Идэвхтэй амьдралтай, инээд хөөр дүүрэн “даунчикууд”

uploaded pictureГуравдугаар сарын 21 бол Дэлхийн дауны өдөр. Олон улсад өргөн тэмдэглэдэг энэ өдрийг Монголын дауны холбооныхон ч төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж өнгөрөөдөг уламжлал тогтжээ. Энэ жилийн тухайд тус холбооныхон 20-нд олон улсын өдрийг угтуулан баярын өдөрлөг зохион байгууллаа. Арга хэмжээний хөтөлбөр дэх сонирхолтой нэгэн шигтгээ нь “даунчик”-уудын бүжиг байсан. Даунтай залуус үүнд хэрхэн бэлтгэснийг сурвалжилсан юм.

Бид Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг “Pro one” хэмээх оффисын барилгын долдугаар давхарт очлоо. Тэнд бүжгийн багш А.Оюунгэрэл даунтай залуус болон тэдний ээжүүдэд торгууд бүжиг зааж байв. Иог, бүжгийн сургалтын байр нь тун тохилог аж. Нэг хана нь тэр чигээрээ толь, таазандаа агаарын иогийн хэрэглэлтэй. Мөн төгөлдөр хууртай ч юм билээ. А.Оюунгэрэл багш бидний зорилгыг сонсоод, тэнд хүүхдүүдтэйгээ хамт бүжиг сурч байсан ээжүүдэд тайлбарлахад бүгд уриалгахан хүлээн авч, танхимд орохыг урьсан. Хичээлийг нь тасалдуулахгүйн тулд хэсэгтээ ажиглаж суулаа. Даунтай нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэд болон тэдний ээжүүд бүжгийн хөдөлгөөнүүдийг сурахаар хичээнгүйлэн чармайна. Хүүхдүүд гэж хэлж буй боловч тэд бүгд 20 гарсан залуус л даа. Уншигчдад ойлголт өгөх үүднээс тайлбарлая. Дауны хам шинж нь хүний эсийн 21 дэх хромосом хос бус, харин гурав болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал юм. Энэ нь өвөрмөц царай төрх болон оюун ухааны удаан хөгжлөөр илэрдэг. Даунтай насанд хүрсэн хүний дундаж IQ 50 байдаг бөгөөд оюун ухааны хөгжил нь хүүхдийнхтэй адил. Тэгэхээр ингэж төрсөн хүмүүсийг өвчин, эмгэгтэй гэж үзэхгүй. Харин нэгэнт насанд хүрсэн ч оюун ухаан нь хүүхдүүдийнх шиг. Тиймээс тэднийг хүүхдүүд гэж ярих нь элбэг. Манай улсын Дауны холбооныхон бол тэднийг “даунчикууд” гэж дууддаг юм билээ. 

Бүжиг сурах залуус ихэд хичээж буй нь анзаарагдаж байлаа. Багш “Х.Болор-Эрдэнэ доошоо суу. Цээжээ унагаах гэж байгаа юм шиг хажуу тийш налуулаарай. Одоо гараа өргөнө. Доороос дээш нь аажим өргөнө шүү. Харин одоо шувуу дэвэх мэт хөдөлгөөн хийнэ” гэж зааварчлахад залуус бүгд даган хөдөлж байлаа. Тэдний дундаас Болор-Эрдэнэ хэмээх охин эвсэлтэйгээрээ ялгарч байв. Багш “Одоо амьсгал аваад, гаргаж байгаа юм шиг хөдөлнө. Мөр чилнэ шүү” гэхэд дунд зогсох хүү “Ийм удаан хийх юм уу. Өвдөөд байна” гэх аж. Ээжүүдийн нэг нь ч түүнийг дэмжиж байгаа бололтой “Харин тийм ээ, харахад амархан юм шиг мөртлөө дагаад хийхээр хэцүү юм байна аа” гэв.

Тэд өмнөх хичээлээр ташаагаа илүү хөдөлгөх дасгалууд заалгасан бол энэ өдөр “мөртэйгөө ноцолдох” хуваарьтай юм байна. Баруун монгол ардын бүжиг тул бий биелгээнийх гэмээр хэсгүүдтэй. Багш хоёр гараа баруунаас зүүн рүү зэрэг татах хөдөлгөөнийг хэд хэдэн удаа давтуулснаа “Яг юм арчиж байгаа мэт хөдөлгөөн хийнэ шүү” гэхэд бүгд ойлгож, яг л дуурайж байв. Гэтэл арын эгнээнд зогссон хүү “Толгой эргээд байна аа” гэлээ. Багш “Тэгнэ, тэгнэ. Хараагаа нэг цэгээс салгахгүй байлгах юм шүү. Хэдийгээр толгойгоо эргүүлж байгаа боловч харааг нэг цэгээс огт салгахгүй байвал толгой эргэхгүй. За, одоо бүгдээрээ давтъя” хэмээлээ. Ийнхүү даунтай залуус ээж нарын хамт “Тоохуу нэгэн гос” хэмээх дууны хөгжимд торгууд бүжиг сурах үйл явцыг ажигласаар суулаа. Суралцагсад хэн хүнгүй ядрав бололтой, түр завсарлахад боломжийг ашиглаж, залуустай ярилцлаа.

