“Эерэг Монгол 2021” чуулган "Хөгжил дэвшилд залуучуудын оролцоо-Хөдөлмөр эрхлэлт" сэдвээр болж байна
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар улс орны тэргүүнүүд "Тогтвортой хөгжлийн зорилго-2030"-ыг баталсан. Үүний дагуу "Эерэг Монгол" чуулган нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогыг чиглэл болгон Нийгэмд үйлчилдэг байгууллагуудын хоорондын мэдлэг, туршлагыг солилцуулах, хамтын ажиллагааг бий болгох, үзүүлж буй эерэг өөрчлөлтийн үр дүнг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, чанартай боловсролыг түгээх зэрэг тоггвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх зорилготой юм.
Энэ жил JCI Монгол ТББ-аас санаачлан "Эерэг Монгол" 2021 чуулган Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгын хүрээнд "Хөгжил дэвшилд залуучуудын оролцоо-Хөдөлмөр эрхлэлт" сэдвээр энэ сарын 20-ноос 27-ны хооронд зохион байгуулж байна. Чуулганы үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ОУХБ-ын санхүүжилтийн дэмжлэгтэй, JCI Монгол ТББ-тай хамтран танхим болон цахимаар зохион байгуулж байна.
Чуулган нь Тогтвортой хөгжлийн 17-н зорилгын Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих болон Тэгш бус байдлыг бууруулах зорилгуудын хүрээнд 2021 оны 9-р сарын 20, 23, 27-ны өдрүүдэд уулзалт, хэлэлцүүлгийн хэлбэрээр явагдах юм.
Өнөөдөр "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй бэрхшээл", "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй бэрхшээл" гэсэн бүлэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж одоогийн нөхцөл байдлыг тодорхойлж шийдэл саналууд нэгтгэж гаргах юм.
Хэлэлцүүлэгт Олон улсын байгууллага, ажил олгогчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Харин 9-р сарын 23-ны өдөр: Эхний өдрийн бүлэг хэлэлцүүлгээс гарсан санал санаачилга, сайн жишээ, шийдлийн саналуудыг нэгтгэн боловсруулах, Төрийн байгууллагууд, Төрийн бус байгууллагууд болон ажил олгогчдод хандсан нэгдмэл уриалгыг гаргах юм.
9-р сарын 27-ны өдөр: "Эерэг Монгол" 2021 Нэгдсэн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар болон албаны бусад хүмүүс оролцож өмнөх хэлэлцүүлгүүдээс гарсан санал санаачилгуудаас бодлогын түвшинд шийдэх боломжтой санал санаачилгыг хэлэлцэх юм.
Мөн эл өдөр Орчин үеийн Монголын хөгжил дэвшилд залуучуудын оролцоог таниулах, уриалах, сэдэлжүүлэх сэдвиин хүрээнд хөдөлмөр эрхлэлтэд уриалсан манлайлагч залуучуудын илтгэлүүдийг олон нийтэд хүргэнэ.