Алдагдсан чадвар сэргээгч ачтан
-Олон улсад эрэлттэй хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжилтнүүдийг АШУҮИС-д бэлтгэж байна-
Тав, зургаан настай болов уу гэмээр хүү спорт өрөлтийнх шиг өнгө алаг, давхарласан аягыг нэг нэгээр нь эвлэгхэн сугалж, ширээн дээр тавьж байлаа. Нэгэн эмэгтэй түүний өөдөөс харан суужээ. Аяга сугалж, өөр газарт авч тавих бүртээ хүү чин сэтгэлээсээ баярлах бөгөөд өнөөх эмэгтэй алга ташиж, түүнийг урамшуулах аж. Зарим тохиолдолд хүү нэлээд хүч гаргаж буй бололтой харагдана. Царай нь минчийж улайн, суудлаасаа өндийх шахна. Бүсгүй тэр болгонд урмын үг хэлж, “Болж байна”, “Үнэхээр сайн байлаа”, “Одоо жаахан хичээгээрэй”, “Санаа зовох хэрэггүй”, “Дахиад оролдоорой” гэх зэргээр зоригжуулна. Дараа нь тэд өнгө өнгийн дүрс бүхий моднуудыг ховилд тааруулж хийх даалгавар гүйцэтгэлээ. Хүү тун сурамгай байв. Үйлдэл бүрийг нь алдалгүй ажих өнөөх эмэгтэй “Дараагийн удаа даалгавраа хүндрүүлье” гэж хэлэв.
Мэдэхгүй хүнд бол тэр хоёрын үйлдэл жигтэй санагдахаар байлаа. Нэг, хоёр настай хүүхэд дөнгүүр хийж орхих зүйлийг гүйцэтгэхийн тулд байдаг хүч, оюунаа зориулах цэцэрлэгийн насны хүү. Түүнийг чин сэтгэлээсээ дэмжиж, урам зориг өгөх эмэгтэй. Магадгүй “Энэ тийм хэцүү гэж үү. Хүүхдүүд энэ байтугайг л хийдэг шүү дээ” гэсэн бодол эрхгүй төрөх байх. Харин хүүг хөгжлийн бэрхшээлтэй, баруун гараа хүссэнээрээ хөдөлгөж, удирдаж чаддаггүй байсныг мэдсэн даруйд таны бодол өөрчлөгдөх нь эргэлзээгүй.
Итгэл (ээжийнх нь хүсэлтээр нэрийг нь өөрчлөв) тархины саажилттай. Тархины гэмтэл ба тархины бүтэц дэх гажгаас шалтгаалсан булчин болон хөдөлгөөний хүндрэлийг ийнхүү хэлдэг. Түүний хувьд баруун гар, хөл нь саажилттай. Мэргэжлийн хэллэгээр бол тал саажилттай. Үүнээсээ болоод хүү гар, хөлөө хүссэнээрээ удирдаж, өдөр тутмын аар саархан үйлдлүүдийг хийж чаддаггүй байж. Харин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хөдөлмөр заслын цогц (курс) эмчилгээ хийлгэсний үр дүнд гараа атгаж, ямар нэг зүйл чимхэж, алгаа дээш харуулж сурчээ. Харин одоо хүү аяга сугалах, дүрсийг ховилд тааруулж хийх зэрэг гарын нийлмэл ажиллагаа сайжруулах зорилготой дасгал хийж байна. Харин тэр бүхнийг заан чиглүүлж, тусалж буй эмэгтэй бол тус төвийн хөдөлмөр засалчдын нэг юм.
Хүмүүс тэр бүр мэддэггүй ч эрэлт хэрэгцээ, үнэ цэн нь жилээс жилд өсөн нэмэгдэж буй, хөгжлийн бэрхшээлтэй төдийгүй осол, гэмтлийн улмаас биеийнх нь аль нэг хэсгийн хэвийн ажиллагаа алдагдсан хүмүүсийг эмчилж, шаардлагатай чадваруудыг эзэмшүүлдэг хөдөлмөр засалч болон хөдөлгөөн засалчийн ажлыг сурвалжлахаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд очлоо. Тус төвийн дарга Р.Галбадрах “Хөдөлмөр засал гарын 10 хурууны үйл ажиллагаатай салшгүй холбоотой бөгөөд тухайн хүний өдөр тутам өөртөө үйлчлэх чадварыг сайжруулж, нэмэгдүүлэхэд чиглэдэг. Хөдөлгөөн засал бол суух, босох, зогсох, алхах зэрэг хөдөлгөөний алдагдлыг эмчлэх, нөхөх гол зорилготой” хэмээн энгийн, ойлгомжтойгоор дээрх хоёр мэргэжлийн онцлогийг тайлбарласан юм.
