“ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДӨР:ОДОО АРГА ХЭМЖЭЭ АВЪЯ: ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙГ УСТГАЯ” цахим хэлэлцүүлэг боллоо
uploaded pictureuploaded pictureНҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 2021 оныг “Хүүхдийн хөдөлмөрийг устгах жил болгон зарласантай холбогдуулан 2021 оны 06 сарын 12-ныг “Хүүхдийн хөдөлмөрийг устгах дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байгаа.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр:Одоо арга хэмжээ авъя: Хүүхдийн хөдөлмөрийг устгая” цахим хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа панелистаар оролцов. Мөн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол-Хятадыг хариуцсан товчооны дэд захирал Дай Шиаочу, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Хүний Эрхийн Үндэсний Комиссын Гишүүн Д.Сүнжид нар оролцож модератор Хуульч, Хүүхдийн хөдөлмөрийн активист Х.Баасанжаргал хийсэн болно.
Хүүхдийн хөдөлмөр нь сурч боловсрох, эрүүл байх боломжийг үгүйсгэж, ядуурлыг гүнзгийрүүлж байдаг тул хүний үндсэн эрхийн зөрчил гэж үздэг. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах нь хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн өсөлтийг хангах, хүний хөгжил, тогтвортой хөгжлийг хангах үндэс болдог.
Монгол Улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид, 2003 онд Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг Нэмэлт протоколд, 2004 онд Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг Нэмэлт протоколд нэгдэн орсон. Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь 8 конвенцийг соёрхон баталсны дотор Хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенцийг 2002 онд, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай 182-р конвенцийг 2001 онд соёрхон баталсан.
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар Монгол Улсад 5-17 насны хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн хувь 16.7, түүнээс аюултай хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн хувь 7.8 байгаагийн дийлэнх нь хөдөө аж ахуй (хурдны морь унаж уралдах зэрэг), барилгын салбар, бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний салбарт ажиллаж байна.
Цахим хэлэлцүүлгээр Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай шууд хэлэлцүүлэг өрнүүлж асуулт хариултаар үргэлжлэв. Хэлэлцүүлгийг дүгнэж оролцогч талуудын хамтарсан хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай захидлыг танилцууллаа.
Дээш