Нийгмийн даатгалын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
Зөвлөгөөнөөр салбарын бодлого, үйл ажиллагаа, хууль эрхзүйн орчин зэрэг өргөн хүрээнд илтгэл, мэдээлэл өгч байгаа юм.
Тухайлбал, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлсэн. Багц хуулийн төсөлд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль орсон. Зөвлөгөөний нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монгол Улс нийгмийн даатгалын тогтолцоогоо өөрчлөх ёстой. Гэхдээ хүн ам, нийгмийн бүтцийн онцлогоо бодолцсон, тэнцвэрийг хадгалсан алгуур шилжилтийг шат дараатай хийх хэрэгтэй гэдгийг онцлов.
Мөн салбарын хэмжээнд Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулж байгаа. Тухайлбал, Нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэврийн дэвтрийг цахим болгосон. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг ажил олгогч тоон гарын үсгээр баталгаажуулан цахимаар илгээх ажлыг нэвтрүүлж байна. Энэ мэтээр иргэдэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай төрийн үйлчилгээг хүргэх цахимжуулалтын ажил цаашдаа эрчимтэй үргэлжилнэ гэдгийг цохон тэмдэглэлээ.
Зөвлөгөөн маргааш хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ болон хугацаа тогтоолтын ажлыг сайжруулах сэдвээр үргэлжилнэ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас улсын хэмжээнд хяналт шалгалт хийж хоёр мянга гаруй хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь болон хугацааг цуцлах арга хэмжээ авсан.