"Багшлах эрх олгох, хасах журам"-д санал авч байна.


Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь заасны дагуу багшлах эрх олгох, хасах шинэчлэн боловсруулна. Дэлхий дахинаа аж үйлдвэрлэлийн хувьсгал, дижитал эрин зууны нөлөөгөөр хөдөлмөрийн зах зээлийн дүр төрх эрс өөрчлөгдөж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас 2022 он гэхэд их өгөгдлийн тооцоологч, мэдээлэл технологийн үйлчилгээний ажилтан, шинэ технологийн ажилтан, хиймэл оюун ухаан програмчлалын ажилтан зэрэг нэн шаардлагатай ажлын байрыг тодорхойлж, ирээдүйд нарийн ур чадвараас гадна бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх, харилцааны ур чадвар илүү шаардах ажлын байр шинээр бий болохыг тооцоолжээ. Үүнтэй зэрэгцээд гар ажиллагаа шаардсан олон ажлын байр устаж, цомхотголд орно гэж тэмдэглэжээ. (Future of jobs report 2018. WEF). Ирээдүйн ажлын байранд ажил олгогчдын хүлээлттэй нийцэхүйц ур чадвартай ажилтныг бэлтгэхэд мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа чиглэж, мэдлэг бий болгох, бүтээлч чадварыг нээх, насан туршид сурч боловсрох, хөгжихөд багш гол үүрэг хариуцлагатай ажиллах хэрэгцээ үүсэж байна. Иймээс мэргэжлийн боловсрол, сургалтын багш тухайн мэргэжлээрээ чадварлаг мэргэжилтэн байхаас гадна багшийн олон талт чадамжийг эзэмших, тасралтгүй ур чадвараа хөгжүүлэх, суралцах шаардлага тулгарч байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний үеэр салбарын болон багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, багшийг шинээр бэлтгэх, системтэй хөгжүүлэх, багшлах эрх олгох сургалтыг чанаржуулах, мэргэжлийн ёс зүйг баримтлах талаар олон санал гарч хэлэлцэгдэн багшид тавигдах шаардлагыг оновчтой бөгөөд чансаатай тодорхойлох зөвлөмжийг гаргасан. Дээрх хэрэгцээ, шаардлага, санал, зөвлөмжид үндэслэн одоогийн мөрдөж буй Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/93 дугаар тушаалаар баталсан багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журмаас “Багшлах эрх олгох, хасах журам”-ыг тусад нь салган шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлагатай болсон. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/176 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг нь тус журмын төслийг холбогдох хууль, эрх зүйн баримт бичигт нийцүүлэн 6 зүйл, 30 заалт, 15 дэд заалт, 2 хавсралттай шинэчлэн боловсрууллаа. Журмын төслийг яамны сайтад байршуулан олон нийтийн санал авах түүнчлэн Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 10/3242 тоот албан бичгээр МБСҮМАЗТ, МБС-ын байгууллагуудад хүргүүлэн санал авах ажлыг зохион байгуулсан. Журмын төсөлд 36 МСҮТ, ПК-ийн багш нараас 112 санал ирснийг ажлын хэсэг хэлэлцэн дүн шинжилгээ хийж 56 саналыг журмын төсөлд тусгасан. Журмыг хэрэгжүүлэхдээ хүний эрх, шударга ёс, хуулийг дээдлэх, нээлттэй, ашиг сонирхолоос ангид байх, багшийн тасралтгүй хөгжлийг хангах, багшийн хөдөлмөр, бие даасан байдлыг хүндэтгэх зарчмыг баримтлана. Багшлах эрх хүссэн, олгосон, хассан талаарх мэдээллийн сан үүсгэж, хяналт, үнэлгээний системийг хөгжүүлэхээр шинэчилсэн зохицуулалт оруулсан. Багшлах эрх олгох, хасах үйл ажиллагааны зохицуулалтаар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад багшаар ажиллахад шаардлагатай чадамжийг эзэмших, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх, багшийн мэргэжлийн ёс зүйг баримтлах, нэр хүндийг эрхэмлэх, тасралтгүй хөгжих болон сургалтын олон талт харилцаанд ахиц өөрчлөлт бий болно.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Багшлах эрх олгох, хасах журмын төсөл
Дээш