С.Чинзориг: Шинэ Засгийн газар нийгмийн түншүүдийнхээ саналд хүндэтгэлтэй хандаж байгаа

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа. 
-Засгийн газраас, Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой гурван талт хэлэлцээр хийж төрийн албан хаагчдын цалингийн урамшуулалд энэ жил 55.4 тэрбум, ирэх жил дахин 56.2 тэрбум төгрөг олгох тохиролцоонд хүрлээ. Гэхдээ үүнийг зөв, буруу гэсэн байр суурь гарч байна. Таны тайлбар?
-Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага байгаа. 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж чадаагүй. Энэ хугацаанд нийлбэрээрээ инфляцийн төвшин 20 орчим хувиар нэмэгдсэн. Нөгөө талаар Төрийн албаны тухай хуульд “Төрийн албан хаагчийн дундаж цалин хөлс нь хувийн хэвшилд ажиллаж буй ажиллагсдын дундаж цалингаас таван хувийн хэлбэлзэлтэй болох юм бол нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна” гэсэн заалт байдаг. Одоо төрийн албан хаагчдын цалингийн дундаж нь хувийн хэвшилд ажиллагсдын цалингийн дунджаас тав битгий хэл 17.3 хувиар бага байна. Тийм учраас төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. 
-Гэхдээ цалин нэмэхгүйгээр нэг удаагийн урамшуулал олгохоор болж байна шүү дээ?
-Олон улсын валютын сантай гэрээ байгуулахдаа 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй гэж тусгасан. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн байгаа. Ер нь бол олон улсын донор байгууллагуудын санхүүжилтийг авч байж богино хугацаанд эдийн засгаа эрчимжүүлэх, хямралаас гарна. Тиймээс Засгийн газар гэрээгээ зөрчихгүйгээр төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу ажлын хэсэг ОУВС-гийнхантай уулзахдаа инфляцийн төвшинтэй уялдуулж багш нарын цалинг нэмэх шаардлага байна, хуульд зааснаас нэлээд зөрүүтэй явж байна гэдгийг ярилцсан. Ингээд ОУВС-гийн зүгээс үндсэн цалинг нэмэгдүүлэх арга хэмжээг дэмжихгүй, харин үр дүнгийн урамшуулал олгож болно гэсэн тохиролцоонд хүрсэн. Тэр дагуу урамшуулал олгохоор болсон. 
-Төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж маягаар мөнгө тараах нь хэр зөв шийдэл вэ?
-Хувийн хэвшилд ажиллагсад ажил олгогч байгууллагатайгаа хөдөлмө­рийн гэрээ байгуулдаг. Төрийн захиргааны албан хаагчид бол үр дүнгийн гэрээ байгуулдаг шүү дээ. Тийм учраас үр дүнгийн гэрээгээ дүгнээд урамшуулал олгоё л гэж байгаа хэрэг. Энэ бол нэг удаагийн арга хэмжээ биш. Цаашдаа авч явах зүйл. Нөгөө талаас хүн болгонд тэгшитгэж 300 мянган төгрөг олгох асуудал байхгүй. Ажлынх нь үр дүнгээс хамаараад ялгамжтай урамшуулал олгох асуудал бий. Ер нь бол урамшуулал нь цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэг гэдгийг иргэд маш сайн мэдэж байгаа байх.  
-Ялгамжтай олгоно гэдгээ тодруулахгүй юу. Эхлээд бол төрийн албан хаагч бүр 300 мянган төгрөг авах юм байна гэсэн ойлголттой байсан шүү дээ. Хэн ялгамжийг нь тогтоох юм?
-Засгийн газар урамшуулал олгох ерөнхий журмыг нь батална. Гурван талт улсын хэлэлцээр байгуулахдаа бид “Эрүүл мэнд болоод боловсролын салбарт ажлыг нь дүгнэж урамшуулал олгох журмаа үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтайгаа хамтарч ярь, салбарынхаа хамтын гэрээ хэлэлцээрээр энэ асуудлуудаа зохицуулаад явах нь зүйтэй” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл ажилтны эрх ашгийг хамгаалж ажилладаг үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг ажил дүгнэх, урамшуулал тогтооход оролцуулахаар гурван талт хэлэлцээрээр ойлголцсон. 
