Б.Мөнххишиг: Өөртөө итгэлтэй харцаар хүмүүс рүү харахад л хандлага нь өөр болдог

uploaded pictureuploaded pictureХөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэн, нийгэмд манлайлал үзүүлж, хувь нэмрээ хэрхэн оруулж болох вэ. Энэ талаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын зорилтот бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнххишигтэй ярилцлаа. Тэрбээр гурван настайгаасаа тулгуур эрхтний бэрхшээлтэй болжээ. Хэдий тийм ч хөгжлийн бэрхшээл нь түүнийг сурч боловсроход саад болоогүй. Харин ч амжилттай суралцан, ерөнхий боловсролын болон их сургуулиа төгссөн байна. Өдгөө тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр төрийн албанд ажилладаг. Бас дөрвөн хүүхдийн ээж бөгөөд тэднийгээ эрүүл саруул өсгөхийн төлөө бүхнээ зориулдаг аж. Багаасаа манлайлагч байсан Б.Мөнххишиг одоо ч гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олондоо үлгэр жишээ болсон мятаршгүй нэгэн юм.

-Таны ажлын онцлог юу вэ. Баянзүрх дүүргийн ИТХ-ын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн дэмжлэг үзүүлдэг бол?

-Зорилтот бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүлээж авсан. Зорилтот бүлэгт хүүхэд, ахмад настан, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдээ хараад гэртээ суугаа залуу гэр бүлийнхэн багтдаг. Тэдэнд хүрч ажиллах, соён гэгээрүүлэх, нийгмийн идэвх оролцоог нь сайжруулах, халамжаас илүү хөдөлмөрлөх зорилготой болгохын төлөө ажиллаж байна. Фэйсбүүкт “Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал” гэсэн нэртэй хуудас бий. Тэндээс бидний ямар ажлууд хийснийг үзэж болно. Бид хийж бүтээсэн ажлаа тэнд тайлагнадаг юм. Би ажилд орсноосоо хойш таван хүнийг ажилтай болоход нь тусалсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, хуулийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх сургалтууд зохион байгуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээлэл дутуугаасаа болж олон боломжийг алдах нь бий. Тухайлбал, гурван жилд нэг удаа тэргэнцэр, таяг зэрэг шаардлагатай хэрэгслээ үнэ төлбөргүй авах эрхээ мэддэггүй. Баянзүрх дүүргийн хувьд хорооны хэсгийн ахлагч, нийгмийн ажилтнууд энэ талын мэдээллийг надаас авч, цааш нь маш сайн түгээж ажиллаж байгаа. Тусламж дэмжлэг байнга аваад амьдардаг айлаас илүү цаана нь үлдчихдэг хүмүүстэй тулж ажиллах, асуудлыг нь шийдэж, хөдөлмөрлөх боломжоор хангах зорилготой. Саяхан Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Зөвлөлийн даргын албан тушаалд томилогдсон.

-Та Соросын сангийн тэтгэлгээр их сургуульд сурсан гэл үү. Тэтгэлгийн талаарх мэдээллийг хаанаас, хэрхэн авч байв?

-Тийм ээ. Завхан аймагт ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Нэгдүгээр ангид орохоосоо өмнө уншиж, бичиж чаддаг болчихсон байсан тул суралцахад асуудал тулгараагүй. Аравдугаар ангиа онц дүнтэй төгссөн. Ангийнхан маань надад их тусалдаг байлаа. Тэд ангийн багшаас илүү миний үгэнд ордог, намайг байнга дэмждэг байв. Дээд ангийн ах, эгч нар ч намайг үүрээд сургуульд хүргэж өгдөг байсан. Бага байхаас л ангийнхнаас эхлээд нийгэм надад хөгжлийн бэрхшээлтэй гэж бодох завдал олгоогүй. Гэхдээ мэдээж хүүхдүүд л юм хойно “Доголон” гэж шоолох тохиолдол гардаг. Ийм асуудал одоо ч тулгардаг. Гэсэн ч аав, ээж минь намайг өөртөө итгэлтэй болгож өсгөсөн учраас хэр баргийн зүйлд шантарч, сэтгэлээр унадаггүй. Багадаа сэтгүүлч болохыг хүсдэг байлаа. Бүх хичээлдээ жигд сайн байсан учраас хэд хэдэн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Аав, ээж минь эдийн засагч болохыг зөвлөсөн тул ХААИС-д элсэж, нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн. Тухайн үед Соросын сангийн дэмжлэгийн талаар сонсоод шалгаруулалтад орсон юм. Аймаг бүрээс нэг хүүхэд л тэтгэлэг авсан. Би Завхан аймгаасаа ганцаараа шалгарч, сургалтын төлбөр, оюутны байрны болон нутаг руугаа явах замын зардлын тэтгэлэгт хамрагдсан. Мөн 20 ам.долларын цалинтай оюутан байлаа шүү дээ.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцоход бусад хүний хандлага, ойлголт чухал байдаг. Таныг найз нөхөд, сургуулийнхан тань ихэд дэмждэгийг сонсоход таатай байна.

