С.Бямбасүрэн: 6-12 сард нэг удаа сонсголоо шалгуулж, оношлуулах шаардлагатай

uploaded pictureСонсгол хамгаалах дэлхийн өдөр энэ сарын 3-нд тохиосон. Сүүлийн жилүүдэд Монголд сонсголын төрөлхийн бэрхшээлээс илүүтэй олдмолоор буюу амьдралын буруу дадал хэвшлийн улмаас сонсголоо алдах, цаашлаад дүлийрэх нь элбэг тохиолддог болжээ. Тиймээс Сонсгол хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх талаар Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, клиникийн профессор С.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Сонсгол хамгаалах дэлхийн өдрөөр энэ жил олон улсад ямар уриалга дэвшүүлсэн бэ. Үүний хүрээнд манай улсад ямар ямар үйл ажиллагаа зохион байгуулах бол?

-Дүлийрэх, сонсгол буурах гэдэг нь нэг болон хоёр чихний сонсох чадвар доголдох, эсвэл бүрэн алдагдахыг хэлнэ. Уг эмгэг нь хувь хүний амьдралын чанарт илт нөлөөлөөд зогсохгүй нийгмийн харилцаанд оролцох боломжийг нь хязгаарладаг. Дэлхий дахинд өдгөө 278 сая гаруй хүн дүлий буюу сонсголын бэрхшээлтэй амьдарч байна. Тиймдээ ч ДЭМБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 3-ныг Сонсгол хамгаалах өдөр болгон зарласан байдаг. Энэхүү өдрийг 2022 онд “Насан туршдаа сонсохын тулд сонсголоо хайрлая” уриан дор тэмдэглэхээр болсон. Үүний хүрээнд ЭМЯ-ны Чих, хамар, хоолойн мэргэжлийн салбар зөвлөлөөс гаргасан төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөө хүргэх, үзлэг, оношилгоо хийх зэрэг олон ажил хэрэгжүүлж байна. Тухайлбал, сонсгол хамгаалах, сонсох чадвар буурахаас сэргийлэхэд чиглэсэн иргэдийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг зурагт хуудас, видео шторк хэлбэрээр олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж буй. Мөн нийслэл, орон нутгийн бүх шатлалын эмнэлэг үйлчлүүлэгчдийг урьдчилан сэргийлэх үзлэгт аль болох олноор хамруулах, тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнхан, өсвөр насны хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт түлхүү оролцуулахыг зорьж буй.

-Монголд сонсголын бэрхшээлтэй хэчнээн хүн байдаг бол. Ер нь олонх иргэн ийм бэрхшээлтэй хүмүүстэй хэрхэн харилцахаа төдийлөн мэддэггүй. Тэдэнтэй чангаар орилж ярьж буйгаа ойлголцож байна гэж бодох нь элбэг.

-2021 оны судалгаагаар Монголд сонсголын бэрхшээлтэй 8708 хүн байна гэсэн албан ёсны тоо бий. Анагаахын хэллэгээр сонсгол бууралттай буюу энгийнээр “чих муутай” хүмүүс нийгмээс өөрийгөө тусгаарлан, зурагт, хөгжмийг чанга дуугаар сонсох, хүний хэлснийг давтан асуух, сонсохгүй байгаагаасаа ичиж, нэрэлхэх зэргээсээ болж зожиг болох нь олонтоо. Тиймээс тэдний эл нөхцөл байдлыг ойлгож, ойр дотно, илэн далангүй харилцах нь зүйтэй. Сонсгол нь муудаж байгааг анзаарсан даруйдаа эрт оношлуулж, нөхөн сэргээх эмчилгээ, мэс засал хийлгэвэл эдгэрэх боломжтой талаар хэлж, зөвлөх хэрэгтэй. Түүнээс биш дэргэд нь орилж, хашхирснаараа асуудлыг нь шийдэхгүй.

-Буруу дадал болон орчны чимээ, шуугианаас үүдэлтэйгээр дэлхий дахинд 1.1 тэрбум орчим хүний сонсгол буурч, улмаар дүлийрэх бэрхшээлтэй тулгараад буйг ДЭМБ өнгөрсөн онд мэдээлсэн. Тэгэхээр төрөлхийн бус, олдмолоор дүлийрэх, сонсгол буурах эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хүүхдийг дөнгөж төрөхөд л сонсголыг нь оношлуулахаас энэ бүхэн эхлэх учиртай. Улмаар цэцэрлэг, сургуульд байхад нь, мөн насанд хүрсэн хүмүүс ч гэсэн ажил, мэргэжлийн онцлогоос хамаарч 6-12 сард нэг удаа сонсголоо шалгуулж, эрт оношлуулах шаардлагатай. Сонсгол муудаж байгаа шинж тэмдэг өөрт мэдрэгдсэн даруйд мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандах хэрэгтэй. Түүнчлэн хэт чанга дуу, сонсголд сөргөөр нөлөөлдөг эм, бэлдмэлийг дур мэдэн хэрэглэхээс зайлсхийгээрэй. Чих, хамар, хоолойн өвчлөл, осол, гэмтэлд өртөхгүй байх, чих өвдсөн тохиолдолд бүрэн эмчлүүлэх гэхчлэн сэргийлж болох энгийн дадал олон бий.