Эвсэлтэй гэж өмнө дурдсан Х.Болор-Эрдэнэ бүжигчин аж. Тэрбээр БНСУ-д тус улсын Дауны холбооныхны зохион байгуулсан бүжгийн уралдаанд оролцсон туршлагатай юм байна. Охин хайртай солонгос дуучныхаа тоглолтыг эх оронд нь очиж үзэхээр гэрийнхэнтэйгээ тус улсыг зорьсон тухайгаа ярьсан юм. Ээжийнхээ сайн туслагч тэрбээр дэлгүүрээс хүссэнээ аваад банкны карт уншуулан төлбөр хийдэг гэнэ. Гэртээ зурагт хамгийн их үздэг нь гэдгээ ойлгодог тул халамжийн мөнгөнөөсөө интернэт ашигласны төлбөрөө төлж дадсан. Сар бүр тэр өдрийг алгасахгүйн тулд хуанли дээр тэмдэглээд, тун хариуцлагатайгаар өөрөө очиж төлдөг. Мөн тэрбээр Багахангайд байдаг зуслангийн гэртээ очихоороо мод тарьдаг аж. Чавга, үхрийн нүд, алим, интоорын мод ч тарьжээ. Гэхдээ одоогоор үхрийн нүднийхээс бусад нь үр жимсээ өгөөгүй. Тарьснаас хойш 5-6 жилийн дараа жимс ургана гээд хүлээж буй гэсэн.

Б.Эрдэнэболд 27 настай. Гэрийнхээ ихэнх ажлыг хийдэг. Хувцас угаах дуртай. Гэсэн ч ээж нь зөвхөн оймсыг нь л угаалгадаг аж. “Ковид”-оор өвдөхөөс болгоомжилж амны хаалт байнга зүүж хэвшсэн. Вакцины хоёр тун хийлгэсэн. Цай болон бүлээн унд ууж дархлаагаа дэмждэг. Багадаа ууртай хүүхэд байсан бол одоо хэр баргийн зүйлд бухимдахаа больжээ. Өмнө нь “Толгой эргээд байна” гэж байсан Г.Бямбасүрэн 25 настай. Халамжийн тэтгэмжээсээ заримдаа байрны мөнгөө төлж, гэрийнхэндээ тусалдаг. Ээж нь хоол хийх үед төмс, ногоо арилгаж өгдөг. Өөрөө ч хоол хийх дуртай. Гэсэн ч гэрийнхэн нь хуруугаа эсгэнэ гээд хутга бариулдаггүй гэнэ. Залуус энэ мэтчилэн өөрсдийгөө танилцууллаа. Ялангуяа Б.Эрдэнэболд нэлээд ярих дуртай аж.

Дэлхийн дауны өдрийг тэмдэглэх хүрээнд “даунчик”-уудад торгууд бүжиг зааж буй А.Оюунгэрэл багштай цөөн хором ярилцлаа. Тэрбээр Бээжинд олон улсын бүжгийн багшаар ажиллаж байгаад 2018 онд эх орондоо ирсэн юм байна. Ирээд удалгүй амаржсан болохоор Монголдоо бүжиг төдийлөн заагаагүй. Харин саяхнаас “даунчик”-уудтай найзалж эхэлжээ. Үндсэн мэргэжил нь эдийн засагч. Түүгээрээ нэлээд хэдэн жил ажиллаж байгаад урд хөршийг зорьсон бөгөөд сонирхлоороо Бээжин дэх Бүжгийн академид суралцаж, сертификаттай болсон, олон үндэстний бүжгийн багш аж. Түүнтэй ийнхүү хөөрөлдөх зуур ээж нар хоорондоо хүүхдүүд нь киноны зураг авалтад оролцсон тухай ярихыг сонссон юм. Энэ талаар ээж нараас тодруулахад “Тийм ээ. Манай хүүхдүүд киноны олны хэсэгт оролцсон” гэлээ.

