САЛБАРЫН СТРАТЕГИ БОЛОН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨРИЙН УЯЛДААГ ХАНГАНА
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын стратеги төлөвлөгөө болон Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах ажлын явцын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга нар, харьяа агентлагийн удирдлагуудад мэдээлэл хийж, ажлыг эрчимжүүлэх, уялдуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар удирдан явуулав.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2021 оны 50 дугаар тушаалаар “Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулах дэд ажлын хэсэг”-ийг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/93 дугаар тушаалаар “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг”-ийг тус тус байгуулсан бөгөөд дэд сайд С.Зулпхар ахлан ажиллаж байна.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлд дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих Хүний хөгжлийн, Нийгмийн хөгжлийн, Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн зэрэг 7 зорилтот хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэхээр заасан билээ. Энэ хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбараас эдгээр зорилтот хөтөлбөрийг боловсруулахад шаардлагатай нөхцөл байдлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна.
Эдгээр ажлын явцыг эрчимжүүлэх, Салбарын стратеги болон нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн уялдааг ханган ажиллах талаар ажлын хэсгийн ахлагч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхараас удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өглөө.