Ковид-19 өвчний эсрэг вакцины нэмэлт тунд хэн хамрагдах вэ?
Тухайлбал, вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн иргэд хоёрдугаар тунг 21 хоногийн дараа хийлгэнэ. Харин хоёр тун хийлгэсэн 18-аас дээш насны иргэд гурван сарын дараа дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах ёстой юм.
Тэгвэл нэгдүгээр тунг хийлгээд дахин вакцинд хамрагдаагүй болон бүрэн тунтай өвчлөөд эдгэрсэн хүмүүс цаашид дархлаажуулалтад хэрхэн хамрагдах талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Вакцины нэгдүгээр тунг хийлгээд хоёрдугаар тунг хийлгээгүй иргэд бий. Эдгээр иргэний тухайд эхний тунг тариулснаас хойш гурван сар өнгөрсөн бол вакцины үйлчлэл буурсан гэж үзэж нэг, хоёрдугаар тунд хамрагдах зөвлөмжийг Эрүүл мэндийн яам өгч байгаа.
Вакцины хоёр тунтай 18-аас дээш насны иргэд гурван сарын дараа дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдана. Харин вакцины хоёр тунтай ч КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэрснээс хойш 21 хоногийн дараа гуравдугаар тунд хамрагдах боломжтой юм" гэлээ.
Одоогоор Монгол Улсын 18-аас дээш насны иргэдийн 17 хувь нь коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдсан байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэмэлт сэргээх тунгийн дархлаажуулалт зорилтот бүлгийн 50 хувьд хүрвэл "Шар" түвшинд шилжүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгчээ.
Дээш