Р.Нэнсэндэн: Хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг багад нь илрүүлж, зохистой арга хэмжээ авах нь хамгийн чухал
Хөгжлийн бэрхшээл гэж юу болох, ямар хүнийг ийм бүлэгт хамруулдаг
тухай ойлголт дэлхий дахинд хувьсан өөрчлөгдсөөр ирсэн. Орчин үед хөгжлийн
бэрхшээлийг биологийн, эсвэл нийгмийн талаас авч үзэхээс татгалзаж, эрүүл
мэндийн байдал, хувь хүний хүчин зүйлсийн харилцан үйлчлэл гэж үзэж байна. Тэгвэл
манайд хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, нийгмийн үйлчилгээнд тэгш хамруулж
чадаж байгаа, эсэх асуудлаар ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд,
боловсрол, нийгмийн хамгаалал (ХБХЭМБНХК)-ын комиссын эрүүл мэндийн асуудал
хариуцсан мэргэжилтэн Р.Нэнсэндэнтэй ярилцлаа.
-Манай улс ямар үндэслэл, шалгуураар хөгжлийн бэрхшээлийг
тодорхойлдог вэ?
-Монгол Улс Хөгжлийн
бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг 2009 онд соёрхон баталсан. Үүний
дараа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бусдын адил тэгш боломжоор хангахаар Хөгжлийн
бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд баталсан юм. Тус хуульд “Бие
махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согог нь орчны бусад саадтай
нийлсний улмаас нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь
хязгаарлагдсан хүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэнэ” хэмээн тодорхойлсон. Монголд хөгжлийн
бэрхшээлийг тодорхойлохдоо тухайн хүний эрүүл мэндийн байдал, өвчний онош, үйлдэл
хийх чадвар болон өдөр тутмын үйл ажиллагааных нь алдагдлыг үндэслэдэг. Өдөр
тутмын үйл ажиллагааны алдагдал гэдэг нь тухайн хүн идэх, уух, явах, хувцсаа
өмсөх, бие засах гэх мэт үйлдлийг хийж чадахгүй байхыг хэлнэ.
Хөгжлийн бэрхшээлийн
талаарх ойлголт өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор манай улс ч бодлого хөтөлбөрөө
шинэчилж байгаа. Тодруулбал, өмнө нь Эмнэлэг хяналтын комиссын гаргасан оношийг
үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд халамжийн мөнгө олгодог байсан. Одоо хөгжлийн
бэрхшээлийг аль болох бага насанд нь илрүүлэн, оношилж, бусдын адил хөгжүүлэн,
боловсрол олгож, хожим ажил, хөдөлмөр эрхлэх боломжоор хангахад анхаарч байна. Үүний
тулд ХБХЭМБНХ-ын комиссыг ХНХЯ-ны дэргэд байгуулахаар хуульчилсан.
Тус комисс нь 21
аймаг, нийслэлийн 9 дүүрэгт орон тооны бус салбартай. Түүгээр хөгжлийн
бэрхшээлтэй 0-16 насны хүүхдүүдийн нөхцөл байдлыг хэлэлцэн, хөгжлийн
бэрхшээлтэй эсэх, байнгын асаргаа шаардлагатай, үгүйг тогтоохын зэрэгцээ
эмчилгээ, сэргээн засах, хөгжлийн дэмжлэгийн болон боловсролын үйлчилгээнд тэгш
хамруулах арга хэмжээ авч байна.
-Хүүхдийн өсөлт, бойжилтыг эхийн хэвлийд бүрэлдэх үеэс нь
хянаж, хөгжлийн хоцрогдолтой байвал төрсөн даруйд нь холбогдох үйлчилгээнд хамруулснаар
хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлэх боломжтой гэсэн. Харин манайд хүүхдийн
хөгжлийг хянах, өвчин, эмгэгийг эрт илрүүлэн эмчлэх, дэмжлэг үзүүлэх тогтолцоо
хараахан бүрдээгүй байна уу?
