Г.Анхбаяр: Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг хянан шалгах аян эхлүүллээ
Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын яамнаас Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг хянан шалгах аян эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн
даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Анхбаяр “Хөдөлмөрийн
чадвар алдалтад хяналт шалгалт хийх” аяны талаарх
мэдээллийг хүргэх гэж байна.
-Хөдөлмөрийн чадвар
алдалтыг тогтоох гэдэг
нь ямар ажил юм бэ? Хуульд юу гэж заасан байдаг вэ?
Нийгмийн даатгалын
сангаас тахир дутуугийн тэтгэвэр авахад нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой
хугацаанд төлсөн байхаас гадна мэргэжлийн байгууллагаас тухайн хүн хөдөлмөрийн
чадвар алдсан талаар мэргэжлийн дүгнэлт шийдвэр гаргасан байх ёстой байдаг. Энэ
талаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д “хүмүүсийн оюун
ухаан, мэдрэхүй, бие бялдрын хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж тахир
дутуу /хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас /хэсэгчлэн
алдсан/ болсон шалтгаан, түүний хувь хэмжээ, хугацааг тогтоох мэргэжлийн үйл
ажиллагааг эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа гэнэ” гэж заасан.
-Эмнэлэг хөдөлмөрийн
магадлагааг ямар байгууллага хариуцдаг вэ?
Нийгмийн даатгалын
тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа тогтоох ажлыг нарийн
мэргэжлийн эмч, нийгмийн даатгалын болон эзэд, даатгуулагчийн эрх ашгийг
хамгаалах байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн эмнэлэг хөдөлмөрийн магадлах
комисс эрхлэн гүйцэтгэнэ.” гэж зохицуулсан.
Энэ заалтын дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын
дэргэд Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв комисс, аймаг, дүүргийн Нийгмийн
даатгалын хэлтсийн дэргэд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс ажиллаж
байна.
-Эмнэлэг хөдөлмөрийн
магадлах комисс ямар өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоодог вэ?
Нийгмийн даатгалын
тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т зааснаар Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь ердийн өвчин, ахуйн
болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагчийн
хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь хэмжээ, хугацааг тогтооно.
-Нийгмийн даатгалын тухай хуулиас гадна ямар дүрмээр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагааг зохицуулдаг вэ?
Нийгмийн даатгалын
тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4-т “Эмнэлэг
хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг Засгийн газар батална.”
гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2021
оны 67 дугаар тогтоолоор баталсан “Эмнэлэг
хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ээр энэхүү үйл ажиллагааг нарийвчлан зохицуулж байна.
-Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын
дүрмээр юуг зохицуулахаар тусгасан бэ?
Энэхүү дүрмээр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс
даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ,
хугацааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөлийг
солих асуудлыг магадлан шийдвэрлэх, оролцогч талуудын үйл ажиллагаа, эрх,
үүргийг тодорхойлох, урамшуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, хяналт
шалгалт хийх, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулж байна.
-Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын
бүрэлдэхүүн ямар байдаг бэ?
Төв комисс нь дарга, нарийн бичгийн дарга,
магадлагч эмч 6, шинжээч эмч 5, даатгуулагч, ажил олгогчийн төлөөлөл тус бүр 1,
нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй байна. Харин орон нутгийн комисс нь орон тооны бус
байх бөгөөд дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, магадлагч эмч 1, төрөлжсөн
мэргэжлийн эмч 3, нийгмийн халамжийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн холбооны
болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл тус бүр 1, нийт 10 хүний
бүрэлдэхүүнтэй байна.
-Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс ямар өвчний жагсаалтыг баримтлан ажилладаг вэ?
Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах
өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/39, А/12
дугаар хамтарсан тушаалаар баталсан жагсаалтыг мөрдөн ажилладаг.
-Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс ямар
хэлбэрээр хуралдаж шийдвэр гаргадаг вэ?
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл
ажиллагаа нь хурал хэлбэртэй байх ба хурлыг дараахь хэлбэрээр зохион байгуулна:
1.даатгуулагч
(иргэн)-ийг байлцуулан хуралдах;
2.даатгуулагч (иргэн)-ийг
байлцуулахгүйгээр зохих бичиг баримтад үндэслэн хуралдах;
3.
цахим хэлбэрээр хуралдах;
4.
нүүдлийн хэлбэрээр хуралдаж явуулдаг.
-Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг хэрхэн яаж шийдвэрлэдэг
вэ?
