ хийлгээд харьцангуй сайжирсан. Би мэс засал хийлгэсэн учраас хөдөлгөөн заслын эмчилгээ хийх хориотой. Энд дасгал хөдөлгөөн хийж буй хүмүүсийг харж явна. Хэвтэн эмчлүүлэх хугацаа бага байна. Ядаж 14 хоног хэвтэж эмчлүүлбэл илүү үр дүн гарна шүү дээ” хэмээв. Тэрбээр тус төвд долоо хоног хэвтэж эмчлүүлжээ. Түүний яриаг залгуулан сэргээн засах эмч О.Гантулга “Сэргээн засах эмчилгээг Монголд цогцоор нь хийж чадахгүй байгаа нь нууц биш. Өвчний цочмогдуу үед урт хугацааны сэргээн засах эмчилгээ шаардлагатай байдаг. Эмчлэх хугацаа богино учраас гарах үр дүн ч удаан. Осол, гэмтлийн улмаас хөдөлгөөн болон оюун ухаанд нь өөрчлөлт орсон иргэдэд сэргээн засах эмчилгээг эхний зургаан сард хийвэл илүү үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, өвдсөн эхний зургаан сардаа эмчлүүлбэл тухайн хүний хэл яриа, танин мэдэхүй, хөдөлгөөний үйл ажиллагааг сэргээхэд дөхөм болдог. Өвчтөнд ч зааж сургасан зүйлийг амархан дадал болгодог. Гэтэл тэр хугацаанд шаардлагатай тусламжаа авч чадахгүй өнгөрөөсөн байх нь цөөнгүй. Сэргээн засах эмчилгээг эрт авч чадвал гэмтлийн дараах хүндрэлээс сэргийлэх боломжтой. Тухайлбал, хэвтрийн өвчтөн зургаан сар болоод манай эмнэлэгт ирэхэд арьс нь холгож, цоорчихсон байна. Заримынх нь шарх ихсэж, дөрөвдүгээр зэрэгт хүрч хүндэрсэн байх жишээтэй. Тиймээс арьс холгож, цоорохоос яаж сэргийлэхийг ар гэрийнхэнд нь зааж сургах хэрэгтэй. Эмнэлгүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулахгүй бол дунд нь иргэд хохирох асуудал гарсаар байна” гэж ярив. Тэрбээр мөн “Өвчтөний орыг ямар ч хуниасгүй, тэвхийтэл засах хэрэгтэй. Хэвтэж буй хүнийхээ байрлалыг хоёр цаг тутамд өөрчлөх нь зөв. Нэг байрлалаар удаан хэвтэхээр арьсанд даралт өгч, улайдаг. Улайсан хэсгийг илж, цусан хангамжийг сайжруулаарай” хэмээн зөвлөсөн юм. Мөн тархинд цус харвасан өвчтөний байрлалыг солих, шилжүүлж хөдөлгөхдөө буруу техник хэрэглэснээс болж тухайн хүн нурууны өвчтэй болох эрсдэлтэйг анхааруулсан. Тархинд нь цус харвасан нэгэн өвчтөнд хөдөлгөөн, хөдөлмөр заслын эмч нар хэрхэн зөв техникээр эргэх, тонгойх, явах, суух зэргийг зааж, гэр бүлийнхэнд нь зөвлөгөө өгч байв. Цус харвалтын дараа саажилттай болсон иргэд ихэвчлэн сахиуртай хэвтдэг учраас эмчээс мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой юм билээ. 

Сэргээн засах эмчилгээг хамт олон, нийгэм, гэр бүлд нь түшиглэн явуулах зорилготой байгаагаа тус төвийн ерөнхий эмч, клиникийн профессор Б.Өнөрбилэг ярив. Түүнээс энэ талаар тодруулахад “Манайх нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр мэргэшсэн, нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг үндэсний хэмжээний төв. Голчлон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Одоогоор 10 эмч, найман сувилагч, тусгай мэргэжлийн 10-аад ажилтантай. Сэргээн засах, дотор, мэдрэл, зүрх, судасны чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг, цомхон хэдий ч мэргэшсэн баг ажилладаг. Жилд 1800-2800 хүн хэвтэн эмчлүүлдэг, амбулаторийн тусламж, үйлчилгээг 5600 хүнд үзүүлж байна. Тулгуур эрхтний бэрхшээлтэй, саа саажилттай, хөдөлгөөний хомсдолтой болон цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай насанд хүрэгсдэд үйлчилдэг. Хараа болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд дагнасан үйлчилгээ үзүүлдэггүй” гэв. Тэрбээр тус эмнэлгийн удирдлагаар томилогдоод удаагүй байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар, ХНХЯ-наас сэргээн засахын тусламж, үйлчилгээнд гойд анхаарч буйг ажлаа авсан эхний өдрөөсөө мэдэрснээ хуваалцсан юм.  

