Хүүхэд хамгааллын салбар дундын бүлэг хуралдлаа
uploaded pictureОнцгой байдал, эрүүл мэнд, цагдаа, нийгмийн халамж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, олон улсын хүмүүнлэгийн болон дотоодын төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий “Хүүхэд хамгааллын салбар дундын бүлэг” хуралдлаа.
Хурлаар Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/47 тоот тушаалаар батлагдсан “Коронавируст халдварт /Ковид-19/ цар тахлын үед баримтлах түр журам, зөвлөмж”-ийг танилцууллаа.
Энэхүү журмаар коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед бүх салбарт үйлчилгээ үзүүлэхдээ хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангах, хүүхдэд учрах сөрөг нөлөөллийг бууруулах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцаа зохицуулагдана.
Тухайлбал, цар тахлын үед /Ковид-19/-ын халдвар авч эмчлэгдэж байгаа, ажиглалт тусгаарлалтад байгаа, хүчирхийлэлд өртсөн, эцэг эх, асран хамгаалагч нь хөл хорионд орж, хараа хяналтгүй амьдарч байгаа, эцэг эх, асран хамгаалагчгүй болсон /өнчирч үлдсэн/ хүүхдүүд болон тусгай асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, асрамж, халамжийн газар, дотуур байранд амьдарч байгаа хүүхэд, цагдан хоригдож буй болон сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж байгаа хүүхэд, мөн тэргүүн шугамд ажиллаж байгаа ажилтны болон отроор нүүдэллэн амьдарч байгаа малчдын хүүхдэд шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлэхээр зохицуулагдсан.
Мөн /Ковид-19/-ын цар тахлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, тулгамдсан болон зайлшгүй шийдвэрлэх асуудлаа хэлэлцэж, мэдээллээ солилцлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хүүхэд хамгааллын түр журам батлагдсан хэдий ч хэрэгжилтийг хангахад салбар дундын зохицуулалт, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын эцэг эхийн зөвлөлүүд идэвхтэй ажиллах нь чухал болохыг онцлоод журмаар үүрэг хүлээж байгаа төрийн байгууллагуудад чиглэл, зөвлөмж хүргүүлж, бусад салбар, байгууллагуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, журмыг олон нийтэд энгийн хялбар байдлаар сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангуулах, хамтран ажиллах чиглэлийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар үүрэг болгов.
Таны амьдарч байгаа орчинд хүүхэд хүчирхийлэлд өртсөн, эсвэл тусламж дэмжлэг шаардлагатай байгаа бол Та бүхэн Хүүхдийн тусламжийн 108 утсанд дуудлага, мэдээллийг шуурхай хүргэж, хамтран ажиллаарай.
Дээш