Даатгуулагч
(иргэн)-ийн хөдөлмөрийн чадвараа алдсан шалтгаан, түүний хувь хэмжээ, хугацааг
тогтоох, сунгах, цуцлах, ажлын цагийг богиносгох, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх
асуудлыг хамгийн эхэлж эмнэлгийн байгууллагын дэргэд ажилладаг эмнэлэг хяналтын
комиссын шийдвэрээ гаргана.
Энэхүү эмнэлгийн байгууллагын дэргэд ажилладаг
эмнэлэг хяналтын комисс тухайн хүнийг хөдөлмөрийн чадвараа алдсан гэж үзвэл Эмнэлэг
хөдөлмөрийн магадлах комисст санал хүргүүлж, хурлаар шийдвэрлүүлнэ.
-Эмнэлэг хөдөлмөрийн
магадлалын үйл ажиллагааны хяналт шалгалт ямар байхаар дүрэмд тусгасан бэ?
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 67 дугаар
тогтоолоор баталсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-д Төв комисс нь салбар
болон орон нутгийн комиссын үйл ажиллагаа, цахим болон цаасан бичиг баримт,
мэдээллийн санд тогтмол хяналт тавьж ажиллахаар
заасан.
Мөн Төв комисс мэдээллийн
санг ашиглан үнэлгээ, дүгнэлт хийсний үндсэн дээр улсын дунджаас дээш эрсдэлтэй
нөхцөл бүхий салбар болон орон нутгийн комиссын үйл ажиллагаанд жилд 3-аас
доошгүй удаа дахин магадлал хийж шалгахаар зохицуулсан
байгаа.
Харин Төв комисс мэдээллийн санг ашиглан
үнэлгээ, дүгнэлт хийсний үндсэн дээр өндөр эрсдэлтэй нөхцөл бүхий салбар болон
орон нутгийн комиссын үйл ажиллагаанд төв комиссын шинжээч эмч болон эрүүл
мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Мэргэжлийн
салбар зөвлөлтэй хамтарсан магадлалыг жилд 2-оос доошгүй удаа хийж шалгана.
Энэ нь эрүүл мэндийн салбар зөвлөл зэрэг илүү мэргэжлийн баг ажиллана гэсэн үг
юм.
Үүнээс гадна Мэргэжлийн хяналтын байгууллага нь төв
болон салбар, орон нутгийн комиссын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн дагуу
хяналт, шалгалт хийхээр дүрэмд зааснаас гадна дүрмийн 12.2, 12.3-т
заасан шалгалтыг хийхэд хараат бус хөндлөнгийн шинжээч, хөгжлийн бэрхшээлтэй
иргэний эрх ашгийг хангах орон тооны бус үндэсний болон салбар зөвлөлийн
төлөөллийг оролцуулж болно гэж заасан.
Ингэснээр шалгалтыг ил тод, шударга явуулах боломжийг бүрдүүлж, эрүүл хүнийг
өвчтэй гэж группт оруулдаг асуудлыг цэгцлэх боломж бүрдэж байгаа юм.
-Хяналт, шалгалтын
дараа ямар хариуцлага тооцохоор хууль, дүрэмд заасан бэ?
Нийгмийн даатгалын сангаас
олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх
заалт, 2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуульд хууль бусаар тэтгэвэр, тэтгэмж
тогтоолгосон бол хүлээлгэх хариуцлагыг тусгасан байдаг.
Мөн Засгийн газрын 2021
оны 67 дугаар тогтоолоор баталсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 13.1-13.5-д дараах арга хэмжээ авахаар заасан байдаг болно. Үүнд:
-Эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл
ажиллагаанд алдаа, зөрчил гаргасны улмаас даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн
чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааг үндэслэлгүйгээр тогтоосон,
сунгасан комиссын дарга, орлогч дарга, гишүүд, нарийн бичгийн даргад холбогдох
хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
-Даатгуулагч (иргэн) хуурамч баримт
бичиг үйлдэж хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацаагаа
тогтоолгохыг завдсан, тогтоолгосон, сунгуулсан бол хохирлыг нөхөн төлүүлж,
холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
-Хяналтын болон эмчлэгч эмч,
төрөлжсөн мэргэжлийн эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нь хуурамч баримт
бичиг үйлдэж хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааг даатгуулагч
(иргэн)-д тогтоолгохыг завдсан, тогтоолгосон, сунгуулсан бол хохирлыг нөхөн
төлүүлж, холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
-Хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан,
хувь хэмжээ, хугацааг тогтоолгох, сунгуулах зорилгоор багажийн болон лабораторийн
шинжилгээг хуурамчаар үйлдсэн эрүүл мэндийн байгууллагын ажилтанд холбогдох
хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
-Хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан,
хувь хэмжээ, хугацааг тогтоолгох, сунгуулах зорилгоор комиссын гишүүдэд хууль
бусаар нөлөөлсөн албан тушаалтан, аливаа этгээдэд холбогдох хууль тогтоомжид
заасан хариуцлага хүлээлгэнэ.