-Тэгэлгүй яах вэ. Нэг асуудал нь намайг багад одоогийнх шиг тэргэнцэр, протез, ортопедийн хэрэгсэл байсангүй. Авга ах маань надад модон таяг хийж өгдөг байлаа. Унаж бэртэхээр таяг амархан хугарчихдаг. Дараагийн таягаа бэлэн болтол хичээлдээ явж чаддаггүй байсан. Анх таяг тулж сурахдаа их уйлдаг байснаа санадаг юм. Таяг тулснаас болж суга улайж, их өвддөг. Гэсэн ч өөдрөг сэтгэлээр бүхнийг даван туулж өдий хүрсэн. Би их өөдрөг хүн. Ямар ч асуудлыг хэцүү гэж хардаггүй. Хэцүү гээд бодохоор ажил бүтдэггүй юм шиг санагддаг. Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрүүл мэндийн тусламж авахад орц, гарцаас эхлээд хүндрэлтэй зүйл олон. Гэхдээ аливааг эергээр санаж бодож явахад асуудал бага тулгардаг. Би хүүхдүүдээ төрүүлэх хүртлээ ажлаа хийдэг. Миний хүүхдүүд жин багатай төрсөн ч өдгөө эрүүл саруул. Би улсын эмнэлэгт амаржсан. Эмч, сувилагч, асрагч бүгдээрээ надад их сайн хандаж, тусалдаг байлаа. Залуу эмч нар хүртэл “Миний охин” гээд л санаа тавьж, сайхан хандаж байсанд баярладаг юм.

-Гурван настайгаасаа таяг тулж сурсан гэсэн байх аа. Хөл тань юуны улмаас мэдээгүй болсон талаар ярьж болох уу?

-Би хоёр ах, хоёр эгчтэй айлын бага хүүхэд. Гурван нас хүртлээ эрүүл саруул байсан гэж аав, ээж минь хэлсэн. Бусад хүүхдээс түрүүлж хөлд орж, гүйж харайсан сэргэлэн цовоо охин байсан гэдэг. Өвчний улмаас л хоёр хөл явж чадахгүй болсон гэж ярьдаг юм. Эмч нар саажилт гэж оношилсон. Намайг өвдсөнөөс хойш аав, ээж минь бүх зүйлээ надад зориулж, илүү хайрладаг болсон. Өвдөж зовсон, тусламж хэрэгтэй хүүхдэдээ л эцэг, эхчүүд илүү анхаардаг шүү дээ. Тухайн үед одоогийнх шиг гадаадад эмчлүүлэх боломж ховор байж. Хөдөөний хүмүүс ч тэр бүр мэддэггүй байсан биз. Хамгийн сайн гэсэн эмч, бариач, сувилал гээд уулзаагүй хүн, яваагүй газар аав, ээж бид гуравт байхгүй. Өвөрхангай аймгийн Хужиртын рашаан сувилалд жил гурван удаа очдог байлаа.

