"ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛ”-ИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ БОГИНО ХУГАЦААНЫ ЗӨВЛӨХИЙН АЖИЛД УРЬЖ БАЙНА.

ҮНДЭСЛЭЛ:
2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг үндэслэн “Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах журам”, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг үндэслэн “Хүүхэд харагчийг бэлтгэх сургалтын жишиг хөтөлбөр”, Стандартчиллын үндэсний зөвлөлийн  2015 оны 11 дүгээр  сарын 26-ны өдрийн 36 дугаар тогтоолоор  “Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6540:2015” стандартыг батлан хэрэгжүүлж  байна.
Монгол улсын хэмжээнд Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2016 онд 2-5 насны 5,496 хүүхэд хамрагдаж улсын төсвөөс 3,8 тэрбум төгрөгийг зарцуулсан. 2017 онд Хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэх зардалд улсын төсвөөс 5,8 тэрбум төгрөгийг баталж, 2017 оны 03 дугаар сарын байдлаар  5,275 хүүхэд хамрагдаж байна.
 Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS6540:2015 стандарт болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт шалгалт хийж, зөвлөмж дүгнэлт гаргах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/174 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Нийслэлийн 6 дүүрэг, Хэнтий, Төв, Дархан-Уул, Орхон аймгийн нийт 29 хүүхэд харах үйлчилгээ үзүүлж буй нэгжүүдэд газар дээр нь очиж, хяналт, шалгалт хийж, зөрчлүүдийг илрүүлсэн.  
Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй иргэд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийг үндэслэн 2-с доош насны хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн, нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоог хэтрүүлсэн, хүүхдийг чанартай хоол хүнсээр хангах боломж дутмаг, хүүхдийн хөгжлийн онцлогт тохирсон тоглоом, наадгай, бичиг хэрэгслийн хүрэлцээ муу, нөөц, чанар, аюулгүй байдал хангалтгүй, хүүхэд харагч нарын хүүхдийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа зохион байгуулах чадавхи сул, хүүхэд харах үйлчилгээний санхүү болон үйл ажиллагаанд эцэг эхийн зүгээс тавих  хяналт,  оролцоо хангалтгүй зэрэг нийтлэг  зөрчлүүд илэрч байв.  
Иймд Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль болон холбогдох бусад  хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6540:2015 стандартад өөрчлөлт оруулах, хүүхэд харагч иргэнд тавих шаардлагыг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгцээ шаардлага байна.

          ЗӨВЛӨХ АЖЛЫН ЗОРИЛГО:
    Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт  оруулах  хуулийн төслийг боловсруулахад энэхүү ажлын зорилго оршино.

    ЗӨВЛӨХИЙН ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ХҮРЭЭ:

  1. Хүүхэд харах үйлчилгээг явуулахад тулгамдаж буй нэн тэргүүний асуудлууд болон  хуулийн хэрэгцээг тодорхойлох:
  • a. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид шинжилгээ хийх;
  • b. Хүүхэд  харах  үйлчилгээний  тухай хууль,  стандартын хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын ажлын болон хэрэгжилтийн тайлангуудад  шинжилгээ хийх;
  1. Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан үе шат, 12 дугаар зүйлийн 12.1-т заасан аргачлал, 13, 14, 16, 17, 18-р зүлийн дугуу Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах;
  2. Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийг  төрийн болон хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй иргэдэд танилцуулах, хэлэлцүүлэх.

НИЙЛҮҮЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮН:

  1. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төслийн танилцуулга;
  2. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлал;
  3. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл;
  4. Өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг тандан судалсан судалгааны тайлан;
  5. Өөрчлөлт оруулах хуулийн төслийн үр нөлөөг үнэлсэн үнэлгээ, тайлан;
  6. Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоолол;
  7. Хууль, тогтоомжийн төслийн элэлцүүлгээс гарсан саналын нэгтгэл;
  8. Зөвлөх ажлын хүрээнд зохион байгуулсан ажлын нэгдсэн тайлан;

ЗӨВЛӨХИЙН УР ЧАДВАР: /СОНГОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД/

  • Бодлогын шинжилгээ, хууль эрх зүй, хүн ам, нийгэм, эдийн засаг, ядуурлын  талаар судалгаа хийж байсан, хуулийн төсөл боловсруулах ажилд оролцож байсан туршлагатай байх;
  • Хууль, эрх зүйн чиглэлийн мэргэжилтэй, магистр түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх;

Гэрээний хугацаа
2017.10.20- 2017.11.20-ны хооронд 1 сарын хугацаанд ажиллана.

Сонирхсон хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлэн, 2017 оны 10 дугаар сарын 18-ны 17.00 цагаас өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 207 тоотод битүүмжлэн авчирч өгнө үү. Үүнд:

  • Уг ажлыг хийх сонирхлыг илэрхийлсэн хүсэлт
  • Өөрийн товч танилцуулга

Илүү нарийвчилсан мэдээллийг 262624 утсаар болон shiileg@mlsp.gov.mn хаягаар авах боломжтой.

 

Дээш