“Тэргэнцэр дээр суудаг байсан хүү морь унадаг болсон”
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв хөдөлмөр заслын таван мэргэжилтэнтэй. Тэд өдөрт тус бүр 20-25, нийт 100-125 хүүхдэд үйлчилдэг аж. АШУҮИС-д эл чиглэлээр суралцсан анхны зургаан төгсөгчийн хоёр нь тэнд ажилладаг юм байна. Тэд бол М.Сарангэрэл, Г.Тунгалаг. Тус төвд хэвтэж буй болон өдрөөр эмчлүүлдэг хүүхдүүдтэй ажиллаж байх үед нь тэдэнтэй уулзлаа.
Г.Тунгалаг “Сэргээн засах анагаах ухааныг хүмүүс уламжлалт, эсвэл физик эмчилгээ төдийгөөр төсөөлж, явцуу ойлгодог. Гэтэл энэ нь маш өргөн ойлголт. Өдөр тутам хийдэг зүйлс болон ажил мэргэжлийн хөдөлмөр үүнд багтдаг. Эмчээс гадна гэр бүл, ялангуяа эцэг, эхийн хамтын ажиллагаа, дэмжлэгээр үр дүн нь хэмжигддэг. Цаг хугацаа, уйгагүй оролдлого, хичээл зүтгэл чухал. Зарим нь эмийн эмчилгээ шиг санаж, богино хугацаанд өндөр үр дүн нэхдэг. Манай төв хүүхдүүдийг 14-21 хоног хэвтүүлэн эмчилдэг. Гурван сар завсарлаад, дахин хэвтүүлдэг. Эмчилгээний хоорондох хугацаанд эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ тасралтгүй ажиллаж, эмчийн заасан дасгал, зөвлөсөн эмчилгээг гэрээр үргэлжлүүлэх ёстой. Зарим нь үүнийг маш сайн биелүүлдэг. Харин зарим нь юу ч хийхгүй, урам хугалах нь бий. Хөдөлмөр заслын эмчилгээний үр дүн эмч болон эцэг, эхийн аль алиных нь хичээл зүтгэлээс шалтгаална” хэмээн ярилаа.
Унтраалгын суурьт сэрээ (вилка) залгах, цонх, хаалганы гүйдэг цоожийг цоожлох, усны цорго нээх, боолт бэхлэх, үдээс үдэх, хувцас товчлох, зүүний сүвд утас хэлхэх, савны таг эргүүлэх, савх, халбага, сэрээ барих зэрэг өдөр тутам хийдэг үйлдлүүдийг хүүхдүүд хөдөлмөр заслын эмчилгээний танхимд гүйцэтгэж, давтаж байлаа. Мөн хурууны үе, бугуйн ажиллагааг сайжруулах зориулалтын хэрэглэгдэхүүнийг ашиглаж байсан юм. Тус танхим 50 гаруй нэр, төрлийн хэрэглэгдэхүүнтэй бөгөөд тэдгээрийг гарын нийлмэл хөдөлгөөний, тэнцвэрийн, булчингийн хөгжлийн, өдөр тутмын үйл ажиллагааны хэмээн ангилдаг аж.
Энэ өрөөнд олон цагийг өнгөрөөж, эмчилгээнд бүрэн хамрагдаж, дасгалаа ном ёсоор нь хийсэн олон хүүхэд өөрийгөө ялан дийлж чаджээ. Тийм нэг хүүхдийн талаар хөдөлмөр засалч М.Сарангэрэл ярилаа. Тэрбээр “Зун, ялангуяа баяр наадмын дараа бэртэж, гэмтсэн хүүхэд олон ирдэг. Эмнэг сургаж байгаад унаж, хүнд гэмтсэн нэгэн хүү өнгөрсөн жил манай төвд ирсэн юм. Тархиндаа гэмтэл авснаас биеийнх нь баруун тал саажилттай болж, удаан хугацаанд хэвтсэнээс нөгөө хэсэг нь мөн хөшсөн байлаа. Ингээд түүний хүндрэлүүдийг оношилж, таван удаагийн цогц эмчилгээнд хамруулсан. Хөдөлмөр заслаас гадна шаардлагатай бүх төрлийн эмчилгээг хийсэн. Бие нь илт сайжирсан. Гар, хөлөө удирдаж, ойр зуурын зүйлсийг бие даан хийдэг боллоо. Хамгийн сүүлд өнгөрсөн өвөл уулзсан юм. Саяхан түүнтэй фэйсбүүкээр найз болоод би маш их баярласан. Тэргэнцэр дээр суудаг байсан хүү морь уначихсан хээвнэг явна лээ. Энэ бол уйгагүй, тууштай байсны үр дүн, шагнал” гэлээ.
