УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношлогооны талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 11 дүгээр тогтоолын дагуу 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээний зардлын төлбөрийг даатгалын сангаас хариуцахаар болсон.

Ингэхдээ тус бүр нь 50,000 төгрөгийн үнэтэй 3 төрлийн багцаас /дотор эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх, дотор эрхтний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх, хавдрын эрт илрүүлэг/ зөвхөн нэгийг сонгон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын сонгон шалгаруулалтад тэнцэж гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэх юм.

Урьдчилсан тооцооллоор 174,0 мянга орчим даатгуулагч тус тусламж үйлчилгээнд хамрагдахаар байна.

Даатгуулагч урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг тусламж, үйлчилгээнд хамрагдахдаа шимтгэл төлж баталгаажуулсан эрүүл мэндийн даатгалын дэвтрээ иргэний цахим үнэмлэхийн хамт харьяа дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст авч очин “Эрхийн бичиг”-ээ авах бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн нийслэлийн 32, орон нутгийн 45 эрүүл мэндийн байгууллагаас өөрөө сонгон харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой.

Даатгуулагчдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношилгоо, шинжилгээнд хамруулснаар эрүүл мэндээс үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалах, улмаар нас баралт болон эрүүл мэндийн сангийн зардлыг урт хугацаанд бууруулах ач холбогдолтой юм.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношлогоог цаашид жил бүр уламжлал болгон 2020 он хүртэл зохион байгуулах бөгөөд энэ оны тухайд 2017.10.16-2017.12.31-ныг дуустал үргэлжилнэ.

Тухайн насны даатгуулагчдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээндээ товлолт хугацаанд өргөнөөр хамрагдахыг уриалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ndaatgal.mn сайт, 7010-1128 утсаар холбогдож авах боломжтой.

Дээш