Дэлхийн ур чадвар тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ
Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн энэ сарын 14-19-нд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохиогдоно. Монгол Улс энэ жил мужаан, өрөг угсралт, сантехник, цахилгаан, тогооч, гагнуур гэсэн зургаан мэргэжлээр оролцохоор маргааш хүлгийн жолоо залах гэж байна. Нийт оролцогчдыг үдэн гаргах арга хэмжээ Барилгын политехник коллеж дээр өнөөдөр боллоо.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Д.Тэрбишдагва, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Стефан Дуппел, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн удирдагч Др. Юрген Хартвиг нар болон ХНХЕГ-ын дарга Б.Нямдаваа, ХНХЯ-ны МБСХ-ийн дарга, Дэлхийн ур чадвар тэмцээний Монгол улсын багийн ахлагч А.Халиунаа нар оролцлоо.
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Стефан Дуппел хэлэхдээ "Герман улс мэргэжлийн боловсролын тогтолцоогоор хөгжсөн. Монголын ирээдүй мэргэжлийн боловсролд буй" гэдгийг онцоллоо.
Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох зургаан оролцогчийн гурав нь Герман улсад, хоёр нь БНХАУ-д бэлтгэл хангаад ирсэн. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн удирдагч Др. Юрген Хартвиг "Манай төсөл Монголын 12 мэргэжлийн боловсролын сургууль дээр төсөл хэрэгжүүлж байна. Германы мэргэжлийн боловсролын төвүүдийн жишгээр Монголд Чадамжийн төвийг бий болгох бидний зорилго. Бидний ажлын нэг хэсэг нь Дэлхийн ур чадварын тэмцээний оролцогчдын бэлтгэлийг хангах юм" гэж хэллээ.
ХНХЯ-ны МБСХ-ийн дарга, Дэлхийн ур чадвар тэмцээний Монгол улсын багийн ахлагч А.Халиунаа оролцогчдын бэлтгэлийг хангах ажилд туслалцаа үзүүлсээр ирсэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Оюутолгой компани, Монголын зочлох үйлчилгээний холбоодод талархал илэрхийлээд, "Та бүхний итгэлийг алдахгүй, тэмцээнд амжилттай оролцоод ирнэ" гэдгээ илэрхийллээ.