Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Каритас Чех Репаблик (Caritas Czech Republic) ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Яна Жилковаг хүлээн авч уулзлаа
Уулзалтад ХНХЯ-ны Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар, Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн, Каритас Чех Репаблик ТББ-ын төслийн менежер Л.Дэлгэрмаа нар оролцов.
Тус уулзалтаар суурин төлөөлөгч Яна Жилкова өөрийн байгууллагын талаарх мэдээлэл, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, цаашдын үйл ажиллагааны талаар танилцуулж, хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
КЧР-ын төв оффис нь Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотод байрладаг бөгөөд Монгол Улсаас гадна Гүрж, Молдав, Ирак, Замби болон Камбож зэрэг таван улсад суурин төлөөлөгчийн газартай. Монгол дахь суурин төлөөлөгчдийн газар нь 2007 онд байгуулагдсан. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос гадна Баянхонгор, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Дорноговь, Булган, Завхан болон Хэнтий аймгуудад үйл ажиллагаа явуулдаг.
Санхүүжилтийн хувьд Европын Холбоо, SWITCH-Asia хөтөлбөр, Чехийн хөгжлийн агентлаг, Чехийн Гадаад хэргийн яамнаас авдаг.
КЧР нь залуучуудыг чадавхжуулах, хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах, барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих, Хэнтий аймгийн газар тариалангийн салбарын иргэний нийгэм болон орон нутгийн удирдлагын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсад төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
Цаашид “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө төсөл”-ийн хүрээнд залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, тэднийг чадавхжуулах зорилгоор зөвлөмж гаргах, ХНХЯ-нд хог хаягдлын дахин боловсруулалтыг нэвтрүүлэх, хэрэглээний хэв маяг, зан үйлийг суртчилахад ХНХЯ-тай хамтран ажиллахаар боллоо.