БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний мэдээллийн систем”-ийн серверийн өрөөний шинэчлэлийг хийж гүйцэтгэлээ
БНСУ-ын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжиж байгаа “Монгол Улсын төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний мэдээллийн системийг хөгжүүлэх төсөл-2020”-ийн сүүлийн шатны үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Сангийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хэлэлцүүлгийн тэмдэглэл”-д Монгол талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан нар, Солонгос талаас Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ли Жай Кап 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зурж албажуулсан билээ.
“Хэлэлцүүлгийн тэмдэглэл” баталгаажсанаар БНСУ-ын Засгийн газраас 1.79 сая америк доллартай тэнцэх хэмжээний буюу 2.05 тэрбум солонгос вонийг дээрх төслийн сүүлийн шатны үйл ажиллагааны хэрэгжилтийг хангахад зориулан буцалтгүй тусламж хэлбэрээр зарцуулахаар болсон. Энэхүү хөрөнгөөр “Монгол Улсын төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний мэдээллийн систем”-ийг хөгжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг худалдан авах, Монгол Улсад хүргүүлж суурилуулах, холбогдох программ хангамжийг хөгжүүлж хүлээлгэн өгөх, ажилтан, албан хаагчдыг бэлтгэж чадавхжуулах зэрэг ажлыг санхүүжүүлэх юм.
“Монгол Улсын төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний мэдээллийн систем”-ийн шинэчлэл хийгдсэнээр Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн тоон судалгаа, мэдээ, тайлангийн чанар сайжирч, ажил олгогч болон ажил хайгчдын хоорондын хөдөлмөр зуучлалын үйл ажиллагааны хурд, хүртээмж, чанар, үр дүн нэмэгдэх боломжтой болно.
Төслийн хүрээнд мэдээллийн системийг хөгжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг БНСУ-аас Монгол Улсад энэ оны 5 дугаар сарын 2-ны өдөр тээвэрлэн ирүүлсэн бөгөөд Серверийн өрөөний шинэчлэлийн ажлыг 5 дугаар сарын 28-ны өдөр хийж дуусгалаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт байрлах энэхүү серверийн өрөө болон мониторингийн өрөөний иж бүрэн шийдлийг стандарт шаардлагад нийцсэн даацын шал, тааз, гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, хяналтын камер, интернэт сүлжээ, галын дохиоллын системийн угсралт болон бусад тохижилтын ажлыг “Хайтеч солушн” ХХК болон “Жи коммуникейшн” ХХК хамтран гүйцэтгэсэн. Мөн энэ ажлын хүрээнд шинээр 3 серверийн зогсуур, 11 ширхэг сервер, 22 ширхэг сүлжээний тоног төхөөрөмжийг гэрээнд заасан загвар, үзүүлэлтийн дагуу хүлээн авч суурилуулалт, холболтын ажлыг гүйцэтгэн сервер, сүлжээний төхөөрөмжүүдэд үйлдлийн систем, сервисүүдийг суулгаж, аюулгүй байдлын тохиргоог хийн системийг ажиллуулахад бэлэн болгоод байна.
Одоо мэдээллийн системийн программ хангамжийг хөгжүүлэх, ажилтан албан хаагчдыг бэлтгэн чадавхжуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх ба мэдээллийн системийг энэ оны 3 дугаар улиралд багтаан хүлээн авч, үйл ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна.
Дээш