“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Үндэсний чуулган боллоо

Тус чуулганы нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо оролцов. Чуулганд 21 аймаг, 9 дүүргийн ИТХ-ын дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид, орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга нар, Цагдаагийн байгууллагын холбогдох албан хаагч зэрэг нийт 250 гаруй албан хаагчийн төлөөлөл оролцлоо.
Чуулган “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт” болон “Хохирогч хамгааллын тогтолцоо: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбараас хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэл” гэсэн 2 дэд сэдвийн хүрээнд явагдав.
Чуулганы дэд сэдвийн чиглүүлэгч, илтгэгчээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа оролцож, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахад тус салбараас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, салбар дундын хамтын ажиллагаа, хүчирхийллийн хохирогчид үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмж, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлууд, гэр бүл, хүүхэд хамгаалал, Хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хийгдэж буй бодлогын шинэчлэлийн асуудлаар илтгэж, мэдээлэл өглөө.