“Хүүхдийн эрхийн хууль эрх зүйн хорооны журам”-ыг шинэчлэх хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны журам”-ыг шинэчлэх хоёр удаагийн цахим уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль зөрчсөн сэжигтэн, яллагдагч, гэмт хэргийн хохирогч, гэрч болон хорих байгууллагаас суллагдсан хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн ба нийгмийн үйлчилгээ үзүүлэх салбар байгууллагуудын хамтын ажиллагааны төлөөлөл бүхий орон нутгийн нэгж юм.
2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан А/51, A/69 тоот тушаалаар “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам” батлагдсан бөгөөд хүүхдийггэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт холбогдсон, гэрч хохирогч болсон хүүхэд бүрт шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ, салбар дундын зохицуулалтыг сайжруулах зорилгоор тус журмыг шинэчлэн боловсруулах хэрэгцээ шаардлага бий болсон.
Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хүүхдийн мөрдөн байцаах албаны дарга нар, мэргэжилтнүүд, Хүний эрхийн үндэсний комиссын салбар зөвлөлийн гишүүд, 21 аймаг, нийслэл, дүүргүүдийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны дарга, гишүүд (шүүгч, прокурор, өмгөөлөгч, боловсрол соёлын газрын дарга), хорооны нарийн бичгийн дарга буюу Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нар, мэргэжилтнүүд оролцлоо.