-Таны хэлсэн дээр нэмээд асуухад, өнөө үед 15-35 насны залуусын 50 орчим хувь нь сонсголын бэрхшээлтэй болох эрсдэлтэй гэсэн ДЭМБ-ын судалгаа байдаг. Үүнд чихэвч удаан хугацаанд хэрэглэх, спортын тэмцээн, уралдаан, уул уурхайн олборлолтын чанга дуу, чимээ ихэвчлэн нөлөөлдөг гэж дүгнэсэн байсан. Сонсголын эрхтэн дунджаар хэдэн Гц хэмжээтэй дууг хүлээн авахад аюулгүй бол?

-15-35 насны залуус ихэвчлэн амьдралын буруу дадал, хэвшлээс үүдэлтэйгээр сонсголгүй болох эрсдэл нь улам нэмэгдсээр байгаа. Таны хэлсэнчлэн удаан хугацаагаар дуу, чимээтэй орчинд байснаар сонсгол буурах эмгэгт өртсөн нь элбэг. Иймд амьдралын буруу дадал, хэвшлээсээ зайлсхийх, ажил дээрээ хамгаалах хэрэгсэл, дуу намсгагч, чихэвч хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Хүний сонсголын эрхтэн 16-20 000 Гц дууг хүлээн авч, ялган мэдрэх чадвартай байдаг. Бидний сонсголын эрхтэнд дунджаар 85 децибелээс их чанга дуу, чимээ аюул учруулдаг. Тиймээс ядаж хөгжим сонсож байхдаа дээд хязгаарыг нь 60 хувиас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Сонсголын эрхтэн нь маш олон тооны сормууслаг эдээс бүрддэг. Энэ нь сая хэлсэн дундаж хэмжээнээс хэтэрсэн чанга дуу, чимээнд эргэн сэргэхгүйгээр үхэж, гэмтдэг гэдгийг ойлгох нь зүйтэй.

-Сонсгол буурах эмгэгийн 60 орчим хувийг эрт оношлох боломжтой гэдэг. Тэгвэл хүүхдэд ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах шаардлагатай вэ?

-Монгол Улсад сонсгол судлалын салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд оношилгоо, эмчилгээний арга технологийн хувьд дэлхийн хөгжилтэй эн тэнцэж яваа. Хүүхдийг дөнгөж төрмөгц сонсголыг нь шалгуулж, эрт оношлох боломжтойг дээр хэлсэн. Хамгийн энгийнээр хэлэхэд, бага насны хүүхэд телевиз, хөгжим зэргийг чангалж сонсох, сургуулийн насныхан цээж бичгийн даалгавраа алдаж бичих, анхаарал төвлөрөх нь муудах, хэлсэн үгийг олон давтаж асуух, чанга хашхирч ярих, нэг зүйлийг олон давтаж хэлүүлэх зэрэг шинж ихэвчлэн илэрнэ. Ийм тохиолдолд сонсгол бууралттай байж болзошгүй тул мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандаж, эрт оношлуулж, эмчилгээ хийлгээрэй.

-УГТЭ-ийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийнхны сүүлийн үед нэвтрүүлсэн эмчилгээний шинэ арга, технологиудаас хуваалцахгүй юу?

-ЭМЯ болон эмнэлгийн хөрөнгө оруулалтаар манай тасагт 2014 онд чихний мэс заслын бичил дуран, бусад оношилгоо, эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж нийлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор чихний мэс заслын шинэ арга техник, тэр дундаа нөхөн сэргээх хагалгааг тасгийн зөвлөх эмч, доктор, профессор Э.Жаргалхүүгийн удирдлагаар манайхан тусламж, үйлчилгээндээ өргөн нэвтрүүлсэн. Үүний үр дүнд жилд 290 гаруй хүнд энэ төрлийн мэс заслыг амжилттай хийж байна. Хамгийн сүүлд буюу 2021 онд тасгийн эмч, мэргэжилтнүүд Монголын чих, хамар, хоолойн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, доктор Л.Бямбасүрэнгээр ахлуулан, чихний төрөлхийн гажигтай эмчлүүлэгчид ясан гүүрийн суулгац суулгаж, сонсголыг нөхөн сэргээсэн нь амжилттай болсон. Энэ онд бид чихний дунгийн суулгацын мэс заслыг эмнэлэгтээ бие даан хийхээр бэлтгэл хангаад байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Бат-Ундрах Оюунбилэг

Дээш