Хөдөлмөр засалч мэргэжилтний эрэлт их байна
Элсэлтийн ерөнхий шалгалтаа саяхан өгсөн залууст хөдөлмөр засалч мэргэжлийн талаар танилцуулж, сонгон суралцахыг санал болгож байна. Энэ мэргэжлийг манай улсад нэвтрүүлээд удаагүй ч дэлхий дахинд 100 гаруй жилийн хөгжлийн түүхтэй. Хөдөлмөр засалчид хэрхэн ажилладгийг сурвалжлахаар Хан-Уул дүүрэгт байрлах Сэргээн засах клиник эмнэлэгт очлоо. Тус эмнэлэгт очих үед хөдөлмөр засалчид үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангахаар өрөө, тасалгаагаа тохижуулж байхтай таарсан юм. Тэд “Буйданг энэ талд нь тавих уу. Гал тогооны хэсэгт дутуу зүйлсийн жагсаалтыг гаргах ёстой. Төгөлдөр хуур байрандаа байг, тийм ээ. Том савтай цэцгүүдийг ингэж тавивал уур амьсгалыг сэргээхээр байна” гэхчлэн яг л гэрийнхээ эд хогшлыг нааш цааш зөөж буй мэт ярилцаж байв. Сэргээн засах клиник эмнэлэгт хөдөлмөр засалч дөрвөн бүсгүй ажилладаг аж. “Хөдөлмөр засал” хэмээн бичсэн хаягтай тасалгаанд тэд чухам ямар үйл ажиллагаа явуулдаг талаар тодрууллаа.
Хөдөлмөр засалч М.Түвшинжаргал “Та анзаарсан бол хажуугийн тасалгааны хаяг нь “Хөдөлгөөн засал” гэж байгаа. Үйлчлүүлэгч суниаж, хэвтээгээр эргэж тойрох зэрэг дасгал хийж байна. Мөн эрэг боолт чангалах, суллах зэрэг хөдөлгөөн хийх хуваарьтай нэг хүн одоо бууж ирнэ. Энэ бол хөдөлгөөн заслын хэсэг. Харин бид хөдөлмөр заслын үйлчилгээ үзүүлдэг. Хөдөлгөөн засал тухайн хүний биеийг эрүүлжүүлж, өдөр тутмын амьдралд шаардлагатай хөдөлгөөнийг нь сэргээж идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Тэгвэл хөдөлмөр засал нь бие, сэтгэл зүйн гээд бүх талын дэмжлэг үзүүлж, өөрт шаардлагатай хөдөлмөрөө хийж чаддаг болоход нь тусалдаг. Ямар нэг байдлаар өвчин эмгэгт өртлөө гэхэд, жишээлбэл, нугас нь гэмтэхэд тэр хүн эрүүл байсан шигээ өндийж суухад ч хүндрэлтэй болох тохиолдол бий. Энэ мэтчилэн амьдралын наад захын хэрэгцээтэй үйлдлүүдээ хийж сурахад нь сэргээн засахын баг буюу хөдөлгөөн, хөдөлмөр, хэл засалч, сэтгэлзүйчдийн эмчилгээ, туслалцаа шаардлагатай болдог. Бие махбодын алдагдсан чадварыг сэргээхээс гадна өвчин эмгэгээс болоод тухайн хүний нийгмийн харилцаа, сэтгэл зүй, орчин, ахуй амьдралд нь гарсан өөрчлөлт, асуудлуудад ч бас хөдөлмөр засалчид анхаардаг. Түүнчлэн эрүүл хүмүүсийн хөдөлмөрийн тэнцвэрт байдлын алдагдал, амьдралын шилжилтийн үеийн хямрал, ажиллах орчны эргономик тохиргоо зэрэг асуудлаар үнэлгээ хийж, тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Хөдөлмөр заслын эмчилгээ хийлгэснээр тухайн хүний амьдралын чанар эрс сайжрахад чухал нөлөө үзүүлдэг учир мэргэжлээрээ их бахархдаг. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн нийгмийн харилцаанд оролцож, хүмүүстэй саадгүй харилцахад нь бид тусалдаг” гэлээ.
