Хөдөлмөр эрхлүүлэх нь халамжаас илүү өгөөжтэй

uploaded pictureuploaded pictureБага насны хүүхдүүдийн унших ном Б.Отгонтуяагийн “Номиогийн адал явдал” хэмээх зохиолоор нэмэгдэх нь ээ. Зохиогч “Тэргэнцэртэй сахиусан тэнгэрүүд” төслийнхөө хүрээнд бичсэн хүүхдийн зурагт номын цувралынхаа эхний дэвтрийг бэлэн болгосон бөгөөд түгээж эхэлж буй юм билээ. Тэрбээр “Би авто ослын улмаас тэргэнцэр дээр суух болсон. Түүнээсээ хойш маш их саад бэрхшээлтэй нүүр тулсан. Зөв хандлага, ойлголттой байхад эдгээрийг засаж, өөрчлөх боломжтой юм. Зурагт номынхоо гол баатар Номио охиноор дамжуулан хүүхэд бүр тоглож наадах, найзалж нөхөрлөх, сурч боловсрох, хөгжих эрхтэй гэдгийг ойлгуулахыг зорилоо” гэв.

Бүх төрлийн монгол гэр, тавилга болон модон хийц үйлдвэрлэлийн компанийн захирал Б.Батзултай манай уншигчид танил болсон. Тэрбээр “Манайх хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд авах бодлого баримталдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулснаар ажлын байр тогтвортой байдаг” хэмээсэн билээ. Энэ санаа бодлыг нь бид олон нийтэд дамжуулсан. Үүний мөрөөр 60 настай, сонсголын бэрхшээлтэй иргэн тус компанид ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж, холбож өгөхийг биднээс хүссэн юм. Тэрбээр архитектор мэргэжилтэй бөгөөд өдгөө тэтгэвэрт гарсан. Шижигнэсэн залуус гар нийлэн хөдөлмөрлөж, хамгийн гоё гэр урладгийг сониноос уншсанаар тэрбээр гарын ур дүйдээ дулдуйдан “Уянгын гурван эрдэнэ” компанид ажиллаад үзэхээр шийдсэнээ хэлсэн юм. Түүний хүсэлтийг Б.Батзул захиралд уламжлахад талархан хүлээж авсан. Ажил хайгч, олгогч хоёр бие биеэ олов.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж хүлээж суухаас илүүтэй хөдөлмөр эрхэлж амьдрахыг эрхэмлэдэг. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 108 мянга гаруй иргэн бий. Тэднээс 97 мянга орчим нь хөдөлмөрийн насныхан. Харин 0-16 насныхан 11.2 мянга байдаг. Үүнээс харахад хүний, ажиллах хүчний арвин нөөц энд байна. Монголчууд бидэнд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт дутмаг тул эдгээр хүмүүсийг, тэр дундаа хэвтрийн хүнийг хөдөлмөр эрхлэх боломжгүй гэж хардаг. Гэтэл НҮБ-ын конвенц буюу олон улсын үзэл баримтлалаар бол энэхүү 97 мянган хүнийг бүгдийг нь хөдөлмөрийн чадвартай гэж үздэг.

Манай улсад 2020 оны статистик мэдээллээр хөгжлийн бэрхшээлтэй 14.6 мянган хүн хөдөлмөр эрхэлж байна. Байнгын ажлын байртай буюу цалин тогтмол авдаг нь ч байна, хувиараа хөдөлмөр эрхэлж, цагийн, эрүүл мэндийн байдал, боломжоороо ажил хийдэг нь ч бий. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хуулиар хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгддөг бол нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг. Бас гадаадаас нэг удаа бараа, бүтээгдэхүүн оруулж ирэхэд гаалийн татвараас чөлөөлөх гэх мэт хөнгөлөлт эдэлдэг. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэн компани үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулбал ямар нэгэн хөнгөлөлт эдэлдэггүй. Бусдын адил улсад татвараа төлдөг. Энэ хэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд улсын төсвийн орлогын бүрдэлтэд хувь нэмрээ оруулсаар байна. Хөдөлмөр эрхлээд, амьдралаа аваад явах нэг хэрэг, харин аливааг бүтээх, түүнээсээ таашаал авах, бусадтай хуваалцах, ингэснээр өөрсдийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг марттал бүтээж буй үйлсдээ дурлах өөр. Ийм түвшинд очиж чадвал ямар ч төрлийн бэрхшээлтэй хүн бусдаас дутуу гэсэн мэдрэмжээс чөлөөлөгддөг аж.

