Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах сургалт зохион байгууллаа
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureХөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны 7-р сарын 2-нд УИХ-аар баталсан. Тус хуулийг 2022 оны 1-р сарын 1-нээс дагаж мөрдөнө.
Үүнтэй холбоотойгоор хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хөдөлмөр, нийгмийн түншлэлийн талуудтай хамтран ажиллаж, хуулийн талаарх сурталчилгаа, сургалт, мэдээллийг хүргэж байгаа. Энэ сарын 20, 21-нд нийгмийн түншлэгч талууд, аж ахуйн нэгж байгууллага, холбогдох газруудыг хамруулсан Хөдөлмөрийн тухай шинэ хуулийг орон нутагт сурталчлах сургалт зохион байгуулсан.
Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас төрийн захиргааны албан хаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нээсэн бөгөөд Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал Чан Хи Ли мэндчилгээ дэвшүүлж, сургалтад амжилт хүслээ.
Сургалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн дарга Б.Алимаа “Хөдөлмөрийн тухай хуулийн нийтлэг үндэслэл, хамтын харилцаа, хөдөлмөрийн сонирхлын маргаан”, “Ажил, амралтын цаг, цалин хөлс”, “Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн удирдлага” сэдвээр илтгэж хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн ахлах шинжээч Ш.Маяа “Хөдөлмөрийн гэрээний төрөл, нэмэлт нөхцөл, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулалт” сэдвээр, хуульч, судлаач Ц.Батнасан “Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, хөдөлмөрийн гэрээний талуудын хүлээх хариуцлага” сэдвээр илтгэж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Өнөөдрийн сургалтад яамд болон харьяа байгууллагын төрийн захиргааны 50 гаруй албан хаагчид оролцов.
Хуулийн гол зорилт хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, ажилтан, ажил олгогч, нийгмийн түншлэлүүдийн зохистой харилцааг бий болгох, манай улсын хөдөлмөрийн зах зээлийг олон улсын хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагатай уялдуулж тал талын зохистой харилцааг бүрдүүлсэн цогц хууль юм.
Дээш