“Охин минь сууж, мөлхөж сурлаа”
Булчингийн хөгжил дэмжих, хөдөлгөөний бэрхшээл арилгах, тэнцвэр сайжруулах зорилготой таазны болон бэхэлгээтэй алхуулагч, тэнцвэрийн хавтан, хананд зогсоогч, шат гээд олон төрлийн төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг нэгэн танхимд байрлуулжээ. Энэ бол хөдөлгөөн заслын эмчилгээний өрөө. Сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох шагайн, өвдөгний, түнхний, бугуй, мөрний кинетик аппаратыг эмчилгээнд өргөн ашигладаг юм байна. Тухайн хүүхдийн биеийн аль хэсэг саажилттайгаас хамаараад, аппаратаа сонгож хэрэглэдэг аж. Ухаалаг төхөөрөмж тэдэнд тусалж, хөдөлгөөний бэрхшээлтэй хэсгийг нь автоматаар удирддаг гэнэ.
Эл төв есөн хөдөлгөөн засалчтай. Тэдний нэг болох М.Эрдэнэтуяа “Олон улсын стандартаар бол нэг хүүхдэд өдөрт 20 минут зарцуулах нормтой. Бид тухайн хүүхдийн онцлогоос шалтгаалаад, 30-40 минут зарцуулдаг. Коронавирусийн улмаас манай төвийн үйл ажиллагаа хэсэг хугацаанд саатсан, мөн хичээлийн шинэ жил эхлэх гэж буй учраас ачаалал их байна. Яг одоо хэвтэн эмчлүүлж буй 80, өдрөөр үйлчлүүлдэг 10 гаруй хүүхэд бий” хэмээн ярьсаар биднийг угтлаа. Тэрбээр хоёр нас, долоон сартай М.Эгшиглэн охиныг автомат зогсоогч дээр зогсоон, хөдөлгөөн заслын эмчилгээ хийж байв.
М.Эгшиглэнгийн ээж Г.Батчимэг “Бид Төв аймгаас ирсэн. Шарлалт хүндэрснээс болоод охины минь биеийн хэвийн хөгжил алдагдсан. Нэг нас, есөн сартайдаа анх энэ төвд ирж, эхний шатны эмчилгээгээ эхлүүлсэн. Тухайн үед охин минь алхах нь бүү хэл ганцаараа сууж, мөлхөж, эргэж чаддаггүй байлаа. Одоо мөлхдөг, эргэдэг, суудаг болсон. Дараагийн зорилго бол ганцаараа тэнцвэртэй зогсдог болгох. Тиймээс автомат зогсоогч дээр зогсоож байна. Энэ удаа 21 хоног хэвтэн эмчлүүлээд, ирэх арваннэгдүгээр сард дахин ирэх бодол бий. Сэргээн засах эмчилгээ хийдэг газар, хөдөлгөөн засалчийн мэргэжил нийгэмд, бидэн шиг асуудалтай нүүр тулсан эцэг, эхчүүдэд ямар чухлыг биеэр мэдэрч байна. Ийм үйлчилгээ үзүүлдэг газар илүү олон болоосой. Хөдөлгөөн засалчийн мэргэжлийн сайхныг хүн бүр ойлгоосой гэж хүсэж байна. М.Эрдэнэтуяа эмчдээ чин сэтгэлээсээ талархлаа” гэв.
Эрүүл мэндийн тухай хуульд сэргээн засах үйлчилгээг эмч, сувилагч, хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч, хэл засалч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтны багаар үзүүлэх тусламж гэж тодорхойлсон байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв ийм багаар үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Тухайлбал, тухайн хүүхэдтэй зөвхөн нэг хөдөлгөөн засалч ажилладаггүй, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, хэл засалч гээд шаардлагатай мэргэжилтнүүд багаараа тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой. Түүнчлэн эмч, мэргэжилтнүүд тухайн үйлчлүүлэгчийн оношийг тодруулж, ямар төрлийн бэрхшээлтэйг үнэлсний үндсэн дээр, мөн эцэг, эхийн саналыг харгалзан бусад төрлийн эмчилгээнд давхар хамруулдаг. Урлахуй, хэл яриа буюу нийгэмшүүлэхүй, амьдралын дадал суулгах хичээл, хөгжимт болон усан эмчилгээ, спорт эмчилгээ сонгож, хамрагдах боломжтой. Г.Батчимэг гэхэд охиноо хөдөлмөр заслын эмчилгээнд өөрийн хүсэлтээр хамруулснаас гадна усан эмчилгээ хийлгэжээ. Дараа нь хөгжимт эмчилгээнд хамруулах төлөвлөгөөтэйгөө хэлсэн юм.
Энэ мэргэжлийн сонгоход юу нөлөөлсөн бэ гэсэн асуултыг тус төвийн хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч нарт тавихад “Ирээдүйтэй учраас” хэмээн товчхон хариулсан. Үнэхээр л эл мэргэжлийн нэр хүнд өсөж, эрэлт хэрэгцээ нь эрс нэмэгдэж, ирээдүй нь гэрэлтэж байгааг АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийнхан онцоллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв гэхэд ийм мэргэжилтнүүдийг хүлээж авахад хэзээд бэлэн гэсэн. Тус төвөөр тогтохгүй өөр олон байгууллага, эрүүл мэндийн үйлчилгээний газар тэдэнд үүдээ нээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Ж.Сувдмаа