-Хүүхдийн хөгжлийн
хоцрогдлыг багад нь илрүүлж, зохистой арга хэмжээ авах нь хамгийн чухал. Ийм
тогтолцоо хөгжингүй улс орнуудад хэдийн бүрдсэн. Монголд насанд хүрэгчдийг
аливаа өвчин, эмгэгээс сэргийлэх, эрт илрүүлэх олон хөтөлбөр байдаг. Гэвч хүүхдийн
эмгэгийг эрт илрүүлэх тогтолцоо хараахан бүрдээгүй. Гэхдээ 2018 онд Боловсрол, Эрүүл
мэнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар баталснаар нэг шат
ахисан гэж хэлж болно. Тус зааварт хүүхдийн хөгжлийн бэрхшээл, хоцрогдлыг эрт
буюу сургууль цэцэрлэгт орохоос нь өмнө илрүүлэн, холбогдох үйлчилгээнд
хамруулах талаар тусгасан. Тухайлбал, хүүхдийг 18, 36 сартайд нь эрүүл мэнд,
хөгжлийн үзлэгт заавал хамруулах ёстой. Ингэснээр хүүхдийн хөгжлийн хоцрогдол,
бэрхшээлийг эрт илрүүлж, эрүүл мэнд, сэргээн засах тусламж, үйлчилгээнд
хамруулан, нийгмийн халамж, дэмжлэг хүртэх боломж нээгдэх юм. Өөрөөр хэлбэл, хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийн амьдралын чанарыг сайжруулах тогтолцоо бүрдэж байгаа гэсэн
үг. Үүнийгээ улам бэхжүүлж, чадавхжуулахын тулд салбар хоорондын хамтын
ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай.
-ХБХЭМБНХ-ын болон орон нутгийн салбар комиссынхон
хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд ямар ажлууд
хийв?
-Хөгжлийн бэрхшээлийг
эрт илрүүлэх үзлэгийг хэрхэн зохион байгуулах талаар эмч, мэргэжилтнүүдийг
сургаж байна. Одоогоор Хөвсгөл аймгийн бүх сум, нийслэлийн Баянгол дүүрэгт үзлэгийг
тогтмол хийдэг болсон. Мөн Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймаг, Баянзүрх
дүүрэгт хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх үзлэг хийгдэж эхэлж байна.
Тухайлбал, Баянгол
дүүрэг болон Хөвсгөл аймагт 2020
онд 18 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц
үзлэгт нийт 6130 хүүхдийг хамруулж, хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй байж
болзошгүй 96 хүүхдийг илрүүлсэн бол, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн
цогц үзлэгт нийт 3248 хүүхдийг хамруулж, хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй байж
болзошгүй 50 хүүхдийг илрүүлэн холбогдох
тусламж үйлчилгээнд холбон зуучилсан байна.
Япон, АНУ, Британи,
Австралид хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх үзлэгийг тогтмол хийдэг. Японд
үүнийг бүр хуульчилсан байдаг юм. Бид 18
сар, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгийг удирдах 29 сургагч
багш бэлдсэн. Мөн аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо,
эмчилгээний төв, Эрүүл мэндийн төв, ЭХЭМҮТ зэрэг лавлагаа шатлалын эрүүл
мэндийн байгууллагад хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг оношилж, үнэлэх үүрэг бүхий
Төрөлжсөн мэргэжлийн баг ажиллаж байна. Тэд өрх, сумын эрүүл мэндийн төвөөс
хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй байж болзошгүй хэмээн илгээсэн хүүхдүүдийг
үзлэг, шинжилгээнд хамруулж, оношийг тодруулах юм. Дараа нь тухайн
үйлчлүүлэгчийн талаарх мэдээллийг комисст зуучилна. Энэ мэтчилэн хөгжлийн
хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх талаар нийтээрээ зөв ойлгож, нэгдсэн
аргачлал ашиглах ёстой. Түүнээс биш Ховд аймагт нэг шалгуураар, нийслэлд өөр
аргачлал ашиглаж болохгүй. Ерөнхийдөө эрт илрүүлэлтийн эхний үзлэгийг өрх,
сумын өрх, сумын эрүүл мэндийн төвд хийнэ. Энэ ажлыг эрүүл мэндийн салбарыхан
хариуцах үүрэгтэй. Гэхдээ коронавирусийн цар тахалтай холбоотойгоор төлөвлөсөн
ажлуудад багагүй өөрчлөлт орж байна.
