Нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг С.Чинзориг сайд төлөөлнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг багш, эмч нарын цалингаа нэмэгдүүлэхээр тавьж байгаа шаардлагыг гудамжинд жагсч цуглаж биш ширээний ард сууж ойлголцох замаар шийдвэрлэх гарц гаргалгааг олох нь зөв хэмээн үзэж буй юм. Тэрбээр үүний тулд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулах нэмэлт хэлэлцээтэй холбоотой асуудлыг шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар хэлэлцүүллээ. Засгийн газрын хуралдаанаас нэмэлт хэлэлцээнд баримтлах Засгийн газрын чиглэлийг дэмжиж, Засгийн газрыг төлөөлөх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталсан Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтсон байна. Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээг өнөөдөр эхлүүлэхээр боллоо.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийг Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран 2017 оны нэгдүгээр сарын 19-нд байгуулсан юм. Уг хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалттай холбоотойгоор нэмэлт хэлэлцээр байгуулж, тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг ирэх онд үе шаттайгаар нэмэгдүүлэх саналыг МҮЭХ-ноос ирүүлсэн. Мөн Багш нарын цалинг нэмэгдүүлэх  түр хорооноос Засгийн газарт шаардлага хүргүүлж, ажил хаялт зохион байгуулж байгаа. Тиймээс нэмэлт хэлэлцээгээр нийгмийн зөвшлийн талууд эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцах юм.

Хэлэлцээр өнөөдөр /2017.10.23/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд 14.00 цагаас эхэлнэ.

Дээш