Тус эмнэлгийн тусламж, үйлчилгээг улам сайжруулахын тулд хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тухайлбал, хэвтэн эмчлүүлэгсдэд шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээ үзүүлэх “Тайван инээмсэглэл” гэх төслийг хэрэгжүүлж байгаа аж. Мөн дүрс оношилгооны рентген аппараттай болжээ. Түүнчлэн “Гэрэлт цамхаг” гэх төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэнэ. Төслийн хүрээнд бүх эмч, ажилтнаа Тайвань, БНСУ, АНУ руу тэтгэлгээр сургах аж. Үүнээс гадна Тайванийн санхүүжилтээр Яаралтай тусламжийн тасагтай болох гэж буй гэнэ. Энэ мэтээр боловсон хүчнээ чадавхжуулах, сэргээн засах эмчилгээг улам чанаржуулах ажил ар араасаа хөвөрч буйг Б.Өнөрбилэг хэллээ. 

Сэргээн засах эмчилгээний гол зорилго нь бие бялдар, танин мэдэхүй, хэл яриа хөдөлгөөнийг сэргээх явдал. Тухайн хүнд тохирсон эмчилгээгээр амьдралын чанарыг нь сайжруулах нь чухал. Сүүлийн үед 30-40 орчим насны залуус олноор хандах болжээ. Залуу хүмүүс даралтаа төдийлөн үздэггүй. Өөрчлөлт гарсан ч тоохгүй байгааг эмч нар анхааруулсан. Даралт нь ихсэж явсаар гэнэт цус харваад ирж буй залуус цөөнгүй гэнэ. Мөн жин ихтэй, чихрийн шижинтэй залуус олширсныг тус төвийн эмч, мэргэжилтнүүд онцолж, иргэд амьдралын зөв дадал зуршил чухлыг сануулсан. Хэвлийн тойрог 90 см-ээс ихсээд ирвэл чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэлтэйг О.Гантулга эмч хэлэв. Энэ талаар эрүүл мэндийн байгууллагынхан, ялангуяа анхан шатны өрхийн эмнэлгийнхэн иргэдэд сайн мэдээлж, ойлголт өгөх шаардлагатайг тэрбээр онцолсон юм. Сэргээн засах эмчилгээг хамт олонд түшиглэн хөгжүүлэхийн тулд эмнэлэг бүрт сэтгэлзүйч, хэл засалч, нийгмийн ажилтан байх хэрэгтэйг тус эмнэлгийнхэн онцолсон. Ялангуяа, өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяа газрынхаа залуусын дунд даралт ихсэх, чихрийн шижингээр өвдөх магадлал хэр байгааг судалчихвал өвчин хүндрэхээс урьдчилан сэргийлэх боломжтойг дуулгасан юм. Мөн О.Гантулга эмч “Манай төвд аль хэдийн саа саажилттай болж, хэл яриа, хөдөлгөөн нь өөрчлөгдчихсөн хүмүүс ирж байна. Аль болох өвдсөн эхний зургаан сардаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай. Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах нь бидний зорилго. Энэ зорилгынхоо хүрээнд манай төв дэргэдээ сургалт үйлдвэрлэлийн төв ажиллуулдаг. Уг төвдөө компьютер, гар урлал, оёдол, тогооч, нарийн бичиг, утас засварчин зэрэг чиглэлээр хоёр жилийн сургалт явуулж, мэргэжилтэн бэлтгэдэг. Хэвтэн эмчлүүлсэн хүмүүстээ санал тавьж, сургуульдаа сургадаг. Тэнд сурч төгсөөд, мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн цөөнгүй” хэмээлээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Ч.Болортуяа


Дээш