Нөгөө талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хийж, үр бүтээлтэй байх, эсэх нь ажил олгогчдын ойлголт, хандлагаас ихээхэн хамаардаг ажээ. Байгууллага, хувь хүн ч бүх талаар дэмжиж, чөлөөтэй сэтгэх, хөдөлмөрлөх орчин бүрдүүлж өгвөл ажиллагсад санаа зовж, айж эмээлгүй, өөртөө итгэлтэйгээр өмнөхөө гүйцэтгэдэг байна. Үүний талаар ажил олгогчид “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэнч тууштай ажилладаг” хэмээн үнэлдэг юм билээ. Өмнө дурдсан Б.Батзул ч компанидаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулж, цалин орлогоор хангах хүсэлтэй гэж ярьж байв.

ХНХЯ-наас хэрэгжүүлж эхэлсэн “Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү” хэмээх бодлого анхаарал татаж байна. Уг бодлогын гол агуулга нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг авах ёстой хүнд нь амьжиргааг хангах хэмжээнд нь өгөх. Харин хөдөлмөрийн чадвартай хэрнээ ямар нэг байдлаар тэтгэмж авах сонирхолтой хүмүүсийг ажил хийлгэх зорилготой юм билээ. Засгийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барихад бэлтгэж буй аж. Эдгээрт уг бодлогын мөн чанарыг тусгажээ.

Япон Улсад 2015 оноос зохион байгуулж эхэлсэн “Халамжаас хөдөлмөр лүү” гэсэн агуулгатай ажлын туршлагыг ХНХЯ-наас судалж, нэвтрүүлэхийг зорьж, олон улсын ЖАЙКА байгууллагын төслүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн байна. “Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү” бодлогыг хэрэгжүүлснээр нийгмийн халамж авдаг хүмүүсийг гэнэт ажилд оруулаад, тэтгэвэр, тэтгэмжийг нь зогсооно гэсэн үг биш. Аажмаар хөдөлмөр эрхлүүлж, улмаар халамжийг үе шаттайгаар, тодорхой хувиар бууруулах бодлого юм. Өөрөөр хэлбэл, урт хугацаанд хэрэгжүүлнэ. Уг бодлогын сургаар хүмүүс өнөө, маргаашгүй халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг зогсоох нь гэж бодон, болгоомжлох болсон бөгөөд энэ нь буруу ойлголт шүү гэдгийг ХНХЯ-ныхан хэлсэн юм.

Мөн ХНХЯ-наас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлдэг хөтөлбөртөө “Хөдөлмөрт бэлтгэх” гэдэг дэд агуулга нэмсэн бөгөөд үүнд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авч байгаа хүмүүсийг хамруулах аж. Өмнө нь бол уг хөтөлбөрт ажилгүй иргэдийг хамруулдаг байсан бол одоо нийт хамрагдагсдын 60-аас дээш хувь нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаг хүн байна гэж заажээ. Тэдгээр иргэнийг сургалтад хамруулж, мэдээллээр хангаж, мэдлэг олгоод, зохих ур чадвар шаардах ажилд илгээх бол богино хугацаанд сургана. Харин ажилд оруулах тал дээр аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийнхэн анхаарч ажиллах аж.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дийлэнх нь хамт олны дунд ажиллах ойлголтгүй, төдийлөн нийгэмшээгүй байдаг. Хөдөлмөр эрхэлж, хамт олон дунд ажиллахын сайхан талыг тэдэнд ойлгуулж, хувь хүний хөгжил рүү чиглүүлсэн үйл ажиллагаа явуулах нь үр дүнтэй гэж үзэж байгаа. Сургалтад хамрагдах үеийн хоол, унааны мөнгийг ч олгохоор “Хөдөлмөрт бэлтгэх” хөтөлбөрт тусгасан. Хууль батлагдахыг хүлээгээд суулгүй ажлуудаа эхлүүлсэн. Хуулийг УИХ-д хараахан өргөн бариагүй тул уг ажлын зохицуулалтыг сайжруулж тусгахаар бэлтгэж байгаа. Хууль батлагдахаар албан ёсны эрх зүйн орчин бүрдэнэ. Хамгийн гол нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон Нийгмийн халамжийн тухай гэсэн хоёр хуулийг сайн уялдуулах нь чухал. Тэгснээр нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авах ёстой хүмүүсийг нь энэ хуулийн хүрээнд хамруулаад, харин хөдөлмөр эрхлэх бололцоотойг нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн агуулгаар дэмжинэ гэсэн үг” хэмээн ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий ярилаа.

