Хөдөлмөр эрхлэлтийн “түгжээг” тайлах төв байгуулах нь

Манай улсад өдгөө хөгжлийн бэрхшээлтэй 108 399 иргэн амьдарч байгаагаас 90 000 нь хөдөлмөрийн насных. Тэдний 13 000 буюу 17 хувь нь хөдөлмөр эрхэлдгийг Үндэсний статикийн хорооноос гаргасан албан ёсны тоон мэдээлэлд дурджээ. Хөдөлмөр эрхэлж буй тэдгээр иргэний 1454 нь төрийн албанд ажилладаг бол бусдад нь хувийн хэвшлийнхэн боломж олгосон байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг одоогийн нөхцөл байдлаас илүү сайжруулахын тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслөөс Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулахаар санаачилсан. Төслийн хүрээнд зургаан аймаг болон Улаанбаатар хотод дээрх төвүүдийг байгуулахаар ХНХЯ-ныхан ажиллаж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хуучин байр болох хоёр давхар барилгын суурин дээр уг төвийг барихаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв барих газар бэлэн болжээ. Уг нь энэхүү төвийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бүтээн байгуулалтын ажил эхлэх хугацаа хойшилжээ. Тодруулбал, тендер зарлах ажил удааширсан, дээр нь хил, гааль хаалттайгаас шалтгаалж барилгын материалын үнэ тэнгэрт хадсан нь нөлөөлсөн гэнэ. Тиймээс тус төвийг ашиглалтад оруулах хугацааг 2023 он болгож сунгажээ. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхэд тулгардаг олон асуудлыг шийдэхийг зорьжээ. Тухайлбал, иргэдэд ажлын байрны зөвлөгөө, мэдээлэл өгч, дадлагажуулахын зэрэгцээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхээрээ ч онцлог юм байна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, амьдралын чанар сайжрахад чухал хувь нэмэр оруулах юм. Дэлхийн бусад оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хө  дөлмөр эрхлэлтийг олон янзаар дэмждэг байна. Тухайлбал, Япон даяар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 47 төв үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн олон нийтийн хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой байлгах үндсэн чиг үүрэгтэй, 544 салбартай “Hello work” хэмээх төв ажилладаг гэнэ. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн бус, улсынхаа нийт хүн амын хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хангах нь эдгээр төвийн зорилго юм билээ. Тус улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  нэгдсэн төвийн дадлагажуулагч нар иргэдийг сургахаас гадна үндэсний хэмжээний сургагч багшийг бэлтгэдэг аж. Дээр нь төрийн бус байгууллагуудын дэргэд дадлагажуулагч ажиллуулдаг байна. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг, эсвэл хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ажилладаг бүх ТББ дэргэдээ дадлагажуулагчтай гэнэ. Төрийн холбогдох байгууллагынхан тэдэнтэй гэрээ байгуулж, хөдөлмөрийн хөлсийг нь зохих ёсоор өгдөг. Түүнчлэн Японы олонх аж ахуйн нэгжүүд дэргэдээ дадлагажуулагч ажиллуулдаг юм билээ. Тухайн дадлагажуулагч улсынхаа Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах квот биелүүлэх үүрэг хүлээж, иргэдийг сургаж, хөдөлмөр эрхлэхэд нь чиглүүлдэг байна.

Монгол Улс Японы энэхүү туршлагаас суралцаж, өөрсдийн онцлогт тохируулж, нутагшуулахаар ажиллаж буй бөгөөд эхний ээлжид Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих анхны төвийг байгуулахаар зорьжээ. Шинээр байгуулах уг төв хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн үйлчилгээ үзүүлэх, ямар өгөөжтэй байх талаар сурвалжилснаа хүргэе.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээлснээр уг төв нь нэн тэргүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх  зорилготой байх гэнэ. Тухайлбал, хувь хүн бүрт үнэлгээ хийж, мэдлэг, чадвар боловсролын түвшнийг нь тогтоон, тохирох ажлаа хийж дадлагажихад нь чиглүүлэх аж. Хоёрдугаарт, иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг нэгжтэй байхаар төлөвлөжээ. Үүний хүрээнд биеэ хэрхэн зөв авч явах, яаж стрессгүй ажиллах вэ зэргийг иргэдэд зөвлөж, хөгжлийг нь дэмжих юм байна. Гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хийсэн үнэлгээний үр дүнд тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулах нь. Дөрөвдүгээрт, ажлын байрны дадлагажуулагчийн тогтолцоог шинээр бүрдүүлэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, сургагч багш нарыг эл төвд бэлтгэж, улмаар туршлагыг нь орон даяар нэвтрүүлэхэд анхаарах аж. Тавдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах гэж буй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг эл төвд сургаж, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нь сайжруулахаар төлөвлөжээ. Ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр цогц үйл ажиллагаа явуулах юм байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өдгөө ямар нэгэн сургалт, дадлагад хамрагдаж чадалгүйгээр ажиллах газартаа шууд очдог. Ингэснээр ажилдаа дадах гэж багагүй хугацаа зарцуулах, улмаар шантарч буцах, сэтгэл зүйн дарамтад орох зэрэг олон асуудал тулгардаг байна. Нөгөө талаас ажил олгогчийн зүгээс тухайн иргэнийг дадлагажуулахад багагүй хугацаа, хөрөнгө зарцуулдаг аж. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд дадлагажуулагч ажиллуулахаар болжээ. Ажлын байрны дадлагажуулагч нь иргэнийг ажилд ороход сургаж, бэлтгэнэ. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагууд ажилд авах гэж буй иргэнээ тус төвд дадлагажуулах боломж бүрдэх юм билээ.