-Гурван талт хэлэлцээр хийсний дараа цалин хөлс нэмүүлэх шаардлага тавьсан жагсаал, цуглааны асуудал цэгцрэх байх гэж бодож байлаа. Гэвч Монголын үйлдвэрчний эвлэлийн багш нарын холбоо нь ажил хаяна, нэг удаагийн тэтгэмжийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэл хийсэн. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Ер нь бол гурван талт хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар богино хугацаанд шийдсэн. Шинэ Засгийн газрын бүрэн бүрэлдэхүүн батлагдсаны маргааш нь л өргөтгөсөн хуралдаанаараа нийгмийн түншүүдийнхээ саналд хүндэтгэлтэй хандах ёстой гээд Засгийн газар төлөөлөгчдийн бүрэлдэхүүн, удирдамжийг нь батлаад нэмэлт хэлэлцээрт ороод явсан. Хэлэлцээр тав, зургаан өдөр үргэлжилж талууд харилцан ойлголцоод, зөвшилцөлд хүрч гэрээнд гарын үсэг зурсан. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэрээнд орж байгаа гурван талын нэг нь шүү дээ. Нэг хэсэг нь зурчихаад нөгөө нь зураагүй бол гэрээ хүчинтэй байхгүй. Үйлдвэрчний эвлэл дэмжээд гарын үсэг зурсан учраас энэ гэрээ хүчин төгөлдөр гэж би ойлгож байгаа. Тиймээс хэлэлцээр байгуулагдсан болон хэлэлцээ явагдаж байгаа шатанд Хөдөлмөрийн тухай хуульд ажил хаяхыг хориглодог. Хэлэлцээр байгуулагдсан учраас ажил хаях хууль эрх зүйн үндэс байхгүй гэж би харж байгаа. 
-Тэгэхээр боловсролын салбарын үйлдвэрчний эвлэлээс ажил хаялт зохион байгуулахаар зэхэж байгаа нь хууль бус байх нь ээ?
-Салбарын үйлдвэрчний эвлэл ажил хаялт зарлаж буйг би бүрэн хууль зүйн үндэстэй гэж үзэхгүй байгаа. Салбарын үйлдвэрчний эвлэл салбарынхаа яамтай хамтын гэрээ байгуулж ажилладаг. Би боловсролын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын яамтайгаа байгуулсан 2017, 2018 оны гэрээг нь үзсэн. Тэр гэрээнд нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг боловсронгуй болгох талаар яам, үйлдвэрчний эвлэл хамтран ажиллана гэсэн байсан. Харин цалинг тэдэн хувиар нэмэгдүүлнэ гэдэг нь салбарынхаа гэрээ хэлэлцээрт тусаагүй юм билээ. Тэгэхээр салбарын хамтын гэрээ хэлэлцээрт тусгаагүй асуудлаар шаардлага тавьж ажил хаях нь бас хуулийн хувьд хязгаарлагдсан асуудал. Тиймээс одоогийн Хөдөлмөрийн хуулиар аваад үзэх юм бол ажил хаялт хийх  хууль эрх зүйн үндэс байхгүй гэж миний хувьд үзэж байгаа. Мэдээж, ажил хаях гэж байгаа хүмүүс өөр өнцгөөс нь ярьж байгааг үгүйсгэхгүй. 
-Гурван талт гэрээ байгуулахдаа боловсролын салбарынхныг оролцуулсан биз дээ?
-Ер нь бол бид боловсролын байгууллагын төлөөлөл, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд, багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооныхонтой уулзаад хоёр асуудал дээр хамтарч ажиллая гэж тохирсон шүү дээ. Нэгдэх нь, багш нарын цалин хөлсний тогтолцоо, системийг боловсронгуй болгох талаар хамтарч ажиллах юм. Ялангуяа багш нарын цалинг ажлын үр дүн, ачаалал, ур чадвар, ажлын байрныхаа нөхцлөөс хамаарч ялгамжтай болгоё гэж байгаа. Үүнийг хийхэд багш нар хамтарч ажиллая гэсэн. Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, БСШУС-ын сайдын хамтарсан сайдын тушаал гараад багш нарын төлөөллийг оруулаад цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгохоор ажиллаж байна. Хоёрдугаарт, багш нарт нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал олгож байгаа тогтолцоог бас боловсронгуй болгоё гэдэг санал тавьж байгаа. Би үүнийг дэмжиж байгаа. Би ажлаа хүлээж аваад боловсролын салбарт нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгож байгаа журмуудыг авч үзсэн. Бас жаахан нүсэр, хэт олон журмаар нэмэгдэл хөлсийг зохицуулж байгаа асуудал байгаа юм билээ. 
-Тухайлбал?