-Манай улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийг боловсрол,
эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд тэгш хамруулж чадаж байгаа юу?
-Улсын хэмжээнд 11
мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий. Аймаг, дүүргийн Салбар комиссынхон
2020
онд нийт 7002
хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэйг тодорхойлсон. Мөн 1380 хүүхдэд байнгын асаргаа
шаардлагатайг тогтоосон. Ийм үйлчилгээ шаардлагатай 5031 хүүхдийн халамжид
хамруулсан хугацааг сунгасан байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд 3064,
цэцэрлэгт 405, ерөнхий боловсролын сургуульд 1046, боловсролын бусад
үйлчилгээнд 572 хүүхдийг хамруулах шийдвэр гаргаж, зуучилсан.
БНХАУ-ын буцалтгүй
тусламжаар барьсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг 2018
онд ашиглалтад оруулсныг мэдэх байх. Тус төв нь хэвтэн эмчлүүлэх 250 ортой,
амбулаториор өдөрт 250 хүүхдэд сэргээн засах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг
үзүүлэх хүчин чадалтай. Тархины
саа, саажилт болон бусад төрлийн эмгэгтэй хүүхдүүдийг хүлээн авч, нарийн
мэргэжлийн эмчийн үзлэг, хөгжлийн үнэлгээ, лабораторийн шинжилгээ, дүрс
оношилгоонд хүртэл хамруулж байна.
Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдүүдийг хяналтад авч, сэргээн засах тусламж, үйлчилгээг
үзүүлдэг. Ийм хүүхдүүд улиралд 20-иос доошгүй хоног хэвтэн эмчлүүлэх болон
өдрөөр үйлчилгээ авах боломжтой.
Цар тахалтай
холбоотойгоор хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, дэмжлэг,
туслалцаа шаардлагатай иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулж, орлогыг
нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тухайлбал, байнгын асаргаа
шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгодог нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээг
100 мянгаар нэмэгдүүлж, 288 мянган төгрөгийг сар бүр олгож байна.
Боловсролын үйлчилгээний
тухайд 2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээний тусгай зургаан сургуульд
1751 хүүхэд сургасан. Тусгай 2 цэцэрлэгт 179 хүүхэд хамрагдлаа. Түүнчлэн ердийн
цэцэрлэгт 897, ердийн сургуульд 4302 хүүхэд суралцжээ. Харин хүнд хэлбэрийн
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролд тэр бүр хамрагдаж чаддаггүй. Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэг, бага, дунд боловсролд хамруулах нэн
шаардлагатай. Ингэснээр үе тэнгийнхэн нь ялгаварлан гадуурхахгүй, ойлгон
нөхөрлөх, хамтдаа суралцах боломж бүрдэхээс гадна ирээдүйн амьдралд бэлдэхэд нь чухал нөлөөтэй.
-Манай ерөнхий боловсролын сургуулиуд хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийг элсүүлэхээс аль болох татгалзаж, тусгай сургуульд явахыг
зөвлөдөг нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод заасан ижил тэгш үйлчилгээ авах
эрхийг зөрчсөн үйлдэл гэж үздэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн
сургуульд бусдын адил суралцах боломжийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарвал зохилтой
вэ?
-Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудыг хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд нийцсэн, саад бэрхшээлийг даван туулахад
дэмжлэг үзүүлэх тохирох хэрэглэгдэхүүн, технологи, тоног төхөөрөмжөөр хангах
шаардлагатай. Энэ ажлыг үе шаттай зохион байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй
хүүхэд оршин байгаа газартаа цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд цаг
алдалгүй хамрагдах боломж нэмэгдэх, цаашлаад тэдний хөгжил, төлөвшил,
нийгэмшилд тустай. Тэр дундаа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд
боловсролд тэр бүр хамрагдаж чадахгүй байгаа. Комиссын зүгээс ЭМЯ, БШУЯ-нд эдгээр
саналаа илэрхийлж, хамтран ажиллаж байна. Одоогоор ЭМЯ, ЭМХТ, НҮБ-ын ХС-тай
хамтран цахим сургалтын нэгдсэн хөтөлбөр, материал /видео бичлэг болон бусад/
боловсруулах ажил хийж байгаа.