“Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн Удирдах хорооны хурал боллоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сангийн санхүүжилтээр “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийг НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Уг төслийн Удирдах хорооны хурал өнөөдөр боллоо. Төслийн Удирдах хороог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар хамтран даргалдаг.
Өнөөдрийн хурлаар төслийн хүрээнд 2020 онд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн тайлан болон 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.
Хурлыг даргалан оролцох үеэр сайд А.Ариунзаяа “Манай нийт хүн амын 30 хувийг малчид эзэлдэг. Малчдын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Мөн бид даатгалын багц хуулийг батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү төсөл нь цаг үеэ олсон чухал төсөл учир хэрэгжилтийг эрчимжүүлэхэд илүү анхаарч ажиллана. Цаашид уг төслийг хэрэгжүүлэхэд яамд, байгууллагууд болон НҮБ-ын системийн байгууллагуудын уялдаа холбоог илүү сайжруулж, нээлттэй ил тод байдлаар хамтран ажиллана” гэв.
Хуралд даргалагч нараас гадна НҮБ-ын Хүүхдийн сангийн зохицуулагч Алекс Хайкенс, Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын зохицуулагч Винод Ахужа болон Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс хөдөө, аж ахуйн яам, НҮБ болон бусад байгууллагуудын холбогдох албаны хүмүүс оролцов.
Төслийн 2021 оны үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцэн, батлахаар тохирлоо.