Generation Unlimited түншлэлд нэгдэн орох бэлтгэл ажил хангах асуудлаар уулзалт зохион байгууллаа
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Generation Unlimited түншлэлд нэгдэн орох бэлтгэл ажил хангах асуудлаар Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Мишра Тапан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай уулзлаа.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Generation Unlimited түншлэлд нэгдэн орох асуудлаар анхны танилцуулга уулзалтыг 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр цахим хэлбэрээр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд, тус түншлэлийн захирал асан Роберто Бенес, шинээр томилогдсон захирал Кэвин Фрэй, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан болон Generation Unlimited түншлэлийн холбогдох албаныхантай хийсэн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа уг түншлэлийг дэмжиж, нэгдэн орох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.Залуучууд, өсвөр насныханд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтууд болон НҮБ-ын Залуучуудын стратегийн хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Асемблейн 73 дугаар чуулганы үеэр Generation Unlimited хөдөлгөөнийг 2018 онд байгуулсан. Тус хөдөлгөөн нь улс орнуудын залуучууддаа чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсрол, сургалтын системийг сайжруулан шинэчлэх төлөвлөгөөг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан дэмжих зорилготой юм.
Уг ажлын мөрөөр Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Мишра Тапан донор байгууллагуудтай хийсэн уулзалт, түүнчлэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын залуучуудад чиглэсэн үйл ажиллагааны зураглалыг танилцуулж, цахим харилцаа холбоо, зайны сургалт болон зайнаас ажил хөдөлмөр эрхлэх, ногоон эдийн засаг зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг хөндөн ярилцаж Generation Unlimited түншлэлд нэгдэн орох, бэлтгэл ажлыг хангахад бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн болно.