ОЛОН УЛСЫН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ӨДРИЙГ МОНГОЛ УЛСАД ЖИЛ БҮР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо”-той хамтран 2019-2021 онд үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Банхар” арт терапи төслийг НҮБ-ийн хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран 12 сургууль дээр хэрэгжүүлж, аяны хугацаанд 56 сургууль нэгдээд байна.
Энэ хүрээнд 16 цагийн сургалтаар 693 хүүхдийг үе тэнгийн сургагч ментороор бэлтгэж, 927 багш, 680 эцэг, эхчүүдийг сургалтад хамруулж, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудаа хуваалцъя” уулзалт, ярилцлагыг онлайнаар зохион байгуулж, “Аав, ээждээ хэлэх бидний үгс” онлайн хэлэлцүүлэг хийлээ.
Цаашид Монгол Улсад үе тэнгийхний дээрэлхэлтийн эсрэг сарын аяныг жил бүр зохион байгуулах уриалгыг гаргаад байна.
Энэхүү аяны зорилго нь үе тэнгийнхний дээрэлхэлтийн талаарх мэдлэг, мэдээллийг хүүхэд, эцэг эх асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчид, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн өөрсдийн оролцоогоор дамжуулан үе тэнгийнхний дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох явдал юм.

Иймээс манай яамнаас энэхүү уриалгыг гаргаж байна.

• Жил бүр олон Улсын дээрэлхэлтийн эсрэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болох;
• Сургууль бүр хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд дээрэлхэлтийн эсрэг журамтай болгох, мөрдүүлэх;
• Дээрэлхэлтийг харсан бол мэдээлэх, дээрэлхэлт үйлдэгдээд байгаа газруудыг камержуулах;
• Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар хүүхдүүд, эцэг эхчүүд, багш нар хамтран ажиллах;

Цаашид бид аяны хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

• Үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх үе тэнгийн ментор, сургагч хүүхдүүдийг тасралтгүй бэлтгэх;
• Үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх;
• Үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэхэд багш нарын оролцоо, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд, эцэг эхчүүд болон хүүхэдтэй хамран ажиллах чиглэлээр тасралтгүй сургалтуудыг зохион байгуулах зэрэг олон ажлыг хамтран зохион байгуулах болно.
Дээш