Дэлхий дахинд үүсэж хөгжөөд 100 гаруй жил болсон occupational therapy буюу хөдөлмөр засалчийн мэргэжлээр АШУҮИС 2014 оноос элсэлт авч эхэлжээ. Ингээд 2018 онд Монгол Улсын анхны хөдөлмөр засалчдыг төгсгөсөн байна. Одоо тэд нийслэл, орон нутгийн сэргээн засах чиглэлийн эмнэлэг, төвүүдэд хөдөлмөр засалчаар ажиллаж буй аж. Хөдөлмөр засалчийн ажлын байрны эрэлт их. Нийслэл, орон нутгийн эмнэлэг, сэргээн засах төвүүдэд хөдөлмөр засалчийн орон тоо эзнээ хүлээсээр байгаа гэнэ.
Зарим хүн хөдөлмөр засалчийг сувилагч мэргэжилтэй андуурдаг аж. Гэхдээ хөдөлмөр засалч нь сувилагч, эсвэл их эмчийн аль нь ч биш. Дөрвөн жил суралцаж, бакалаврын дипломтой төгсдөг бие даасан мэргэжил. Энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх хууль, эрх зүйн орчин ч манай улсад сайн бүрджээ. 2016 онд баталсан Эмнэлгийн тусламжийн, Эрүүл мэндийн даатгалын, Эмнэлгийн мэргэжилтний, Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуульд хөдөлмөр засалчийн мэргэжлийн талаар тусгайлан тусгасан байна. Эдгээр хуульд хөдөлмөр засалч нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл буюу лицензтэй мэргэжил хэмээн тодорхойлжээ. Хөдөлмөр засалч нь үйлчлүүлэгчдэдээ үнэлгээ хийж, дүгнэлт гаргадаг. Уг үнэлгээндээ үндэслэж, бас үйлчлүүлэгчтэйгээ харилцан зөвшилцсөнөөр тусгай төлөвлөгөө гарган эмчилгээ хийдэг аж. Мөн гэрээр тусламж, үйлчилгээ үзүүлж, нэмэлт орлого олох боломжтой. Эмнэлэгт олон хоногоор хэвтэх боломжгүй тул эмчилгээ хийлгэсэн хүмүүс үргэлжлүүлэн гэрээр хөдөлмөр заслын үйлчилгээ авах сонирхолтой байдаг гэнэ.
Хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалчийн талаар иргэд төдийлөн мэддэггүй. Тиймээс энэ төрлийн тусламж, үйлчилгээ авахдаа хаана, хэнд хандахаа мэдэхгүй хүн олон байхыг үгүйсгэхгүй. Хэрэв энэ төрлийн тусламж, үйлчилгээ авах бол харьяа эрүүл мэндийн төвдөө хандах боломжтой. Мөн энэ чиглэлээр суралцах хүсэлтэй залуус АШУҮИС-д хандаж болох нь. Эрэлт, хэрэгцээ ихтэй, үйлчилсэн хүмүүстээ сэтгэл ханамж хамгийн ихээр өгдөг ийм мэргэжлээр оюутан элсүүлж, төгсгөн, ажлын талбарт гаргадаг болсон АШУҮИС-ийнханд талархууштай. Ердөө 2014 оноос элсэлт авч эхэлсэн уг мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг гурван багш тус сургуульд ажилладаг юм байна. Тэдний нэг С.Булганчимэгээс энэ мэргэжлийн мөн чанарын талаар тодруулж өгөхийг хүссэн юм. Тэрбээр “Эхлээд яагаад хөдөлмөр засалч гэж нэрлэсэн бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүмүүс ажил хийж, цалин авч байгаагаа л хөдөлмөрлөж байна гэж боддог. Яг үнэндээ шүдээ угаах, хооллох, хувцаслах зэрэг нь өөрийнхөө төлөө хийж буй хөдөлмөр. Машин барих, нийгмийн бүхий л харилцаанд оролцох, дэлгүүрээс эд зүйл худалдаж авах гэх мэт нь бас нэгэн төрлийн хөдөлмөр. Тэгэхээр хүн хөдөлж л байгаа бол хөдөлмөрлөж байна гэсэн