А.Ариунзаяа: Бодлого шийдвэрийн хэрэгжилтийг анхан шатанд зохион байгуулахад сумын нийгмийн даатгалын байцаагчдын үүрэг, оролцоо маш чухал
Сумдын нийгмийн даатгалын байцаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн өөрчлөлт, журам зааврыг хэрэгжүүлэх талаар нэгдсэн ойлголт өгөх, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, санал солилцох зорилго бүхий “Сумдын нийгмийн даатгалын байцаагчдын арга зүйн цахим сургалт” өнөөдөр эхэллээ.
Нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Монгол Улсын Засгийн Газраас цахим засаглалыг бодлогоор дэмжиж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, иргэдэд чирэгдэлгүй шуурхай үйлчлэх чиглэл баримталж байна. Энэ хүрээнд нийгмийн даатгалын салбарынхан маань үйлчилгээний шат дамжлагыг халж, цахим үйлчилгээг идэвхжүүлэх чиглэлд онцгой анхаарч, цахим дэвтэр, гар утасны аппликэйшн, сайн дурын даатгалын цахим систем зэрэг олон үйлчилгээг нэвтрүүлсэн жишээг дурдаж болно.
Цаашид дээд шатны байгууллагын бодлого шийдвэрийн хэрэгжилтийг анхан шатанд зохион байгуулахад сумын нийгмийн даатгалын байцаагчдын үүрэг, оролцоо маш чухал” болохыг онцлов.НДЕГ-ын дарга Д.Зоригт хэлсэн үгэндээ “Нийгмийн даатгалын байгууллага Сумын нийгмийн даатгалын байцаагч (ажилтан)-ийн улсын зөвлөгөөнийг 2 жил тутамд зохион байгуулахаар төлөвлөсөн ч цар тахлын улмаас удаа дараа хойшилсон тул технологийн дэвшлийг ашиглан, өнөөдөр ийнхүү цахимаар зохион байгуулж байна. Хүний нөөцийн судалгаагаар сумын байцаагчдын 42 хувь нь 5 хүртэлх жил салбартаа ажиллаж байгаа шинэ залуу ажилтнууд байгаа тул анхан шатны нэгж дээр нийгмийн даатгалын байгууллагыг төлөөлж байгаа эдгээр ажилтнуудаа мэргэшүүлж, чадавхжуулах зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаас нийгмийн даатгалын тогтолцоо, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэн, багц хуулийн төслөө шинэчлэн найруулж буй энэ үед зохион байгуулагдаж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ болж байна” гэв.
Тус сургалтад 330 сум, 12 тасагт ажиллаж байгаа 329 байцаагч ажилтнууд, орон нутгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нар болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд нийт 462 хүн оролцож байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг хуулийн дагуу зөв тогтоон олгох, хуулийн болон цахим үйлчилгээний шинэчлэл өөрчлөлтийг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах, түүнчлэн хуулиар хүлээсэн бусад чиг үүргээ биелүүлэхэд энэхүү 4 өдрийн багц сургалт чухал ач холбогдолтой юм.