Ийм нэгэн тун идэвхтэй, эвсэг найрсаг, хөгжилтэй, ярилцахад ч сонирхолтой хүмүүсийн дунд хэсэг байхад хамаг ядаргаа арилчих шиг санагдав. Тэднийг илэн далангүй, нээлттэй, харилцаа сайтай, тун ухаалаг гэж дүгнэж болох аж. Монголын дауны холбоог үүсгэн байгуулагчид, удирдлага, гишүүд Дэлхийн дауны өдрийг хамтдаа хэрхэн баяр хөөртэй, үр бүтээлтэй тэмдэглэдгийг ч харлаа. Даунтай хүмүүс хүнлэг, хичээнгүй, нөхөрсөг, багийн найдвартай гишүүн гэдгийг олон нийтэд таниулах, тэд нийгмийн амьдралд эрх тэгш оролцогч, хөгжилд нь хувь нэмрээ оруулагч, хөдөлмөр эрхлэгч, баялаг бүтээгч байж чадахыг тунхаглахын тулд Дэлхийн дауны өдрийг тус холбооныхон ийнхүү тэмдэглэдэг юм байна.

Жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг Дэлхийн дауны өдөр болгох санаачилгыг Дэлхийн дауны холбооноос 2006 онд анхлан зарлажээ. Сар болон өдрийг 21 дэх хромосомын гурвал хэмээх нэр томьёотой адил байхаар сонгосон аж. Монголын дауны холбоог 2008 онд дауны хам шинжтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн санаачилгаар байгуулсан бөгөөд 500 гаруй гэр бүл нэгэн дээвэр дор нэгджээ. Холбоог байгуулсан цагаас эхлэн үйл ажиллагаа идэвхтэй явуулсаар Ази, Номхон далайн Дауны холбооны албан ёсны гишүүн болжээ. Мөн энэхүү олон улсын нэр хүндтэй байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлд саналын эрхтэй сонгогдон ажилладаг аж. Тус холбоо мөн Дэлхийн дауны холбооны гишүүн бөгөөд Дэлхийн дауны өдрөөр НҮБ-ын Нью-Йорк болон Женевийн төв оффист уригдан илтгэл тавьж байсан удаатай.

Холбооныхон дауны хам шинж гэж юу болох, түүний онцлог, эрт илрүүлэг, хөгжлийн түвшний тодорхойлолт, боловсрол, сэтгэл зүйн талаарх мэдлэгийг эцэг, эх болон нийгэмд олгох зорилготой ажилладаг. Түүнчлэн нийгэмд эерэг хандлага, үйл ажиллагаа, зөв ойлголт бүрдүүлэх зорилгоор сүүлийн 10 гаруй жил дотооддоо болон олон улсад төрөл бүрийн контент бүтээж, арга хэмжээ зохион байгуулсаар иржээ. Холбооны эрхэм зорилго нь дауны хам шинжтэй хүмүүсийг хөгжүүлэх, эрхийг нь хамгаалах, нийгэмд эергээр таниулах. Харин алсын хараа нь нийгмийн амьдралд эрх тэгш оролцдог Монгол Улсын татвар төлөгч иргэн болгон төлөвшүүлэх. Холбоо тогтвортой үйл ажиллагааны гурван чиглэлтэй. Үүний нэг нь 0-6 насны хүүхдийг эрт оролцооны хөтөлбөрт хамруулж, биеийн болон оюуны хөгжлийн хоцрогдлыг арилгах, хөгжүүлэх аж. 0-6 насанд олсон зөв дадал, боловсрол нь дауны хам шинжтэй хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх чухал суурь болдог байна. Үүний хүрээнд хүүхдүүдийг энгийн сургуульд тэгш хамран сургах чиглэлээр Хан-Уул дүүргийн 130 дугаар сургуульд дауны хам шинжтэй хүүхдийн анги нээжээ. Уг ангийн сурагчид биеийн тамир, хөгжмийн хичээлээ бусад хүүхэдтэй хамт үздэг. Энгийн сургуульд даунтай хүүхдүүд суралцсанаар хүний ялгаатай хөгжлийг ойлгуулж, бие биенээ хүндлэн амьдрах хүмүүнлэг нийгэм бүтээх суурь хөрсийг тавьдаг байна. Мөн Монголын дауны холбоо хөдөлмөр сургалтынхаа төвд 18-аас дээш насны дауны хам шинжтэй залуусыг хамруулж, ажлын дадал хэвшил олгож, улмаар ажлын байранд гарч ажиллахад бэлтгэж, хөгжүүлдэг юм байна. Тус холбооныхон энэ мэтээр бодлого тодорхойлогч төрийн байгууллагууд, дотоод, гадаадын мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагаагаа тогтмол хөгжүүлсээр иржээ. Нийгмийн эерэг хандлага, ёс зүйтэй харилцаа үгүйлэгддэг ч улс орныхоо хөгжилд баттай итгэдэг хэмээн тус холбооныхон ярьж байлаа. 

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Р.Оюунжаргал


Дээш