-Засгийн газрын долоон тогтоол, БСШУС-ын сайдын дангаараа болоод бусад сайд нартай хамтран баталсан таван журам нийтдээ 12 журмаар багшид нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал олгох асуудлыг зохицуулж байгаа юм байна лээ. Ийм олон журмаар зохицуулна гэдэг багш нарт маш их дарамт үүсгэж байгаа хэрэг. Нөгөө талаасаа захирал, менежерүүдэд үзэмжээрээ асуудлыг шийдэх боломж бололцоог олгож байна гэж бид үзэж байгаа. Тийм учраас багш нарынхаа саналыг хүлээж аваад эдгээр нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал олгох асуудлыг боловсронгуй болгоё, цэгцлэе, хүнд чирэгдэлгүй байх тогтолцоог бий болгоё гээд гурван сайдын тушаал гаргаад ажлын хэсэг байгуулсан. Тэгэхээр дүгнээд хэлэхэд  ажил хаяхтай холбоотой хуулийн гарц гаргалгаа бүрхэг асуудлууд бий. Мөн ийм нөхцөлд ажил хаяна гэж байгаа нь хэлж ярьснаасаа өөр зүйл хараад яваад байна уу гэж бодож байна. 
-Та өмнө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар чамгүй хугацаанд ажилласан. Мөн Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан энэ салбартаа шинэ хүн биш. Одоо ямар чиглэлд анхаарч ажиллаж байна вэ?
-Ажлаа аваад бид ирэх оны төсвийн төсөл боловсруулах ажилд нэлээд анхаарал хандуулж ажиллалаа. Ялангуяа ирэх оны төсөв дээр нийгмийн хамгааллын асуудлыг нэлээд эрчимжүүлэх, төсвийг эдийн засгийн багахан өсөлтийг хүн рүүгээ чиглэсэн төсөв болгоход анхаарч ажилласан. Сангийн яам, ОУВС-гийнхантай хамтарч ажиллалаа. Үүний үр дүнд ирэх жилд сонгуулийн мөрийн хөтөлбөрт амлаж байсан хүний хөгжил, нийгмийн хамгааллын бодлогууд хэрэгжихээр төсөвт тусч байгаа. 
-Жишээлбэл?
-Багш нарын бодит орлогыг нь нэмэгдүүлж урамшуулал олгохын зэрэгцээ ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх талаар төсөв дээр тусгаж өглөө. Хүүхдээ гурван нас хүртэл харж асарч байгаа ээжүүдэд сар тутам 50 мянган төгрөгийн тэтгэмж өгөхөөр ирэх оны төсөвт оруулсан. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгож байх асуудал ч багтаад байгаа. Мөн амьжиргааны төвшин доогуур орлоготой өрхүүдэд хүнсний нэмэлт дэмжлэг үзүүлдэг хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлж 120 орчим мянган хүн хүнсний нэмэлт дэмжлэгт хамрагддаг байсан бол 240 мянган өрх болгож нэмэгдүүлэх гэж байна. Малчдын хөдөлмөр цаг наргүй, байгалийн хатуу ширүүн нөхцөлд явагддаг тул тэдний тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан хууль тогтоомжийг ирэх оноос хэрэгжүүлж эхлэх гэж байгаа. Үндсэндээ нийгмийн хамгааллын бодлого дээр өмнөх жилүүдээс жаахан ухарсан, дордуулсан юмнуудыг засч хүн рүүгээ чиглэсэн ажлаа түлхүү явуулахаар нэлээд анхаарал хандууллаа. 
-Нийгмийн халамжийн чиглэлээр нэлээд зүйл нэмэгдсэн харагдаж байна л даа. ОУВС-тай үүнийгээ тохирсон уу?
-Миний сая ярьсан нийгмийн хамгааллын чиглэлээр авч байгаа арга хэмжээнүүдийг ирэх оны төсөвт тусгахдаа бүгдийг нь ОУВС-гийн манай улсад ирж ажилласан ажлын хэсэгтэй уулзаж, зөвшилцсөн. Хамгийн гол нь улс орныхоо өнөөгийн бодит байдлаа зөв ойлгуулж таниулснаар ОУВС-гийн зүгээс дээрх чиглэлээр зардал өсгөхийг дэмжихээс өөр арга алга гэдгийг хүлээн зөвшөөрсөн. 
-Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр ямар зүйлсийг төлөвлөж байна вэ?