Одоо бол нуруу өвдөх, хөл дээрээ удаан зогсохоор хавдах зэрэг зовуурь илэрдэг ч аль болох байгальд ойр байж, эрүүл хооллохыг эрмэлздэг. Жилд нэг удаа сэргээн засах эмчилгээ хийлгэдэг юм. Эм, тан уухгүйг хичээж, хөдөлгөөн, шавар, бариа заслаар эмчлэхийг хичээдэг. Эмч нар “Чиний хөл маш муу, тэргэнцэр дээр суугаад явах хүн байна. Таяг тулаад хөл дээрээ явж байгаа чинь гайхалтай” гэж байсан. Аль болох тэргэнцэр дээр суухгүй юм сан гэж боддог. Нэг хэсэг жин нэмсэн. Тэр үед болж өгвөл тэргэнцэр дээр суухыг боддог юм билээ. Эрүүл саруул, эрхтэн бүтэн хүмүүс маш их таргалж байгаад санаа зовдог. Үр хүүхдээ жингийн илүүдэлтэй болгож байна. Гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө ээжүүд, гэрийн эзэгтэй нар санаа зовохгүй байгаад харамсдаг. Би хоёр таягаа тулаад бялдаржуулах төвд явж байлаа. Гэтэл эрүүл саруул хүмүүс яагаад хөдөлгөөн хийхгүй, хийжүүлсэн ундаа, шарсан тахиа хүүхдэдээ байнга өгдгийг ойлгодоггүй. Нөхрийгөө жилд нэг удаа заавал урьдчилан сэргийлэх үзлэгт оруулдаг юм. 2-3 жил болоод ходоодоо дурандуулах шаардлага тавьдаг. Хүүхдүүддээ аль болох аминдэм өгөхийг хүсдэг. Хувь хүний хариуцлагаас улсын хариуцлага эхэлдэг шүү дээ. Жил бүр хорт хавдраар маш олон хүн нас барж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байвал өвчнөө эрт илрүүлж, эмчлүүлэх боломжтой. Харамсалтай нь биед нь зовуурь илрээд байхад эмчид ханддаггүй хүн олон бий.

-Та машинаа өөрөө жолоодоод, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгдөг юм билээ. Хоёр суга таягтай хүн жолоо барих амаргүй байх. Хэзээ жолооч болсон юм бэ?

-Би өвдөж шаналах ямар байдгийг багаасаа биеэр мэдэрсэн учраас үр хүүхдүүдээ эрүүл, чийрэг төрүүлж, өсгөхийн төлөө ихэд хичээдэг. Тиймээс хүүхдүүдээ төрүүлсний дараа агаар салхинд гаргахаас эхлээд жолоо барьж сурах шаардлагатай болсон. 2014 онд анхны хүүхдээ тээж байхдаа жолооны дамжаанд сурсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жолооны дамжаа л даа. Сурч байх хугацаандаа амаржсан. Удалгүй эргээд дамжаандаа суусан. “Дөнгөж амаржчихаад машин жолоодож болох юм уу” гээд хамт сурч байсан хүмүүс их гайхаж билээ. Машинаа гар ажиллагааны тохиргоотой болгосон. Өөрөөр хэлбэл, нэг гараараа жолоогоо бариад нөгөө гараараа хааз, тоормосоо татаж, түлхдэг юм. Өөрийн гэсэн унаатай болсноос хойш голын эрэгт, модны захад л хүүхэдтэйгээ өнждөг болсон доо.

-Та энэ их эрч хүч, урам зоригийг хаанаас авдаг юм бэ?

-Хайр дүүрэн гэр бүл бий болгох маш чухал. Аав, ээж минь хөдөлмөрч хүмүүс байсан учраас би зүгээр сууж чаддаггүй. Үр хүүхдэдээ үлгэр дуурайл болж, хөдөлмөрлөх, нийгмийн харилцаанд орж, хүмүүстэй харилцах нь сайхан байдаг. Дутуугийн мэдрэмж хүн бүрт төрдөг. Үүнийгээ бодохгүй, тоохгүй байх хэрэгтэй. Суга таягтайгаа гудамжинд явж байхад зарим хүн “Эвий минь” гэсэн өрөвдсөн харцаар хардаг. Харин өөртөө итгэлтэй харцаар хүмүүс рүү харахад л хандлага нь өөр болдог шүү. Бид өөрсдөө нийгэмд нөлөөлөх хэрэгтэй. Үр хүүхэд, гэр бүлээсээ хамгийн их урам зориг авдаг. Мөн бусдын хэлсэн сайхан үг урам, эрч хүч өгдөг дөө. 

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Дээш