-Манай улсад хэдэн хүн хөдөлмөрийн чадвараа
алдсан байдаг вэ?
Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор ердийн өвчин, ахуйн болон
үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсан
шалтгаан, хувь хэмжээ, хугацаа тогтоолгосон иргэдийн тоо 2019 оны эцэст 111 386,
2020 оны эцэст 110 393 болсон нь 2021 оны байдлаар нийт хүн амын 3.4 хувийг эзэлж байна.
110393 иргэдээс 34.3% нь нийслэлд, 61.2% орон нутагт амьдарч байгаа бол, сэтгэцийн болон мэргэжлээс шалтгаалсан
өвчний салбар зөвлөлөөр магадлал хийлгэсэн хүний тоо 4968
байна.
Хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааг
тогтоолгосон иргэний 49.6 хувь нь хөдөлмөрийн чадвараа
70-аас дээш хувиар буюу бүрэн, 50.4 хувь нь 69 хүртэл хувиар буюу хагас алджээ.
Хөдөлмөрийн чадвар алдсан нийт хүний 58.5 хувь нь эрэгтэй, 41.5 хувь нь эмэгтэй
байна. Харин 41-50 насны бүлэг хамгийн их буюу 32.0 хувийг эзэлж байна.
Хөдөлмөрийн чадвар
алдсан 5 гол өвчний шалтгаан нь дотрын өвчин, сэтгэцийн эмгэг, мэдрэлийн өвчин,
гэмтэл согогийн өвчин, нүдний өвчин нийт 77.1 хувийг эзэлж байна.
-Хяналт, шалгалтын Аяны
талаар яриагаа үргэжилүүлье.
Сүүлийн үед эрүүл хүнийг өвчтэй гэж хуурамчаар
магадладаг, улмаар нийгмийн даатгалын болон халамжийн сангаас тахир дутуугийн
тэтгэвэр авдаг, /манайхан группт орно гэдэг/, эрүүл хүнийг өвчтэй гэж
хуурамчаар магадлаж авилга авдаг, өвчтэй хүнийг комиссын хурлаар оруулдаггүй гэх
гомдол, мэдээлэл иргэд, зарим байгууллагаас их ирж байна.
Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах Төв комисс,
төрийн бусад байгууллага, хараат бус төрийн бус байгууллага, иргэдтэйгээ
хамтран хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг даатгуулагч (иргэн)-д
тогтоосон байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт хийх ажлыг эхлүүлж байна.
-Энэхүү хяналт
шалгалтын аян ямар хугацаанд үргэлжлэх вэ?
Аяныг Ковид19 цар тахлын
нөхцөл байдалтай уялдуулан 2021 оны 08 сарын 23-ны өдрөөс эхлэн 30-60 хоногийн
хугацаанд зохион байгуулна. Хяналт, шалгалтыг бүх аймаг, дүүргийн Нийгмийн
даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хүчин
төгөлдөр бүх шийдвэрийг хамруулахаар төлөвлөж байна.
-Иргэд, байгууллагаас
санал, хүсэлт, гомдлыг нээлттэй хүлээн авах уу?
Энэхүү хяналт шалгалтын хүрээнд
бид иргэдээс 7777-1289, 1800-0724, 11-11 утсаар санал гомдол, хүсэлт, мэдээлэл
авч, гомдлыг шуурхай барагдуулж ажиллана.
-Цаашид хяналт шалгалтыг байнга зохион
байгуулах уу?
Хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ,
хугацааг тогтоох, сунгах, цуцлах ажлын хяналтыг зөвхөн энэхүү аяны хүрээнд хийснээр
хязгаарлахгүй.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 67 дугаар
тогтоолоор баталсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-д Төв комисс нь салбар
болон орон нутгийн комиссын үйл ажиллагаа, цахим болон цаасан бичиг баримт,
мэдээллийн санд тогтмол хяналт тавьж ажиллахаар
заасан тул хяналт байнга үргэлжлэх болно.
Эх
сурвалж: Үндэсний шуудан сонин