Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Шпаркассе Банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Маркус Лохыг хүлээн авч уулзлаа
Тус банк нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төвтэй бөгөөд нийт 50 улсад салбар банкуудаараа дамжуулан тухайн орны онцлогт нийцүүлэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладаг. 2020 онд Монгол Улсад шинэ салбараа албан ёсоор нээж манай улсын банкны салбарыг хөгжүүлэх, боловсон хүчинг чадавхжуулах, олон улсын санхүүгийн стандартыг хангах, банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг тогтворжуулахад хувь нэмрээ оруулах зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус уулзалтаар ноён Маркус банкны зүгээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улмаар иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллах боломжтой чиглэлүүдийн талаар санал солилцов. Тухайлбал, Шпаркассе Банк нь салбарын боловсон хүчин, байгууллагуудыг чадавхжуулахаас гадна банкны харилцах ажилтан буюу теллер бэлтгэх онол, дадлага хосолсон богино хугацааны сургалтуудыг энэ жилээс явуулж эхэлсэн байна.
Өөрөөр хэлбэл, банкны харилцах ажилтан болоход дээрх сургалтад харьяалах их, дээд сургуулийн үндсэн ангид 4 жил сурах шаардлагагүйгээр тус сургалтад хамрагдах бүрэн боломжтой. Харин суралцагч цаашид банк, санхүүгийн чиглэлээр гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй бол бакалаврын түвшний сургалтад хамрагдах юм.
Уулзалтын төгсгөлд Шпаркассе банк хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол Банк болон банк, санхүүгийн чиглэлээр ажилладаг аж ахуй нэгж бусад холбогдох төрийн байгууллага болон нийгмийн түншүүдтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.