Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа
Дэлхийн ур чадварын 44 дэх удаагийн тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдийн тэмцээнээс хэд хэдэн онцлогтой болж өнгөрсөн юм. 44 дэх удаагийн ур чадварын тэмцээнд манай баг тамирчид өмнөх амжилтаа ахиулах зорилготой оролцсон бөгөөд зургаан төрөлд өрсөлдсөн залуус маань зорилгоо амжилттай биелүүллээ.
Тодруулбал, тус тэмцээнд эх орноо төлөөлөн гагнуурын төрөлд оролцсон Техник технологийн коллежийн төгсөгч Ж.Жанлав-Ойдов 700 оноогоор тусгай байрын шагнал хүртлээ. Тэрбээр энэ амжилтаараа тус төрөлд оролцсон 34 орны ооролцогчдоос 18 дугаар байр эзэлсэн юм. Мужааны төрөлд оролцсон Техник технологийн политехник, коллежийн төгсөгч Н.Эрдэнэмөнх 691 оноо авсан байна. Тэрбээр нэмж есөн оноо авсан бол шагналт байрт шалгарах боломжтой байсан. Цахилгааны төрөлд оролцсон Налайх МСҮТ-ийн төгсөгч Л.Төгөлдөрийн хувьд 674 оноо авсан нь 2015 оны оролцогчийн амжилтыг ахиулсан дүн юм.
Тогоочийн төрөлд оролцсон Хүнс, технологийн политехник коллежийн суралцагч Б.Дагвасүрэн 673 оноо авсан нь мөн л өмнөх жилийн амжилтыг ахиулсан явдал байлаа. Тэгвэл Дэлхийн ур чадварын тэмцээнд манай улс анх удаа оролцож буй Сантехникийн төрөлд оролцсон Ц.Долгормаа 660 оноо авч чадлаа. Ховд аймгийн “Хөгжил” политехникийн коллежийн төгсөгчийн үзүүлсэн уг амжилт нь дараа дараагийн тэмцээнүүдэд Монгол Улс энэ төрлөөр өндөр амжилт үзүүлэх боломжтой гэдгийг харуулж байгаа юм. Өрөг угсралтын төрөлд оролцсон Барилгын политехник коллежийн оюутан Ц.Мягмарсүрэн даалгавруудаа амжилттай дуусгаж 659 оноо авчээ. Энэ удаагийн тэмцээний өрөг угсралтын төрөлд Арабын нэгдсэн Эмират улсын сүлд тэмдэг болох Шонхор шувууг бүтээх маш хүнд даалгавар ирсэн гэдгийг оролцогчид, эксперт багш нар онцолж байсан юм. Тодруулбал, зөвхөн шонхорын бүтээлийн тэр хэсэгт зуугаад тоосго зүсэж өрсөн байна. Энэ төрлөөр манай улс 2015 онд 26 орноос 25 дугаарт орж байсан амжилтыг Ц.Мягмарсүрэн огцом ахиулж чадлаа.