Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журмыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн хурлыг зохион байгууллаа
uploaded pictureuploaded pictureuploaded pictureНҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн 19 дүгээр зүйл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32 дугаар зүйлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах эрхийн тухай заасан байдаг.
Дээрх баримт бичгүүдэд заасан эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/184 дүгээр тушаалаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам”-ыг баталсан. Уг журмыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны А/137 дугаар тушаалаар журмыг шинэчлэн боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний зардлыг аль сангаас гаргах, тус үйлчилгээнд хамрагдах иргэдийн насны хязгаарыг тодорхой зааж, үйлчилгээний зардал, аргачлал, үнэ тарифын хэмжээг нэмэгдүүлэх гэх зэрэг зохицуулалтуудыг тусгах асуудлуудыг хэлэлцлээ.
Ажлын хэсгийн хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир ахлан ажиллаж байгаа бөгөөд Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо, Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв зэрэг төрийн бус байгууллагын төлөөллүүд болон холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Дээш