Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Клеческиг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь хоёр талт хамтын ажиллагаа болон цаашид хөгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.
Сайд А.Ариунзаяа нь Америкийн Нэгдсэн Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд эх орондоо эргэж ирсний дараа тус улсад төлсөн даатгалын шимтгэлээс өндөр насны тэтгэвэр авах боломжийг бүрдүүлэх талаар АНУ-ын Нийгмийн хамгааллын байгууллагад хүсэлт тавьж, хамтран ажиллаж байгаа талаар танилцуулж, уг ажлыг эрчимжүүлэх чиглэлээр дэмжиж ажиллахыг хүслээ.
Элчин сайд М.Клечески хэлсэн үгэндээ уг хүсэлтийн талаар Нийгмийн хамгааллын байгууллагатайгаа холбогдож, тодруулга авсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс хүргүүлсэн мэдээллийг судалж, удахгүй хариу мэдэгдэхээ илэрхийлнэ гэв.
Уулзалтад Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Лэйф Воллэр болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох газар хэлтсийн дарга нар оролцлоо.