үг. Хөдөлмөр засалч мэргэжлийн хувьд чөлөөт цаг болон унтахыг ч мөн адил хөдөлмөр гэж авч үздэг. Аливаа хүн хийхийг хүссэн, хийх шаардлагатай үйлдлээ бие махбод, хөдөлгөөний чадвар алдалт, сэтгэцийн эмгэг, осол гэмтэл, төрөлхийн болон насжилттай холбоотой өөрчлөлтийн улмаас хийж чадахгүй болж болно. Ийм үед нь үйл хөдөлмөрөөр дамжуулан тухайн хүнийг үнэлэн, эмчилгээ хийж, нийгмийн харилцаанд хэвийн оролцох боломж олгодог мэргэжил нь хөдөлмөр засалч юм. Энэ мэргэжлээр Монгол Улсад зөвхөн манай сургууль мэргэжилтэн бэлтгэж байна. Гурван багш ажилладаг. Япон, Швейцар улсын ижил төрлийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллаж буй. Хөдөлмөр засалч мэргэжлээр суралцахын давуу тал их. Дунд сургуулиа төгсөөд, элсэлтийн шалгалтаа өгсөн залуусын тухайд хими, биологи, физик, математик, англи хэл, нийгмийн тухай мэдлэг гэсэн зургаан хичээлээс өндөр оноотой хоёрыг нь сонгон элсэж болно. Мөн дээд боловсролтой буюу бакалаврын зэрэгтэй хүмүүс давхар мэргэжил эзэмших хүсэлтэйгээр манайд элсэн орох бол 2.8 ба түүнээс дээш голч дүнтэй байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, шалгалт өгөх шаардлагагүй. Заавал анагаах гэхгүй, өөр ямар ч мэргэжилтэй хүн байж болно. Ажлын байрны олдоц элбэг. Улсын төв эмнэлгүүд, үндэсний төвүүд, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд л гэхэд багадаа хоёр хөдөлмөр засалч ажиллах ёстой. Гэтэл одоогоор Улсын гуравдугаар төв эмнэлэгт л хоёр хөдөлмөр засалч ажилладаг. Бусад эмнэлэгт орон тоо бий ч мэргэжилтэн хүрэлцэхгүй байна” хэмээн ярилаа.
Дэлхий дахинд анх 1917 онд хөдөлмөр засалч мэргэжилтнүүдийг бэлтгэжээ. Манай улсын тухайд 2018 онд анхны мэргэжлийн хөдөлмөр засалчдыг төгсгөсөн байна. Бакалаврын зэрэгтэй, дөрвөн жил суралцаад төгсдөг хөдөлмөр засалч мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд АШУҮИС-ийнхан 10 гаруй жил судалгаа хийж, олон улсын туршлагаас суралцсан юм билээ. Тухайлбал, Швейцарын Цюрихийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хөдөлмөр заслын институт, Япон Улсын Гүнмагийн их сургуулиас туршлага судалж, хөдөлмөр засалчдыг бэлтгэдэг хөтөлбөрийг нь Монголдоо нутагшуулжээ. Энэ утгаараа АШУҮИС-ийн хөдөлмөр заслын ангийн оюутнууд дээрх хоёр оронд суралцаж, дадлагажих боломж нээлттэй юм билээ. Тус сургуулийнхан Өрнө, Дорнын туршлага, хөтөлбөрийг ийнхүү нэвтрүүлэхдээ монгол хүний амьдралын онцлогт тохируулан шинэчлэн боловсруулсан аж. Ийм нэгэн мэдлэг, боловсрол, ур чадвар шаардсан, улсынхаа хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг АШУҮИС-д суралцан эзэмших, ажлын байрны олдоц элбэг, улсын байгууллагуудад болон хувиараа, ер нь маш өргөн хүрээнд ажиллаж болох хөдөлмөр засалч хэмээх мэргэжил эздээ хүлээж байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Р.Оюунжаргал