Эрүүл мэндийн салбар дахь хүүхдийн эрх, хамгааллын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хэлэлцэх салбар дундын хэлэлцүүлэг зохион байгууллаа
“Хүүхдийн хөгжил, хамгаалын салбар дундын байнгын ажлын хэсэг” нь “Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн үнэлгээний тайлан, Хүүхдийн эрхийн тухай конвенц, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны 5 дугаар зөвлөмжийг танилцуулах салбар дундын хэлэлцүүлэг”-ийг Эрүүл мэндийн яаманд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, тус ажлын хэсгийн дарга С.Зулпхар, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг “Хүүхдийн эрхийн хууль тогтоомж, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр, Хүүхдийн эрхийн тухай конвенц, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны 5 дугаар зөвлөмжийн салбарын хэрэгжилт” сэдвээр, МУИС-ийн Социологи, нийгмийн ухааны багш, доктор, профессор А.Батхишиг “Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээний тайлан, зөвлөмж” сэдвээр, Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү “Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээний тайлан, зөвлөмж” сэдвээр тус тус танилцуулж хэлэлцлээ.
Хэлэлцүүлэг 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд цахимаар үргэлжлэн зохион байгуулагдах бөгөөд бүх яамдын оролцоог хангахаар төлөвлөн ажиллаж байна.
Хэлэлцүүлгийг зохион байгуулснаар хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагын нэгдсэн ойлголт мэдээллийг салбарын албан хаагч нарт өгөхөөс гадна холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг салбар бүрээр авч хэлэлцэн сорил, бэрхшээл, гарцыг ярилцан төлөвлөснөөр салбар дундын хамтын ажиллагаа, зохицуулалт эрчимжих юм.