Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл хуралдлаа
Манай улсад 2021-2022 оны хичээлийн жилд Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт 42.6 мянга гаруй суралцагч суралцаж, 3.9 мянган багш ажилтнууд тус салбарт ажиллаж байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа даргалдаг бөгөөд хурлаар Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын 2021 онд хийж, хэрэгжүүлсэн ажил болоод цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар санал солилцож хэлэлцлээ.
Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хэмжээнд 2021 онд хийсэн ажлыг танилцуулж Үндэсний зөвлөлийн гишүүдийн сонирхсон асуултад хариулав. Мөн Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос холбогдох талуудтай хамтран боловсруулсан гурван мэргэжлийн ажил мэргэжлийн лавлах, “Өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлэгч байгууллагын эрхлэгч, арга зүйчийн ажил мэргэжлийн лавлах”ын төслийн тухай авч хэлэлцсэн юм.
Цаашид Мэргэжлийн боловсрол, сургалтын жишиг хотхоныг Улаанбаатар хотын хаяа болон дагуул хотуудыг түшиглэн бүтээн байгуулах ажлыг “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөл”-д тусгахаар ажиллаж байна. Үүнээс гадна Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг сайжруулах, Мэргэжлийн боловсрол, сургалтыг төрөлжүүлэн хөгжүүлэх, МСБ-аар бэлтгэх мэргэжлийн чиглэл, нэр, индексийг шинэчлэн боловсруулах, МҮХ-г бүрдүүлэх, зохицуулах журмыг Засгийн газраар батлуулах, Мэргэшлийн түвшнийг үнэлэх, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах журмыг 2 сайдын хамтарсан тушаалаар батлуулах, Ажил мэргэжлийн лавлахын загвар, боловсруулах аргачлалыг 3 талт үндэсний хороогоор батлуулах зэрэг олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт 2021 онд хийсэн томоохон ажлуудын нэг бол АХБ-ны санхүүжилтээр барьж байгуулсан Чадамжийн төв. Тус төвийг байгуулснаар тус салбарын суралцагчид орчин үеийн тоног төхөөрөмж дээр дадлага хийж, суралцахаас гадна ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, МБС-ын багш нарыг чадваржуулах, ААН-ийн ажилагсдыг мэргэшүүлэх, өмнөх мэдлэг, ур чадварыг үнэлэх, 6-р түвшин хүртэлх өндөр чанартай сургалт явуулах, Мэргэжлийн ур чадварын тэмцээний бааз болох зэрэг олон давуу тал бий болсон билээ. Сонирхуулахад, дээрх Чадамжийн төвүүдэд Монгол ур чадвар 2021 тэмцээнийг 7 мэргэжлээр зохион байгуулсан бөгөөд 12-р сарын 17-нд шилдгүүдээ тодруулсан билээ. Ялагчид 2020 онд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын 46 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох юм.