Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг Улсын Их Хурлын чуулганаар батлав
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим хэсэг, заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсан билээ.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.7 дахь хэсэгт заасны дагуу Нийгмийн бодлогын Байнгын хорооноос Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар батлав.
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиар 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, жирэмсэн эхийн тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж, 18 хүртэлх насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх, толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг олгож байна.
Эдгээр тэтгэмжид 2020 оны байдлаар 116,2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнээс хүүхэд асарсны тэтгэмжид 197 мянган эхчүүд хамрагдаж, 90.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Харин энэхүү нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хууль батлагдсанаар 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж авч байсан эх хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эцэгт нь олгох эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн. Уг хуулийн үйлчлэлд 20 гаруй мянган аавууд хамрагдах тооцоолол гараад байгаа юм.