-Хөдөлмөрийн насны хүн бүрийг ажлын байртай болгож өрхийн амьжиргааг дэмжих, ядуурлын төвшинг бууруулах зайлшгүй шаардлага байна. Хөдөлмөрийн бодлого гэдэг бол ганцхан ХНХЯ-ны асуудал биш. Салбар хоорондын уялдаа холбоо маш их шаарддаг. Эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх, татвар санхүүгийн оновчтой зөв бодлого явуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг макро эдийн засгийн төвшинд ажлын байр олноор бий болгохоор Засгийн газар­тайгаа, холбогдох яамдууд­тайгаа хамтарч ажиллаж эхэлсэн. Мөн ажлын байртай байгаа иргэдийн ажлын байрыг хадгалах нь зайлшгүй чухал байна. Тийм учраас Ажилгүйдлийн даатгалын сангийн хөрөнгийн менежментийг сайжруулах хүрээнд ажилтай байгаа иргэдийн ажлын байрыг нь хадгалах, ажилгүй болсон тохиолдолд шинэ ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулдаг байх ийм чиглэлээр бодлого явуулах шаардлагатай гэж үзэж байгаа. 
-Ялангуяа орон нутагт ажлын байрны асуудал нэлээд тулгамдсан сэдэв болдог л доо?
-Тийм. Орон нутагт байгаа ажилгүй байгаа залуусын нөхөрлөл, хоршоолол байгуулах үүсгэн санаачилгыг нь дэмжих, хөдөлмөрийн зохион байгуулалтыг нь боловсронгуй болгож өгөх замаар зохион байгуулалттай ажлын байр бий болгох хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал, нөхөрлөл, хоршоолол байгуулах улмаар аж ахуй, үйлдвэрлэл явуулахад нь шаардлагатай байгаа эргэлтийн зээлийг нь олгох, багаж, тоног төхөөрөмжийг нь урт хугацаатай лизингээр өгөх зэргээр дэмжих бодлого барина. Ингэж чадвал сум орон нутагт ажлын байр бий болно. Мөн орон нутагт их, дээд сургууль төгссөн болоод МСҮТ төгссөн тодорхой хэмжээгээр өөртөө ур чадвар эзэмшсэн залуучуудын нэлээд хэсэг нь ажлын байртай болж чадахгүй байна. Тиймээс тэднийг өөрт бий болгосон ур чадвартаа түшиглээд хувиараа аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх бодлого явуулах хэрэгтэй байна.
-Саяхан баталсан төсвийн тодотгол дээрээс Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн санхүүжилтийн 72.4 тэрбум төгрөгийг хасчихсан. Тэгэхээр хөдөө орон нутагт хувиараа ажил хийх сонирхолтой байгаа иргэддээ зориулах мөнгөө хасчихсан юм биш үү?
-Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх чиглэлд 72 тэрбум төгрөг байсныг хасчихсан, өөр зүйлд зарцуулчихсан юм бий. Гэхдээ жижиг дунд үйлдвэрт ерөөсөө мөнгө өгөхгүй гэж байгаа юм биш. 2018 оны төсөв дээр эргээд 70-аад тэрбум төгрөг тусгаж өгч байгаа шүү дээ. Нөгөө талаасаа жижиг дунд үйлдвэрийн сан дээр эргэлдэж байгаа, аж ахуй эрхлэгч нарт зээлээр гаргачихсан 200 гаруй тэрбум төгрөг байгаа юм байна лээ. Тэр чинь эргэн төлөлтөөрөө эргээд орж ирж байх ёстой. Ийм мөнгөнүүд бий. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гээд орон нутагт ажлын байр бий болгох зорилготой манай яамны харъяа сан байдаг. Иргэнд 10 сая, аж ахуйн нэгж байгууллагуудад 30 сая төгрөгийн зээл олгох сан л даа.  Жилийн 8.4 хувийн хүүтэй зээл өгдөг. Энэ зээлийн хүртээмжийг сайжруулах үүднээс цаашдаа анхаарч ажиллана. Нөгөө талаас зөвхөн төсвөөс биш, олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслүүд байна шүү дээ. Тухайлбал, манай яаман дээр энэ жилээс эхэлж хэрэгжих Дэлхийн банкны төсөл бий. Ирэх онд 20 тэрбум төгрөгийг Дэлхийн банкны ажлын байр бий болгох төслийн хүрээнд шийдвэрлэж, миний сая дурдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжиж жижиг зээл олгох үйлчилгээнүүдийн хүрээг нэмэгдүүлэхээр явж байгаа. Ийм гадна дотор эх үүсвэрүүд байна. Бүгдийг нь хамруулан тооцох юм бол багагүй хөрөнгө болно.  
 

Дээш