Нөгөөтээгүүр, дадлагажуулагч нь ажлын байрны тохируулга хийх үүрэг хүлээх аж. Энгийнээр тайлбарлавал, тухайн иргэний бэрхшээлийн онцлогт тохирсон дэд бүтцийг бүрдүүлэхэд анхаарах нь. Жишээ нь, тэргэнцэртэй иргэн ажиллах бол ширээний өндөр, намыг зайлшгүй тохируулна. Хаалга цэлгэр том, босгогүй байх шаардлагатай. Тухайн байгууллага гадна хэсэгтээ налуу замтай, дотроо цахилгаан шаттай байх ёстой. Харааны бэрхшээлтэй иргэн ажиллуулах б  айгууллага хөтөч зам, ханын бариултай, ариун цэврийн өрөө нь стандарт хангасан байх хэрэгтэй. Үүнийг бүрдүүлэхэд тухайн ажил олгогчид зөвлөгөө өгөх, хэрэгжүүлэхэд нь туслах зэрэг ажлын байрны дадлагажуулагч хүлээх гэнэ.

Хараагүй хүн дотогшоо, сонсголгүй иргэн ихэд нээлттэй байдгийг сэтгэлзүйчид хэлдэг. Тухайлбал, сонсголгүй иргэн дохио, зангаа, үйл хөдөлгөөнөөрөө сэтгэл зүйн байдлаа тод томруун илэрхийлдэг. Энэ мэтээр ажил олгогчид тухайн иргэний нөхцөл байдлыг сайтар ойлгоход Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн зөвлөн туслахаар

төлөвлөснийг ХБХХЕГ-ын хөгжил, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Нямсүрэн хэлсэн.uploaded pictureХөдөлмөрийн хуулийн 111-т “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна” гэж заасан. Уг заалтыг байгууллага, аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлсэн байдлыг судлуулж, хөндлөнгийн мониторинг хийлгэхээр ХБХХЕГ-аас зөвлөх үйлчилгээний тендер зарлажээ. Үүний хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагаас хэд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах квотоо биелүүлснийг тодруулах нь. Ажил олгогчдын нөхцөл байдал ийнхүү тодорхой болсны дараа шаардлагатай ажлуудаа хэрэгжүүлэхээр төлөвлөснийг Ц.Нямсүрэн дурдсан. Бас яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд авдаггүй шалтгаан нөхцөлийг тодруулах аж. Судалгааны үр дүнг 2022 оны нэгдүгээр улиралд танилцуулах юм байна. Нийгмийн даатгалын сангаас авсан мэдээллээр бол манай улсад 25-аас дээш ажилтантай 5000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэнэ.

2018 онд ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн судалгааны институтээс Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтийг түүвэрлэн судалсны үр дүнд аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг төдийлөн ажиллуулахгүй байгаа нь гурван үндсэн шалтгаантай гэж дүгнэжээ. Нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олонх нь мэргэжил эзэмшээгүй, ажил олгогчийн тавьсан шаардлагыг хангадаггүй гэсэн дүн гарсан байна. Хоёрдугаарт, ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн бүтээмж тааруу гэж ташаа ойлгодог нь ажилд авахгүй байх нэг шалтгаан болдгийг тодорхойлжээ. Гуравдугаарт, дэд бүтэц хүртээмжгүй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэх боломжийг хязгаарладаг гэсэн дүгнэлт гаргаж байжээ.

Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энэ тал дээр ямар байр суурьтай байгааг тодруулахаар бид нийгмийн сүлжээнд иргэдээс зарим зүйлийг тодруулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нэгдсэн, 10 000 гаруй гишүүнтэй фэйсбүүкийн хоёр группэд “Ажил хийх боломж нөхцөл хэр байдаг вэ. Хөдөлмөр эрхлэх гэхэд ажил олгогчид хэрхэн хүлээж авдаг вэ” хэмээн асуухад ажилд орох сон, хөдөлмөрлөх сөн гэх хүсэл эрмэлзэлтэй иргэн олон байлаа. Гэсэн ч зарим ажил олгогч тэднийг өвчтэй хүн гэсэн өнцгөөс хардаг, бас хамт олон нь тухайн иргэнийг хүлээн авч, нийгэмшүүлэх тал дээр дутмаг байдгийг хэлсэн. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулах нь эдгээр асуудлыг шийдэх, хөдөлмөр эрхлэхэд тулгарч байгаа “түгжээг” тайлах томоохон гарц болохыг онцолж байлаа. Компаниудын дээвэр байгууллага болох Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим үүнд манлайлах ёстой хэмээх санааг зарим хүн хэлсэн.

Олонх улс аж ахуйн нэгж, байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах квот тогтоосон байдаг аж. Уг квотоо хэрэгжүүлэхийн тулд аж ахуйн нэгжүүдэд ойлголт, хандлага нэмэгдүүлэх сургалт явуулах нь түгээмэл юм байна. Үүний адил манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрлүүлэхтэй холбоотой хууль, журмаа сурталчилж, олон нийтэд таниулах, улмаар ойлголт, хандлагыг нь өөрчлөхөд анхаарах шаардлага их байгааг иргэдийн төлөөлөл хэлж байлаа.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2021.12.15

Д.Мягмаржаргал

Дээш