БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам болон Монгол Улсаас БНСВУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав нарыг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Засгийн газрын 2021 оны 163 дугаар тогтоолын дагуу Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын ЗГХК-ын монголын хэсгийн даргаар томилогдсон билээ.
Энэ хүрээнд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам болон Монгол Улсаас БНСВУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын орон тооны зөвлөх Ч.Улаан, ГХЯ-ны АНДОГ-ын дэд захирал А.Ананд, АНДОГ-ын атташе Г.Давхарбаяр, ХНХЯ-ны ГХАОНХХ-ийн дарга З.Хүслэн нар оролцов.
Уулзалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 2019 оны 12 дугаар сард Ханой хотноо болсон ЗГХК-ын ээлжит XVII хуралдаанаар хоёр улсын хамтын ажиллагааг холбогдох салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд хийж гүйцэтгэхээр тохирсон ажлуудыг ажил хэрэг болгоход Элчин сайд нарыг анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.
Тодруулбал, харилцан ашиг сонирхлыг харгалзаж худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх, хоёр тал агаарын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр талын хооронд зорчигч шууд нислэгийн зам нээх зэрэг олон салбарын хамтын ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх үүднээс холбогдох яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, ажлын хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатайг хэлэлцэв. Нийгмийн хамгааллын асуудлын хүрээнд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСВУ-ын Хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн асуудлын яам хооронд байгуулсан Санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хүчин чармайлт гарган ажиллахаар боллоо.
Түүнчлэн, XVII хуралдаанаар ЗГХК-ын XVIII хуралдааныг 2021 онд Монгол Улсад хийхээр талууд тохирсон боловч КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдох төлөвтэй байгаа тул ээлжит хуралдааны товыг дипломат шугамаар дахин тохирохоор болов.