Тэгэхээр цаашид, алсдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс баримтлах бодлогын өнгө ийнхүү тодорлоо. Хөдөлмөрлөх боломжтой хүмүүс ажил эрхэлж, нийгэм, хамт олон дунд хөгжиж, тэр хэрээр амьдралдаа сэтгэл хангалуун байна. Үүнд хувь хүний зүтгэл, байгууллага хамт олны ойлголт, хандлага, төрийн бодлого хэрэгжүүлэгч байгууллагын зөв, зүйтэй алхмууд зэрэг олон хүчин нөлөөлнө.

Нийтлэлийн агуулгыг тодотгохын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэн улсад хэдий хэмжээний татвар төлж, хувь нэмрээ орулдаг талаар жишээ дурдъя. Санхүүч, эдийн засагч, “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллагын цахим зээлийн эрсдэлийн ажилтан Ө.Мөнхтөртэй зөвшилцсөнөөр байнгын ажлын байртай хөгжлийн бэрхшээлтэй иргэн цалингаараа амьдралаа хэрхэн зохион байгуулдаг талаар хөндлөө. Тэрбээр “Хувийн асуудлыг олон нийтэд дэлгэх хэрэг байна уу” гэх зэрэг ямар нэг шалтгаанаар бидний хүсэлтээс татгалзаагүйд талархал илэрхийлье. Ө.Мөнхтөр харааны бэрхшээлтэй. Тэрбээр байгууллагынхаа бусад ажилтны адил өдөр тутмын бүхий л ажлаа компьютероор амжуулдаг. Ийм чадварыг хүртээмжтэй технологийн мэргэжилтэн бэлтгэх сургалтаар эзэмшсэн. Сард дунджаар сая төгрөгийн цалин авдаг бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлд 11.2 хувийг нь төлдөг. Тус байгууллага “Ажилчдын компани” хэмээх хуримтлалын сантай тул түүнд цалин бүрээс 50 мянган төгрөг тушаадаг. Өөрөөр хэлбэл, бүх ажилтан тэрхүү компанийнхаа хувьцаа эзэмшигч нь гэсэн үг. Аливаа хөрөнгө оруулалт ашигтай байдаг тул хожим хувь хүртэх үүднээс өнөөдөр бага ч гэсэн мөнгө нийлүүлэх нь зөв гэж тэр үзжээ. Ө.Мөнхтөрийнх ипотекийн зээл төлдөг. Өрхийн тэргүүн цалингаасаа сар тутамд 510 мянган төгрөгийг зээлэндээ өгдөг. Үлдсэнийг нь гэр бүлийн бусад хэрэгцээнд зарцуулдаг аж. Тэрбээр ажил хөдөлмөр эрхэлж, татвар төлж, улсынхаа эдийн засагт ийнхүү хувь нэмэр оруулдаг. Гэргий нь мөн харааны бэрхшээлтэй, бариа засалчаар ажилладаг, сарын орлого нь багагүй гэнэ. Энэхүү гэр бүл амьдралд огтхон ч түүртсэн шинжгүй, амралтаараа Хөвсгөлд аялж зугаалах үеэр бид холбогдож мэдээлэл авсан юм. Чухамдаа ирээдүйг төсөөлж, өнөөдөр хэрэгжүүлж эхэлж буй төрийн бодлогын үр дүн хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийн санаа бодол, сэтгэл, сэтгэлгээг ойрын хугацаанд ийм түвшинд хүргэх байх хэмээн бодном.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Р.Оюунжаргал

Дээш