Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзав
uploaded pictureuploaded pictureuploaded pictureУулзалтад монголын талаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн, туркийн талаас БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Ахмет Жем Алгүмүш, Гуравдугаар нарийн бичгийн дарга Сарп Эгэ Өзпиринжи болон орчуулагч Б.Болортуул нар байлцав.
Уулзалтын эхэнд БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш хоёр улсын иргэд нийгмийн харилцаанд харилцан тэгш эрхтэй байх, тухайн улсын иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн 3 дугаар сард хүчин төгөлдөр болсон “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд хоёр тал амжилттай хамтран ажиллаж байгааг онцлов.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа энэ оны 11 сарын 15-16-ны өдрүүдэд Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны IX хуралдаанаар “Залуучууд болон спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол, Туркийн Засгийн газар хооронд санамж бичиг” байгуулах асуудал хэлэлцэж, шинээр туссанг цохон тэмдэглэв. Түүнчлэн 8 дугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Туркийн Хамтын ажиллагааны зохицуулах агентлаг/ТИКА/-тай хамтран “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н сургалт зохион байгуулж, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар бүрээр аж ахуйн нэгж байгууллагын холбогдох ажилтнуудыг чадавхжуулахад хамтран ажилласанд талархал илэрхийлэв.
Энэ хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Туркийн Хамтын ажиллагааны зохицуулах агентлагтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, Найрамдал зуслангийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, ХАБЭА-н чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьсныг анхаарч үзэхийг хүслээ.
Цаашид хоёр улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайдын зүгээс бүхий л тал дээр хамтран ажиллахдаа бэлэн байгааг илэрхийлэв.
Дээш