ЗУРГААН АЙМАГТ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙГ БАЙГУУЛАХ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР ГАРЛАА
uploaded pictureМанай улсад 108.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа нь нийт хүн амын 3.2 хувийг эзэлдэг. 0-18 насны 12.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Зээлийн хэлэлцээрт Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт загвар бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг барихаар тусгагдсан.
Түүнчлэн, Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2.5.8.9-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд 6 аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг байгуулахаар тусгасан.
Дээрх аймгуудад төвийн барилгын ажлыг эхлүүлж, ажиллах боловсон хүчнийг төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар бэлтгэж байна. Төвүүдийн үйл ажиллагааг 2022 оноос эхлүүлэхээр шаардлагатай зардлыг төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг байгуулах тогтоол гаргаж, дүрмийг баталлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдэд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх, гэр бүл, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, орон нутагтаа сэргээн засалтын чиглэлээр ажилладаг байгууллага, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэшүүлэх, хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэгтэй юм.
Төв шаардлагатай үед бүсийн болон ойролцоох аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд холбогдох сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
Төв дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна:
- Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, хүүхэд бүрийн онцлогт тохирсон хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл заслын тусламж үйлчилгээг үзүүлнэ.
- Хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрэгчдийн хязгаарлагдсан хөдөлгөөнийг нь боломжит дээд хэмжээнд хүртэл сэргээхэд чиглэсэн төлөвлөгөө боловсруулах, үйлчилгээ үзүүлэх, харвалт, ослын дараах сэргээн засах хөтөлбөр хэрэгжүүлэх, гэр бүл, асран хамгаалагчдад дэмжлэг үзүүлэх чиглэлээр зөвлөгөө өгч, хамтран ажиллана.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн сургалт, бие даан амьдрах болон бусад хөгжлийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулна.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд туслах хэрэгслийг сонгох, тохирох туслах бүтээгдэхүүний талаар зөвлөгөө өгөх, худалдан авахад дэмжлэг үзүүлэх, түүнийг ашиглах талаар сургалт зохион байгуулж, тэргэнцэр, таяг, бүс зэрэг туслах хэрэгслийг засаж сайжруулахад туслалцаа үзүүлнэ.
- Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагад сэргээн засах тусламж, үйлчилгээний чиглэлээр мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлнэ.
- Холбогдох чиглэлээр бусад улс, олон улсын байгууллагатай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд ажиллах мэргэжлийн бэлтгэгдсэн хүний нөөцийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар зохион байгуулж байна.
Дээш